“ХҮННҮ” ХОРООЛЛЫН БАРИЛГААС ХҮН УНАЖ НАС БАРАВ
Хан-Уул дүүрэг дэх “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, нас барсан хэрэг гарлаа. Уг осол өчигдөр 10:00 цагийн үед гарсан байна. Талийгаачийг таван давхарт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан аж. Харин түргэн тусламжийнхан 12.20 цагт ослын газарт очжээ. Эх сурвалжийн мэлээлснээр талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан аж.
Түргэн тусламжийг цаг алдаж дуудсан байна лээ
Талийгаач Т-гийн нагац эгч Ц.Жалхаасүрэнтэй уулзаж дараахь асуултанд хариулт авлаа.
-Осол юунаас болж гарсныг мэдсэн үү?
-Тус барилгын компанийнхан бэхэлгээний бүсийг ажилчиддаа тараасан юм билээ. Үүнийг нь дүү маань гэртээ авч очсон. Талбайн инженертэй нь уулзан энэ тухай хэлэхэд манайх номер нэг хамгаалалтын бүс хэрэглэдэг. Бүс тасраагүй. Тэр бүс нь боолтгүй байсан гэж хэлсэн. Боолтгүй бэхэлгээний бүснээс болоод л миний дүү таван давхраас дөрвөн давхрын бетонон хавтан дээр нүүрээрээ доошоо хараад унахад хамраас нь цус олгойдож байсан талаар тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлж байгаа. Тийм байдалтай байхад талбайн инженерүүд нь хөдөлгөөд дээш нь харуулаад тавьснаас болж амьсгал хураасан байна лээ. Хан-Уул дүүргийн цагдаа нар осол болсон хэсгийг хамгаалалтад аваад ар гэрийнхнийг нь дотогш нь оруулахгүй байна. Аав нь ороод хүүгээ нэг харья гэхэд шинжээч нар явж байгаа гээд оруулсангүй. Тэгсэн тэнд ямар ч шинжээч байгаагүй.
-Яаралтай түргэн тусламж хэдэн цагийн үед ирсэн бэ?
-Осол 10:00 цагийн үед гарсан. Гэтэл түргэн тусламж осол болсноос хойш бараг хоёр цагийн дараа ирсэн.
-Та талбайн инженертэй нь уулзсан уу. Тэд ослын талаар ямар тайлбар өгч байна вэ?
-Уулзсан. Тэд чухам юу болсныг мэдэхгүй гэсэн. Дүүг минь хамгийн сайн ажилчдынхаа нэг гэдгийг л хэлж байна.
-Талийгаач энэ компанид хэдэн жил ажилласан юм бол. Эхнэр, хүүхдүүд нь хаана байгаа вэ?
-Зургаан жил ажилласан. Миний дүү “Үми” компанийн мужаанаар их олон жил ажилласан. Эхнэр хоёр хүүхэд нь Говь-Алтай аймагт байгаа.
Аюулгуй ажиллагааны заавар зввлагааг өглөө бөр өгдөг
Хүннү хорооллын барилгыг “Хурд” группийн захиалгаар “Мон Үми” гэдэг компани гүйцэтгэж байгаа юм байна. Осол гарсан барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Мон-Үми” компанийн захирал Л.Мөнгөн-Оргилоос дараахь зүйлийг тодрууллаа.
-Түргэн дуудаагүй цаг алдсанаас болоод хүний амь эрсэдлээ гэж байна. Үнэн үү?
-Цаг алдалгүй түргэн дуудсан.
-Осол юунаас болж гарсан вэ?
-Ослын шалтгааныг эцсийн байдлаар тогтоогоогүй. Цагдаагийн бүрэлдэхүүн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
-Ар гэрийнхэн нь талийгаачийн зүүж байсан аюулгүйн бүс нь тасарснаас доош унаж амиа алдсан гэж байна?
-Осол болоход би талбай дээр байгаагүй. Тиймээс тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна.
-Танайх ажилчдынхаа хөдөлмөр аюулгүйн ажиллагааны горимыг шалгаж, зөвлөгөө өгдөггүй юмуу?
-Өглөө болгон шуурхай хийж хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгдөг. Талбай дээр аюулгүй ажиллагааг хангах үүднээс бүс, туслах хэрэгслүүдээр хангадаг юм. Хөдөлмөр хамгааллын инженер, талбайн ажилчидтай цуг ажилладаг.
Н.Алтанцэцэг /Нийслэл таймс/
URL: