АТГ-Т САЛХИ ОРУУЛЪЯ

АТГАвлигатай тэмцэх газарт салхи оруулж, алба хаагчдыг нь чадваржуулъя. Тэгэхгүй бол энэ газрыг тойрсон гомдол, санал тасралтгүй хөвөрч, Олон улсын “Транспаренси интернэшнл” байгууллагаас сүр дуулиан болгон “Монгол Улс 177 орноос 83 дугаар бичигдэн 11 байраар урагшилснаар авлигын индексийг бууруулж чадлаа” хэмээн сүр дуулиантай зарласан мэдээлэл хараар будагдаж мэдэх нь.

Учир нь өчигдөр л гэхэд энэ байгууллагаас болж, хаана хэнд хандахаа мэдэхгүй байгаа хоёр эмэгтэй мэдэгдэл хийв.
Тэдний ярианаас нэг зүйл анзаарагдсан нь Монголын нийгэмд хэнээс ч гуйхгүйгээр өөрсдийн бизнес, ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг АТГ гэх хадны мангаа гэнэт гарч ирээд баривчлан саатуулсан. Гэр бүлийнх нь гишүүдийг дарамталсан, мөрдөж мөшгисөн, хамгийн гол нь АТГ-ын алба хаагчид гэмт хэрэгтэн хэмээн сэжигтнээр татагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тэднийг ямар үндэслэлээр барьж хорьсон тухайгаа огт мэдэгддэггүй, шорон хэсүүлэн дарамталсан гэх адил утгатай мэдээлэл анхаарал татаад байгаа юм.

Мэдээж АТГ-аас хэн нэгнийг шалгах улмаар барьж, хорих шаардлагатай гэж үзвэл хууль эрх зүйн хүрээнд ямар ч арга хэмжээ авч болно. Онц шаардлагатай гэж үзвэл хэдэн сараар хорьж саатуулж болно. Энэ бол тэдэнд хуулиар олгогдсон эрх. Гэхдээ тэдэнд хүний эрхийг дээдлэх үүрэг гэж бий. Ямар ч асуудлыг, ямар ч хэргийг хуулийн хүрээнд шалгах, ингэхдээ хүний эрхийг дээдлэн ажиллах ёстой. Энэ тухай Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт бүхэлд нь заагаад өгчихсөн байдаг. Гэтэл манай хуулийнхан эцэг хуулийг умартан байж хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд байгаа тухай өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өгсөн “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын гэр бүлийн хүн батлан ярив.

Түүний өгүүлснээр АТГ-аас Х.Анхбаярыг саатуулан шалгаад арван сар болж байгаа ажээ. Гэвч өнөөдрийг хүртэл ар гэрийнхэнд нь ямар үндэслэлээр саатуулан шалгаж буйгаа тодорхой мэдэгдээгүй бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан гэх бүдэг бадаг мэдээллийг өгсөн ч энэ нь ямар ч үндэслэлгүй, үүнийг нотлох баримт хангалттай бий хэмээсэн  юм.

Харин  энэ тухай Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Баярмаа тайлбарлахдаа “Шүүхийн шийдвэр ямар байх ёстой вэ гэдгийг Улсын Дээд шүүхийн 21 дүгээр тогтоолоор маш тодорхой зааж өгсөн. Тодруулбал, Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хорьж байгаа үндэслэл тодорхойгүй байна. Тэд “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор” гэдэг тайлбар өгдөг. Гэтэл мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа энэ тайлбарт өөрчлөлт орохгүй байгаа. Уг нь бүх нотлох баримтыг хурааж аваад мөрдөн байцаах ажиллагаа дууслаа хэмээн хэргийн материалтай танилцуулсан. Энэ нь “хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх” гэдэг үндэслэл шаардлагагүй болсон гэсэн үг.

Гэвч Х.Анхбаярыг үргэлжлүүлэн хорьсоор л байна. Хуульд цагдан хорихоос гадна таслан сэргийлэх арга хэмжээ авах янз бүрийн арга бий. Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдох дээрх хугацаанд таслан сэргийлэх өөр төрлийн арга хэмжээ авч болохоор байхад өөрчлөхгүй байгаа нь ямар нэгэн гадны нөлөөлөл, учир шалтгаан бий байх гэсэн таамаглал төрүүлж байна” гэсэн тайлбарыг өгч буй нь манай хуулийн байгууллага бусдын гар хардаг, ялзарсан тогтолцоотой болсон гэдгийг харуулж байгаа юм.

Харин энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр гэх эрхэм Түүнийг шалгаж байгаа. Тэрбээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 тусгай зөвшөөрлийг худалдан авсан. Гэтэл дээрх лицензүүдийг цуцлах шийдвэр гарсаар байтал ажилтнуудтай нь хуйвалдан сунгуулсан. Төрийн албан тушаалтантай холбогдон мөнгө угаах хэрэг үйлдэж байгаа” хэмээсэн бөгөөд түүнийг хорих анги дамжуулан хорьсон тухайгаа “Бид эхний ээлжинд Төв аймагт хорьсон. Шалтгаан нь түүний хэрэгтэй холбоотой хүмүүс нь 461 дүгээр ангид хоригдож байсан. Хэл ам авалцах гээд байсан. Тиймээс Төв аймагт хорьсон ч захиа өгч мэдээлэл дамжуулаад мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Иймээс Зүүнхараагийн хорих ангид шилжүүлсэн. Энэ байдал мөн л давтагдсан” гэсэн ядмагхан тайлбарыг өгч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангийнхан хүмүүсийг хянаж, цагдаж чаддаггүй, цагдан хоригдож буй хүмүүстэйгээ найзан дундаа орж мэдээлэл   алддаг   гэх   утгатай зүйлийг ярьж байгаа юм.

Харин Х.Анхбаярын ар гэрийнхэн нь энэ бол ташаа мэдээлэл хэмээгээд, “АТГ-ынхан шалгаж болно, хамгийн гол нь хүний эрх бүү зөрч” хэмээн сануулж байна.

Түүнчлэн Х.Анхбаярын ар гэрийнхэнтэй яг адил буюу АТГ-ынхан ажлаа хийж чадахгүй улмаар бусдыг дарамтлаад байгаа тухай бас нэг баримттай мэдээлэл нь Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарын гэр бүлийн хүний өгсөн ярилцлага. Ч.Мандахын өгүүлснээр АТГ-аас нөхрийг нь гэнэт баривчилсан, ямар хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хэлээгүй, улмаар өөрийг нь болон гэр бүлийнх нь гишүүдийг АТГ-ынхан дагаж мөрддөг, сэтгэл санааны хүнд дарамтад яаж оруулж буй талаар тодорхой, баримттай ярьсан байна билээ. Түүний өгүүлснээр хурандаа Д.Цоггбаатарыг мөн л хорих анги хэсүүлж, дарамтлах, сэтгэл санааны хүнд байдалд оруулах гээд зохион байгуулалттайгаар энэ бүх ажлыг хийгээд байгаад эгдүүцэж буйгаа дуулгажээ.

Иймээс л АТГ ямар ур чадвартай ажилтнуудаар хүч сэлбэсэн болоод хүмүүсийг дарамтлаж, гэр бүлийнхнийг нь хүртэл мөрдөж шалгаад байгаа нь гайхшрал төрүүлж байна. Эцэст нь өгүүлэхэд яг энэ хоёр эмэгтэйтэй адил гомдолтой хүн маш олон байна. Бизнес эрхэлдэг хүмүүсийг ээлж дараалан хорьсон, шахаж дарамталсан, мөнгө нэхсэн гээд л.

Иймээс л ажлаа хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд буй АТГ-т салхи оруулж, мөрдөн байцаагчдыг нь мэргэшүүлэх, чадваржуулах удирдаагуудыг нь улс төрөөс, улстөрчдөөс хараат бус болгомоор байна. Магадгүй ингэж хэллээ гээд АТГ-ынхан “Бид хуулийн хүрээнд ажиллаж байна” хэмээн өөрсдийгөө өмөөрч болно. Тэгвэл АТГ-ынхан хууль зөрчиж, хүний эрхэнд байгааг нэг бус нэлээд олон хүн, Ерөнхий сайдаасаа эхлээд нотлоод байгаа нь энэ байгууллагад “но” буйг илтгэж буй юм.

Т.ТАМИР /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих