Амь үрэгдсэн хүүхдүүд аврах хантаазаа хооронд нь холбосон байжээ
Ёнхап агентлагийн мэдээлснээр Чэжү арал орох замдаа осолдсон усан онгоцны аврах ажиллагаанд оролцогсод сураггүй болсон хүмүүс дотор нь байх магадлалтай гэж үзэж буй 3, 4-р давхрын өрөөнүүдэд самналт хийж хэд хэдэн цогцос нэмэж гаргаж авснаар нас барагсадын тоо 181 хүрээд байна. Ингэснээр одоо сураггүй алга болсон хүний тоо 121 болсон байна. Нийт осолдсон 476 зорчигчоос усан онгоцны ахмад болон багийн гишүүдийг оролцуулаад 174 хүн амь аврагдаад байгаа билээ.
Энэ өдрүүдэд цаг агаар харьцангуй тайван байгааг ашиглан эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж, яаравчилж байна гэж албаны хүн мэдээлсэн байна.
Аврагчид живсэн усан онгоцыг татаж гаргахаар ослын газарт гурван ч кран байршуулаад байгаа бөгөөд энэ ажлыг сураггүй бологсодын гэр бүлтэй зөвшилцсөний үндсэн дээр хийх гэнэ.
Аврах ажиллагаа цаг агаар болон далайн нэлээн хүнд нөхцөлд явагдаж байгаа тул аврагчдын бие муудах, агаар дутагдах, хүйтэн усанд удаан хугацаагаар байснаас болж ханиад хүрч хүндрэх, хөл гар мэдээгүйжих, сэтгэл санаа хямрах зэрэг эрүүл мэндийн сөрөг хандлага ихээр гарч байна.
Усан онгоцны багийн нийт 29 гишүүнээс ахмадыг оролцуулаад 20 хүнд хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдэнд хариуцлага алдсан, зорчигчдийг амь насанд аюултай байдалд оруулж, орхисон гэсэн шалтгаанаар яллах юм байна.
69 настай ахмадыг олон нийт маш ихээр зэмлэн буруушааж байна. Усан онгоц хөмөрч, живэх нь гарцаагүй болоод байхад зорчигчдийг байр байрандаа тайван байх, хөдлөхгүй байхыг тушааж, дараа нь өөрөө хамгийн түрүүнд амь аврагдах гарцыг хайсан нь байж боломгүй, ёс суртахуунгүй, өршөөж боломгүй ялтай хүн хэмээн шүүмжлэхэд хүргэж байна. Солонгос ёс заншилд ах захаа дээдлэн хүндэлдэг, ахмад болон албан тушаал дээгүүр, удирдах хүний үгэнд орж өгсөн үүрэг даалгаварыг ягштал биелүүлдэг дуулгавартай дэгтэй байдал нь усан онгоцны ахмадын тушааснаар хүүхдүүд өөрсдийгөө аврах ямарч үйлдэл хийлгүй, улмаар цаг алдаж амиа алдахад нөлөөлсөн гэж олон хүмүүс үзэж байгаа аж.
Тэр байтугай онгоц живж аюултай нөхцөл байдал үүсэхэд анх энэ тухай утсаар мэдэгдэж, тусламж гуйсан хүн нь хөлгийн гишүүд биш, харин 17 настай зорчигч хүү байжээ. Харамсалтай нь энэ хүү амьд гараагүй юм.
Усан онгоц осолдоод хоёрдахь долоо хоногтоо орж байхад үр хүүхдийнх нь цогцос ч болов олдохгүй байгаа, мөн хүүхдүүдийнхээ цогцосыг олсон эцэг эхчүүд түр байрыг орхин явж байгаа нь үлдэж байгаа эцэг эхчүүдэд маш хүндээр тусаж, сэтгэл санаагаар унаж байна. Энэ Баасан гарагаас эхлэн цаг агаар хүндэрч, хүчтэй бороо орох төлөвтэй байгаа, мөн усан онгоц живсэнээс хойш нэг ч хүн амьд гараагүй зэрэг нь сураггүй болоод байгаа хүмүүсийн ар гэрт бүр ч хүндээр тусч байна.
Осолдсон хүүхдүүдийн сурч байсан Данвон ахлах сургууль 7 хоног завсарласны эцэст хичээл эхэлсэн боловч өглөөгүүр төгсөх ангийн 505 хүүхдээс 480 орчим хүүхэд сэтгэл зүйчийн тусламж байнга авч байна. Усан онгоцонд амь үрэгдсэн болон алга болсон хүүхдүүд бүгд энэ сургуулийн 11-р ангийнхан байжээ. БНСУ даяар гашуудал зарлаж, олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй байгаа юм байна.
Энэ золгүй явдал болсонтой холбогдуулан дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байгаа. Хойд Солонгос ч мөн хүйтэн харилцаагаа умартан энэ хүнд өдрүүдэд осолдогсод болон тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ. Хойд Солонгос 2 улсын хилийн аюулгүй бүсээр дамжуулан 2 Солонгосын асуудал хариуцдаг БНСУ-ын Нэгдлийн яамд эмгэнэлийн бичгээ өчигдөр буюу Лхагва гарагт хүргүүлсэн байна.
Осол болоод 7 хоног өнгөрөхөд дэлхийн олон нийт гүнээ эмгэнэж, цахилгаан утас тасралтгүй илгээж байхад огт чимээгүй байсан Хойд Солонгос ийнхүү гэнэт эмгэнэл илэрхийлснийг гайхах хүн олон байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн БНСУ-д өнгөрсөн долоо хоногт хийхээр төлөвлөж байсан айлчлалыг эсэргүүцэж 4 дэхь удаагийнхаа цөмийн пуужингийн туршилтаа хийнэ гэж сүрдүүлж байсан цаг үетэй давхацсан нь олон улсын ажиглагчдийн анхаарлыг татаж байна гэж тэмдэглэжээ.
Мөн Reuters агентлагийн мэдээлж байгаагаар сүүлд цогцос нь олдсон хүүхдүүд бие биенээсээ салж далайд урсахгуйн тулд аврах хантаазнуудаа хооронд нь холбон уясан байжээ.Нэгэн хүү, охин хоёр өөрсдийгөө аврах хантаазаараа бөхөөс бөх холбон уяж, гараасаа чанга атгалцан өнгөрсөн байжээ. Аврагч тэднийг хоёуланг нь гаргаж чадал хүрэхгүй байсан тул уяагий нь тайлж байхдаа “үхсэн ч салахгүй гэж бодож уясныг нь би салгачихлаа гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс минь урсч байсан” гэж Жиндо арлын Kyunghyang Shinmun сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ.
Сураггүй болсон хүүхдүүдэд зориулж бичсэн найз нарынх нь чин сэтгэлийн үгийг уншсан хэний боловч зүрх хайлж, элэг эмтэрч байна. “Би чамтай өчнөөн жил хамт сургуульд явсан ч нэг ч удаа найздаа хайртай гэж хэлж үзээгүй. Хэзээг бүү мэд, гэхдээ чи бид хоёр тааралдах тэр цагт би чамд энэ үгийг заавал хэлнээ”, “Чи бид хоёр хамтдаа зөндөө олон зүйл хийхээр тохиролцсон шүү дээ. Тэгээд яагаад намайг орхиод явчихав аа”, “Үхэл гэж ийм хурдан ирдэг гэдгийг мэдсэн бол хамтдаа өнгөрөөсөн мөч бүхнээ бүр гоё болгох байсан…”, ”Би чамайг ядаж нэг удаа ч болов харахсан, тэврэхсэн, хоёулаа хамтдаа ханатлаа инээхсэн..”, “Найзыгаа аварч хамгаалж чадаагүй намайг уучлаач”, “Энэ харуусал хэзээ дуусах юм бэ, хэзээ?” гэх зэрэг үгсээр дурсамжийн самбар дүүрэн байна.
Ц.Мөнхбаяр
- See more at: http://www.mongolcom.mn/read/6442#sthash.3alDqokm.dpuf
URL: