Гадны хөрөнгө оруулагчдыг үргээдэг үлгэр Транс банкны дуулиант хэргээр дуусаасай

хэрэг зөрчилМонголд хөрөнгө оруулалт хийх нь чононд хонь хадгалуулахтай адил ихээхэн аз сорьсон  эрсдэлтэй зүйл гэж гадныхан тээнэгэлздэг болж байгаа нь манай зарим нэг увайгүй улс төрчид болон луйварчин бизнесмэнүүдийн балаг гэхэд хилсдэхгүй.

Гэтэл улс орноо хөгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон гэж үндсэндээ байхгүй. Тэр тусмаа гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй бол өнөө цагт улсын дайтай улс болж, эдийн засгаа урагшлуулна гэдэг боломжгүй зүйл хэмээцгээж байна.

Харамсалтай нь итгэл өвөртлөж мэдэхгүй бидний амьдрал тамын тогооны үлгэр шиг нэг л янзаараа дээшээ ч гарахгүй, дээрдсэн нэг нь атаа хорслын аадарт шүүрэн шанага болтлоо чичлүүлэх… Бид амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж араас нь хар толгойгоо зүхэж суух олон ч боломжийг бид алдсан байх.

Дэлхийд алдартай “Bloomberg” агентлаг Монгол улсыг шорон улс гэж нэрлэсэн талаар шуугиж байна. Тэдний сурвалжлагч Michael Kohn, Yuriy Humber нар Монголыг дэлхийн хамгийн том шорон хэмээж  “Монгол орныг гадаа­дынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаа­дынхан  Монголыг арай өөрөөр мэддэг болж бай­на. Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүү­лийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг “түлхэх” болсон…” гэх зэргээр бичжээ.

Тэд Монголын зарим бизнесмэнүүд болон улс төрчдийг “бизнес хийнэ гэдгийг луйвар хэмээн ойлгодог”, эрх мэдэлтэн, албан тушаалтныг нь авах идэхийн хэт шуналтай гэж дүгнэж байна цаана чинь…!

Үүнтэй төстэй захын нэг жишээ дурдахад “цагаан захтай луйварчин” хэмээх хоч зүүгээд байгаа Транс банкны хувь эзэмшигч гэгддэг Д.Энхтайвангийн түүх байна. Учир нь мань эр гадаадын хөрөнгө оруулагч татаж, гадны захирал залж банкаа тордож аваад нөгөө хөрөнгө оруулагчдаа хавчин хяхаж, хууль цагдаагаар сүрдүүлсээр эх орноосоо хөөсөн гэх дуулиан.

Амин хувийн ашгаа бодож ард олныг хохироон хуулиа дэвсэлж хөрөнгө оруулагчдыг луйвардах энэ мэт увайгүй нөхдийн урагшгүй явдлаас болж эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ тулчихаад  байгаа нь нууц биш. Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг.

Тиймээс л хөрөнгө оруулагчдийн замналыг зөв чигт нь зүглүүлэх талаар анхаарч өгөхгүй бол Транс банкны луйвар шиг гадны хөрөнгө оруулагчдыг үргээдэг булхай үргэлжилсээр хөгжил манатай “ялзрал” монголын эдийн засагт буглах биз.

Азтай

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих