Т. Энхтүвшин: БАРИЛГЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙН УЛМААС ОСОЛ ГАРЧ БАЙНА
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүү, нийгэм хамгааллын хяналтын хэлтсийн дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Сүүлийн үед барилга дээр төмөр унаж, хүний амь насыг хохироож байгаа хэрэг нэлээд гарч байна. Энэ нь юунаас болж байна вэ?
-Барилгын аюулгүй ажиллагааг хангаагүин улмаас осол гарч байна. Зарим нь олон жилийн өмнө баригдсан барилга хүчтэй салхи болон байгалийн үзэгдлээс болж шавар нь унаж байгаа. Харин “Амаро” зочид буудал барилга дээрээс
юу унасан нь тодорхойгүй байгаа.
-Баянзүрх дүүрэгт барилгын дээвэр унасан байгаа. Энэ юунаас болж унасан бол?
-Хувийн гар аргаар барьсан гараашын дээвэр салхинд хийсээд унасан байгаа. Энэхүү гараашын дээвэр унаж, цаана байсан автомашинууд гэмтээсэн. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгах асуудал биш. Мэргэжлийн хяналтын байгууллага зураг төсөл нь баталгааж, ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл авсан болон Улсын комисс хүлээж авсан барилга байгууламжид шалгалт хийдэг.
-”Хүннү “хорооллын барилга дээр ажиллаж байсан залуу унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэхүү хэргийн урьдчилсан дүгнэлт гарсан уу?
-”Хүннү” хорооллын дөрвөн уулын цэцэрлэг барилгын ерөнхий гүйцэтгэгч “Мон-Юу Ми” гэдэг компани. Энэхүү барилгын дөрөв давхарт ажиллаж байсан Т нь бэхэлгээ боолт мултарсны улмаас унасан гэж байгаа. Ер нь тавцангын бэхэлгээний боолт мултарсны улмаас унасан. Үүнийг юунаас болж унасан гэдгийг тогтоохоор холбогдох газрууд нь шалгаж байгаа.
-”Хүннү” хороолол албаны ёсны зөвшөөрөлтэй юу?
-Зөвшөөрөлтэй.
-Барилга барих зөвшөөрлөө хэзээ авсан байсан бол?
-Барилга барих зөвшөөрлийг ерөнхий төлөвлөгөөний газар олгож байгаа.
-Захилагч “Хурд” групп гэж байгаа. Энэ асуудал дээр “Хурд” групп хариуцлага хүлээх үү?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тогтоол гэж байгаа. Энэхүү тогтоол дээр захиалагч ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг асуудлыг тусгаж өгсөн. Захиалагч компани тодорхой хэмжээнд хяналтыг тавьж явна. Харин гүйцэтгэгч компани өдөр тутмын хяналт болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг тогтмол тавих ёстой.
-”Мон-Юу Ми” компани өмнө зөрчил дутагдал гаргаж байсан уу?
-Энэ компанитай холбоотой янз бүрийн осол зөрчил бүртгэгдээгүй.
-Одоо баригдаж байгаа барилга байгууламжууд замтай наалдчихсан байдалтай баригдаж байна. Явган хүний гарц болон нийтийн эзэмшлийн талбай байхгүй болж байна?
-Бид энэ асуудлыг холбогдох газарт нь удаа дараа тавьж байгаа. Эмх замбараагүй газар олголтыг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Дээр дурдсан 75 дугаар тогтоол дээр газар зохион байгуулалтын асуудлыг нарийн тусгаж өгсөн. Шинээр барилга барих зөвшөөрөл авч байгаа тохиолдолд гаднах зохион байгуулалт зургийг батлуулж харж байгаа.
-Энэхүү журам нь хэзээнээс эхлэж мөрдөгдөж эхэлсэн бэ?
-Өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхлээд мөрдөгдөж байгаа.
-Барилгын явуулж байгаа газрууд бага талбай үлдээгээд барилгын ажил явуулаад байгаа. Ер нь гаднах талбайг заасан хэмжээ байдаг юм уу?
-Байдаг. Нийт газрын 30 хүртэлх хувь нь ногоон байгууламж, зам талбай байх ёстой. Үлдэж байгаа зай талбайд байсан барилгыг барих ёстой юм. Газар олголт нь эмх замбааргүй. Мөн жижигхэн зай талбай газар орон сууц, үйлчилгээний зориулалтай газар өгч байгаатай холбоотой юм. Энэ жилээс эхлэж журмынхаа дагуу барилга байгууламж барих газрыг олгоно. Тухайлбал, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг энэ журмаар зохицуулна гэж байгаа. Барилгын үйлдвэрлэлийн талбайн зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зэргийг тусгаж өгсөн. Мөн барилгын гаднах хашаа нь дээр баригдаж байгаа барилгын мэдээлэл, барилга захиалагч, еренхий гүйцэтгэгч компанийн нэр утас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан эрүүл ахуй хариуцсан ажилтны нэр зэрэг байна гээд нарийн зааж өгсөн байгаа.
-Үүнийг мөрдөж байгаа газар байна уу?
-Мөрдөж байгаа газрууд байгаа. Бүх байгууллага аж ахуй нэгж шалгалтыг хийж журмыг мөрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Журмыг мөрдөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Журам зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага буруутай этгээдэд хариуцлага тооцно. Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
-Хөдөлмөр аюулгүй байдлын осол маш их гарч байна. Үүнд танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлээс гарсан журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх барилгын компаниудад журмыг гарын авлага болгох зорилгоор хэвлүүлж өгсөн. Мөн барилгын ажил эхлэхээс өмнө хоёр удаагийн сургалтыг явуулсан байгаа.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: