ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН Л ЭДИЙН ЗАСАГТ ХУВЬСГАЛ ХИЙЖ ЧАДНА

эдийн засагЯг энэ цаг үеэр монголчууд олон юмыг мэдэрч байна. Газрын баялагтай байх нь сайхан.
Гэхдээ бид олборлогч болохоос боловсруулагч биш. Ингэхээр энэ үнэ ханш гадаад зах зээлээс хамаардаг. Бас газрын баялагтаа эрдээд эдийн засгийн бусад салбараа орхигдуулж болдоггүйн том сануулга ирлээ. Энэ бүхэн эдийн засгийн сааралтаас бидэнд үлдэж буй сургамж, дохио юм. Үүнээс үүдээд өнөөдөр үйлдвэржилтээр амьсгалж эхэлж байна. Олз нь энэ болох байх. Импортын хэт хамаарлаас гарах гарцыг үндэсний үйлдвэрлэгчид л нээж өгч чадна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монголдоо бүтээх уриа дуудлага түлхүү сонсогдож байгаад талархах ёстой байх. Засгийн зүгээс үг яриагаар бус үйл хэргээрээ дэм болох алхмууд хийгдэж эхэлсэн нь бүр талархууштай.

Үүний нэг жишээ нь үйлдвэржилтийг дэмжих төсөл сонгон шалгаруулж, хөрөнгө мөнгөөр дэмжье гэж байна. Засгийн газраас зарласан шалгаруулалтад 1151 төсөл иржээ. Эдгээрээс сонгон шалгаруулалтаар 888-ыг нь шигшиж, ирэх долоо хоногоос санхүүжилтийг нь олгож эхлэх сураг дуулдаж байна. Энд нийтдээ 7.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 4.2 их наядын зээлийн хүсэлт ирсэн хэмээн мэдээлж байгаа. Нийт төслүүдэд шаардлагатай санхүүжилтийн гуравны нэг хүртэлхийг Засгийн газрын эх үүсвэр болох “Самурай”, “Чингис” бондоос гаргах юм байна.

Тооцож буйгаар 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна нийт төслүүдийн үр ашиг 4.5 жилийн дотор гарна гэжээ.

Хэрэгжиж, хэлсэн ярьснаараа болбол 888 үйлдвэр гэдэг тоо талаасаа чамлахааргүй. Харин энд чанар, үр ашиг гээд яривал арай өөр дүр зураг харагдаж мэдэх юм. Лавтайяа сонссоноос энэ “шилдгүүд” дунд үхрийн фермийн 200 орчим, барилгын материалын мөн өдий тооны, вакуум цонх хаалганы 10 гаруй төсөл бий гэх сураг байгаа. Шинэ сэргэг, оюуны багтаамжтай, эсвэл өндөр технологийн төсөл хэд байгааг хэлж мэдэхгүй.

Өнөөдөр дэлхий ертөнц глобалчлагдсан, энэ утгаараа “нэг үхрийн эвэр цохиход мянган үхрийн эвэр доргидог” болсон. Ялангуяа эдийн засгийн салбарт. Аливаа орны эдийн засгийн төлөв байдал сулрах үед авч гардаг зүтгүүр нь үндэсний томоохон үйлдвэрлэгчид гэдгийг судлаачид онцолдог. Зүйрлэвэл, манай “Эрдэнэт”-ийн багцааны хэдэн үйлдвэртэй байхад ямар ч эрсдлийг дажгүй даваад улсаа, иргэдээ хямралын шуурганаас халхлаад өнгөрөх бяр чадалтай байдаг аж. Хэрэв энэ жишгээр авч узэж, ийм өнцгөөс нь харвал томоохон төслуүдээ түлхүү дэмжих гаргалгаа харагдана.

Ерөнхий сайд асан Д.Содном гуай хэд хоногийн өмнө телевизээр ярьж байна. Түүний хэлснээр МАК-ын хэрэгжүүлж байгаа Дорноговь аймгийн нутаг дахь Хөх цавын цементийн үйлдвэрийг ялихгүй хөрөнгө мөнгөөр дэмжээд өгвөл энэ ондоо багтаж ашиглалтад орохоор байгаа гэнэ. Дэлхийн хамгийн шилдэг технологи бүхий энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.0 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Ингэснээр дотоодынхоо хэрэщээг бүрэн хангаж, илүү гарсныг нь экспортлох боломжтой. Хөхцавын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор жилд 120 сая ам.долларын импортыг хаана гэж байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгө Монголоос гарах урсгалыг хааж байна гэсэн үг. Энэ мэт бүтээн байгуулалт нь эхэлчихсэн, үр ашигтай өөр томоохон төслүуд байж л таарна.

Тэдгээрийг эхний ээлжинд дэмжиж, үйл ажиллагааг нь эхлүүлчихвэл зэлэн дээрээ хэдэн тугалтай үнээ уячихсан малчин лугаа болно. Саалийн ганц гэгддэг “Эрдэнэт”-тэй маань хүч хавсарч эх орны эдийн засагт хүч нэмнэ шүү дээ.

Өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөөр Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төслийг 14 сая ам.доллараар дэмжсэн. Ингэснээр барилга угсралтын ажил улирлын хамаарлаас гарахаас гадна жилд 150 мянган шоо метр барилгын угсармал хавтан үйлдвэрлэнэ. Үйлдвэр энэ онд багтаж ашиглалтад орох гэж байна.

Монголд үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэр хөгжих хучин зүйлийн нэг нь Сайншанд, Багануурын аж үйлдвэрийн парк болно гэсэн хүлээлт буй. Дуулдаж буйгаар энд гангийн үйлдвэр, нүүрсбаяжуулахгэхчлэн томоохон төслүуд яригдаж байгаа гэсэн.

Ер нь төр засаг нь дэмжээд өгвөл хувийнхан эдийн засагт хувьсгал хийж чадах нь тодорхой.
Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх өөр нэг хувилбар нь концессийн гэрээ болж байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг QSC компанид 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэх концессийн гэрээг байгуулжээ. Энэ хугацаанд тус компани нийт 700 сая ам.долларын хөрөнгө оруулж, хүдэр баяжуулах болон ангижруулсан төмрийн үйлдвэр барихаас гадна төмөр зам тавьж, техник, технологийг нь шинэчилнэ гэж байна. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадал зургаа дахин өсч, 300 мянган тонн ган үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн 60 төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүлнэ гэнэ.

Төрийн гэсэн том малгай дор хувааж хүртдэг, үнэгүйдүүлдэг явдлыг таслан зогсоох шилдэг аргын нэг нь энэ концессийн гэрээ байх магадлалтай. Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх дараагийн нэг том бүтээн байгуулалт нь Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам байх нь.

Энэ тухай дурдахын учир гэвэл томоохон бүтээн байгуулалтуудаа турүүлж дэмжье гэсэн санаа юм. Ингэвэл эргээд эх орны эдийн засагт унах унац нь арвин, үндэсний үйлдвэрлэл хөгжих томоохон даацтай суурь болж өгч байгаа юм. Үүнийг дагаад ханган нийлүүлэгчдээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаа дагуулж хөгжүүлэх бэлээхэн боломж бүрдээд ирнэ. Ингэж л төсөөлөгдөж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “888 төслөөс олонх нь барилгын материалын үйлдвэрлэл багтаж байна” гэж хэлж байсан. Ингэснээр барилгын үнэ буурна гэж тооцож байгаа аж. Харин тэдгээр нь ямар үйлдвэрлэл болох нь тодорхойгүй. Одоогоор тоосго, блокны борлуулалт лав буурсан. Хөнгөн блок, замаск, шохой, эмульс, дулаалгын хөвөн, хөөсөнцөр мэтээ дотооддоо үйлдвэрлэж байгаа. Тэр ч байтугай эх орны үйлдвэрийн паркетан шал худалдаалагдаж буй. Хүрэлцээ хангамж нь харин хэр байдгийг хэлж мэдэхгүй. Вакуум цонх, хаалганы хар мянган үйлдвэр бий. Үйлдвэр олшроод үнэ нь буурдаг бол сайн л байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ 888 төслийг “дампуу” хэмээн тодорхойлсон. Түүнээс гадна 888-ын цаана УИХ-ын гишүүдийн цөөнгүй төсөл явж байгаа гэсэн хар сэр бий. Энэ төслүүдийн шалгаруулалтыг маш хариуцлагатай хийх учиртай. Зээлийн эх үүсвэр бондоос гарч байгаа ч арилжааны банкуудаар дамжин олгогдоно. Тийм болохоор банкуудын хатуу шалгуурыг бас давах хэрэгтэй болж байна. Магадгүй эндээс 888 бус, найм нь шалгуур давж мэдэх юм.

Аливаа шийдэлд сонголт, дэс дараалал, давуу тал гэж буй. Энд жижиг дунд үйлдэрлэлээ хөгжүүлэх гэсэн санал санаачлагыг мохоож үгүйсгэж байгаа хэрэг огтхон ч биш бөгөөд ач холбогдол, улсын эдийн засагт үзүүлэх жин бан, төсөвт оруулах хувь хэмжээ, эрэмбэ зангараг зэргийг нь харгалзан хамгийн оновчтой дарааллаар хандаасай гэсэн санаа юм.

 

П.ЯДАМДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих