МАХН-ын генсек Г.Шийлэгдамба: МАН 2016 онд олонх боллоо гэхэд давхар дээлгүй байх байр сууриа хадгалана гэдэгт эргэлзэж байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Гамбир хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэр түүнээс сэтгүүлч намынх нь болоод хувийнх нь байх суурийг ухаж төнхөж, ёжтой егөөтэй асуултаар булах шиг болов. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашдгийг болиулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан нь намынхаа даргыг цагаатгах арга зам байсан эсэхэд хариулт авчээ. Үүнд тэрээр хариулахдаа, “Хүмүүст хардах эрх нь бий л байх. Харин бидний хувьд тийм зүйл байхгүй” гэдгийг онцлоод Шударга ёс эвсэл өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж чадаагүй гэдгийг шулуухан хэлэв. Мөн тэрээр, “Нэгэнт л гамбирдуулж байгаагаас хойш шулуухан хэлье. Засгийн газарт хариуцлага тооцох гарцыг цөөнх гаргаж тавих ёстой. Харин үүнийгээ тодорхой хүмүүсийг огцруулах байдлаар ярьж байгаа нь улс төрийн өөр зорилго явж байна” гэв. Шулуухандаа бол 2016 онд МАН олонх боллоо гэхэд өнөөдрийн давхар дээлийг тайлуулах байр сууриа хэвээр хадгалж чадах эсэх дээр эргэлзэж байгаагаа хэлэв.
Мөн Шударга ёс эвслийн бүлэг задрах гэж байгаатай холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Олны дунд МҮАН эвслээс албан тушаал хуваахад шальтай юм хүртээгүй хэмээн гомдоллож, тарж бутрах тухай яриад эхэллээ гэдэг шуум явж байгаа. Ийм нөхцлөөр гомдоллож байгаа бол энэ тухай яриа байж болохгүй талаар Г.Шийлэгдамба хэлсэн байна. Хэрэв МҮАН үнэхээр дээрх шалтгаанаар албан тушаалын бялуугаа чамлаж эвслээ тараах дээрээ тулж байгаа бол МАХН-ын зүгээс жишим ч хийхгүй нь бололтой.
Шийлэгдамба “сөрсөн базаа” хийв
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Гамбир ток шоунд уригдаж оролцжээ. Энэхүү нэвтрүүлгийг санаачилагч, сэтгүүлч Пүрэвням болон Сумъяа нар хөтлөн явуулдаг бөгөөд тэд энэ удаагийн “гамбирдах” эрхмээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон байна. Г.Шийлэгдамбын тухайд хийгүй улстөрчдийн нэг гэдгээрээ олонд танигдсан байдаг. МАХН дахин шинээр байгуулагдахад тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд суусан. Тэр цагаас хойш түүний тухай яриа хэвлэл мэдээллийн гол сэдэв болж хувирсан. Сайнаар ч тэр, саараар ч тэр. Сайнаар яривал хүнд хэцүү цагт МАХН-ыг хөл дээр босогоход гар бие оролцож даргынхаа эзгүй он жилүүдэд гал алдчихгүй яваа сүүхээтэй нэгэн гэх. Муугаар яривал Н.Энхбаярын улаан хамгаалагч гэхээс өөр өө сэв тун бага. Ийм нэг улстөрчийг гамбирдах гэж оролдоод тус сэтгүүлчид өөрсдөө гамбирдуулж, хошин шогийнхны хэлдгээр “сөрсөн базаа” хийлгэсэн байна. Тэрээр, “гамбирдвал гамбирдсан шиг гамбирд. Гэхдээ та нар чадах уу” гэсэн шиг хэлэмгий доломгой байж чадсаныг тус нэвтрүүлгийг үзсэн үзэгчид өвөр зуураа ярилцаж байна шүү.
URL: