УИХ-ын чуулганы шийдвэрийг иргэдийн 71,2% нь дэмжсэн байна
Өнгөрсөн пүрэв гарагийн буюу 4-р сарын 17-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж, сайд гишүүдийн давхар дээлийг энэ оны 7-р сарын 1-нээс эхлэн тайлуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг олонхи нь гаргасан.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төслийн талаар УИХ-аас гаргасан дээрх шийдвэрийг иргэд сонгогчид хэрхэн хүлээн авч байгаа талаар улс төр судлаачид, сэтгүүлчид, судалгаа шинжилгээний байгууллагууд өөр өөрсдийн дүгнэлтийг хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болголоо. Гэхдээ аливаа судалгааны дүнг аль нэгэн байгууллага, улс төрийн нам, хувь хүний ашиг сонирхлын үүднээс тайлбарлан хандах нь судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг хувь хүн, байгууллагын ёс зүй, нэр хүндэд хортой гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Стратеги Академиас дээрх асуудлын талаар иргэд ямар санал бодолтой байгааг тандан судлах зорилгоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийт 600 иргэдийн дунд 4-р сарын 18-22-ний өдрүүдэд экспресс судалгааг явуулж, дүнг Та бүхэнд танилцуулж байна.
Нэг. Судалгаанд оролцсон иргэд УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн байдлыг дараах байдлаар үнэлжээ.
Дээрх графикаас харахад судалгаанд оролцсон иргэдийн 71,2% нь Шинэчлэлийн Засгийн газрын сайд гишүүдийн давхар дээлийг тайлж, УИХ-ын байнгын үйл ажиллагаа, ирцийг хангаж, Засгийн газарт тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн зөв зүйтэй шийдвэр боллоо гэж үзсэн байна. Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэрийг судалгаанд оролцсон 10 хүн тутмын 7 нь цаг үеэ олсон зөв шийдвэр төдийгүй нэгэнт УИХ-ын сайд гишүүдийн давхар дээлийг тайлах гэж байгаа бол энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс биш шийдвэр гарч, тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Судалгаанд оролцсон иргэдийн үзэж байгаагаар Засгийн газрын сайд гишүүдийн давхар дээлийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн тайлах нь Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралыг давах, том төрөөс ухаалаг төр лүү шилжихэд их ач холбогдолтой ажил болохыг онцолж байв.
Хоёр. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх үеэр өөрсдийн байр суурийг идэвхтэй илэрхийлж байсан УИХ дахь эрх баригч хүчнүүдийн гишүүдэд судалгаанд оролцогчид дараах үнэлэлт дүгнэлт өгчээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхэд дэмжиж оролцсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Шударга ёс эвслийн Л.Цог, Д.Батцогт (одоо эвслээс гарсан), бие даагч С.Ганбаатар нарыг хариуцлагаа ухамсарласан, засаглалын гажуудлыг засах том эрх ашгаа дээдэлсэн, улс орны эрх ашгийг нэг намын эрх ашгаас дээгүүрт тавьж чаддаг шударга төрийн түшээ гэж судалгаанд оролцогчид дүгнэсэн байна.
Гурав. Судалгаанд оролцсон иргэдээс УИХ-ын нэгдсэн чуулганаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг тандахад дараахь дүгнэлтийг өгчээ.
Манай судалгаанд оролцсон иргэдийн талаас илүү хувь нь буюу 56,8% нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн чуулганаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрөх нь өөрийнх нь санаачилсан том төрөөс ухаалаг төр лүү шилжих ажлын эхлэл болно гэж онцлон үзсэн байна.
Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө эргүүлэн татах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргасан шийдвэрт хориг тавибал өөрийн санаачилсан том төрөөс ухаалаг төр лүү шилжих том ажлаасаа ухарч няцсан, ард түмний итгэлийг алдсан үйлдэл болохыг судалгаанд оролцогчдын 38,7% нь үзжээ.
Нарийвчлан задлан дүгнэвэл судалгаанд оролцсон иргэдийн 9,8% нь Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татах нь зүйтэй, учир нь түүний санаачилж УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл нь Ардчилсан намыг дотор нь хагалж бутаргасан, улмаар улс оронд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэх хүчин зүйл болж байна гэж тайлбарлажээ.
СТРАТЕГИ АКАДЕМИ
URL: