Төрийн банкийг хувьчилж, төр дахин банк байгуулна

turiin_bank(1)Төрийн банкийг хувьчлах тухай бор шувуу нисээд эхэлж. Гэвч энэ бол шинэ мэдээ биш юм. Төрийн банкийг хувьчлах тухай 2011 оноос эхлэн жил бүр яригдаж ирсэн. Төрийн банк нь 2009 оны 11 дүгээр сараас эхлэн 100 хувийн төрийн өмчит банк болон байгуулагдаж байв. Тухайн үед “Зоос” банкийг дампуурахад эргэн төлөлт нь хэвийн яваа зээлүүдийг нь ялган авч, Төрийн банкыг байгуулсан. Харин Төрийн банкийг босгохдоо хэсэг хугацааны дараа эргүүлэн хувьд шилжүүлэх нөхцлийг зааж өгсөн байдаг байна. Олон улсын жишигт ч төр өөрийн мэдэлд байгаа банкаа ямар нэгэн ашиг харахгүйгээр гурван жилийн дотор хувьчилдаг тухай банкны салбарынхан ярьдаг.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төрийн банкийг хувьчлах асуудлыг хэлэлцээд түр хойшлуулахаар болсон. Учир нь төр өмчийнхөө үнэ цэнийг өсгөж, өндөр үнэ хүргэх шаардлагатай байсан гэх. Тухайн үед шинэхэн томилогдоод байсан Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан энэ үүргийг хүлээж, нэг жилийн хугацаанд банкны ашгийг хоёр дахин өсгөх амлалт өгсөн юм. Төрийн банкны өмчийн ялгаа нь бусад арилжааны банкуудаас ялгарах давуу тал нь. Тиймээс ч иргэдэд илүү итгэл төрүүлдэг. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд Төрийн банк төрийнх учраас найдвартай гэсэн мессежийг олон нийтэд хүчтэй өгч, “Төрийнхөө банкинд итгээрэй” гэсэн рекламыг цацаж байв.

Харин эдийн засагчид төр өөрөө хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банктай учраас арилжааны банктай байх шаардлагагүйг дуулгасаар ирсэн. Учир нь Төрийн өмчийн “Хадгаламж” банкийг хувьчлахгүй барьснаар 14 тэрбумыг гарзанд нь гаргасан гашуун түүх бий.

Төр өөрөө арилжааны банктай байж, санхүүгийн зах зээл дээр хамт өрсөлдөх нь зохимжгүйг эдийн засагчид дуулгадаг. үэнэндээ бол аль таолаас нь харсан Төрийн банкийг хувьчлах тухай яриа сайн мэдээ болж таарч байна. Гэвч төр одоо л ухаарч байна гэтэл байдал бүр бишдээд дахин шинэ банк байгуулах тухай ярьж байгаа гэнэ. Бас төрийн оролцоотой Үндэсний баялагийн банкийг байгуулахаар дээгүүр яригдаж эхэлжээ.

П.УНДРАМ Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих