Баз улс төр
УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээсээ гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Энэ хүн 2012 онд “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж гишүүн болсон юм. Д.Батцогт 2006 онд ГЕГ-ын дэд даргаар томилогдож олонд танигдаж байсан эрхэм.
Өмнө нь нохой устгадаг “Нөөц” ХХК-д менежер, хувийн компани болон гаалийн байгууллагад ажиллаж ирсэн. 1995 оноос М.Энхсайханыг даган, улмаар түүний нэр нөлөөгөөр ГЕГ-ын дэд даргаар томилогдож чадсан байдаг. 2008 онд албан тушаалаасаа мултарсны дараа одоо УИХ-ын гишүүн болоод байгаа Г.Уянгатай хамт “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэгчийг байгуулан ажилласаар 2012 онтой золгожээ. Энэ нь бас л М.Энхсайханы оролцоо, заавраар хийгдэж байсан ажиллагаа хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг. Мөн 2012 онд М.Энхсайхан МҮАН-аа МАХН-тай нийлүүлэн “Шударга ёс” эвслийг байгуулж сонгуульд оролцсон нь амжилт дагуулж, бас ч гэж цөөн хэдэн гишүүнтэй болж авсан. Нэг нь Д.Батцогт болсон хэрэг. Ингэээд үзэхээр Д.Батцогт гишүүний ажил, амьдралын амжилтуудыг М.Энхсайханаас салгаж ойлгох аргагүй юм.
Харин тэр өнөөдөр УИХ дахь бүлгээсээ албан ёсоор татгалзаж, сул гишүүн болсноо сүр дуулиантайгаар зарлаад байна. Ингэхээр саяхан авсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын албаа үргэлжлүүлэх эсэх талаар яригдаж магадгүй бололтой юм.
Ийн гудамжнаас төрийн түшээ болтол суга татуулж явсан тэрээр М.Энхсайханы мэдлээс гарч байгаагаа зарласан нь олон асуулт дагуулж байгаа. Гэхдээ тэр бүхэнд нэг л хариулт байгааг эх сурвалжууд хэлээд эхэллээ.
Д.Батцогтын энэ “зоригтой” шийдлийн ард баз хүргэн С.Бямбацогт нь байгаа гэх хардлага олон хүний амнаас гарч байна. С.Бямбацогт нь Д.Батцогтыгоо бодвол туршлагатай улстөрч гэгдэнэ. “Нью прогресс”-ийн захирлаас УИХ-ын гишүүн болж томроод гурван ч парламентын нүүр үзэж байна. Одоо бол УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч. Яг үнэндээ МАН доторх Хотын фракцийн толгойлогч, намын дарга М.Энхболдын Их хурал дахь бамбай болон сууж байгаа эрхэм. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын өмнөөс дуугардаг гэсэн үг. Тэр хэрээрээ М.Энхболдын өмнөөс хар бор нэр дуулж эхлээд байгаа. Гэхдээ тэр үүндээ юм боддоггүй. Одоогийн албаа нэр төрийн хэрэг гэж үздэг. МАН доторх өөрийн байр суурийг баттай боллоо гэж үзэн баз хүргэнээ ч намдаа авч, өөд нь татах арга хэмжээ авч эхэлсэн нь биеллээ олж буй нь энэ.
Нэг үгээр хэлбэл, Д.Батцогт сая бүлгээсээ гарлаа, удахгүй намаасаа гарч МАН-д элслээ гэхэд гайхад байх зүйлгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрээр МАН-ыг зүгээр нэг зорихгүй нь тодорхой. Баз шигээ бүлгийн дарга биш юм гэхэд дор хаяж М.Энхсайханы өгч байсан шиг ГЕГ-ын дэд даргын хэмжээний юмыг М.Энхболдоос нэхэж таарна даа.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: