Викилийкс сайт Монголын тухай ээлжит нийтлэлээ дэлгэлээ

Америк болоод нөлөө бүхий улсуудын гадаад бодлогын нууцыг ил болгосон далд айлчлал, нууц уулзалт, хуйвалдааны тухай 250 мянга гаруй мэдээ баримтыг нийтэд дэлгэж,  дипломат яриа хэлэлцээр гэдгийн  цаана үнэн чанартаа юу байдгийг “илчилсэн” Викилийкс сайтын үйл ажиллагааг зогсоохыг хүсч буйгаа Америкийн Хууль Зүйн Яам мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөв.

Улс орных нь засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой нууц баримтуудыг  дэлхий дахинд тарааж байгаа Викилийкс сайтын “ам”-ыг барихыг Америк гүрэн  хүссэн ч,  тус сайт Америк болоод бусад улс орнуудтай холбоотой мэдээллүүдийг хүргэсэн хэвээр л байна. Сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Их Британид баривчлагдаж  Лондон дахь Вандсвортын шоронд ес хоног хоригдсоны дараа шүүхээс Швед рүү шилжүүлэх шийдвэрийг сонссон юм. Өмгөөлөгчид нь  Америкийн тал Шведээс Ассанжийг нэхэж, эцэст нь цаазын ял оноож болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлж байсан ч, өнөөдрийн тухайд тийм мэдээлэл байхгүй байгаа юм.

Харин Викилийкс сайтын материалууд олонд хүрсэн хэвээрээ байна гэдгийг дээр өгүүлсэн.  Тус сайт өнгөрөгч оны сүүлийн сард Америк улстай холбоотой олон нууц материал дэлгэсний дотор   Умард Солонгос,  АНУ-ын уулзалтанд Монголын төлөөлөгч зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох талаар ярилцаж байсан тухай  баримтыг дэлгэсэн. Тэгвэл энэ удаад Канадын Худалдааны сайдын Монголд айлчилсан талаарх, тэрбээр Монголын улстөрчидтэй хэрхэн харилцсан, ямар дүгнэлт хийгээд буцсан талаар бичжээ. Мөн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой зүйлийг бичжээ.

Канадын Олон Улсын Худалдаа Хариуцсан сайд Дэвид Эмерсон 2008 онд Монголд айлчилсан нь Канадын төлөөлөгчдөөс бараг 10 жилийн дараа Монголд айлчилсан явдал болсон  гэдгийг өгүүлжээ.  Викилийкс сайтад бичсэнээр  Дэвид Эмерсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан С.Оюун, Үйлдвэр худалдааны сайд асан  Х.Наранхүү болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол улс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй, амаргүй  тул Канад улстай хамтарсан нь дээр гэж ухуулж байжээ.

Дэвид Эмерсон уулзалтын дараа Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мэдээлэл сайтай, алсын хараатай ерөнхийлөгч болохыг магтаад, “Энхбаяр Монголын баялгийг бүгдийг төрийн мэдэлд аваад Канадын оролцоог багасгаж магадгүй” гэж санаа зовж байснаа төлөөлөгчдөд хэлсэн байна. Харин С.Баяр, С.Оюун, Х.Наранхүү нар таалагдаж байгааг нуугаагүй байна. Учир нь эдгээр эрхмүүдийн газрын баялаг, уул уурхайг ашиглах санал нь ноён Эмерсонд таалагдсан байна. Энэ гурван эрхэм уул уурхайг ашиглахын тулд гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байсан байна.

Тэгэхээр өдгөө Монголын уул уурхайн салбарт Канадын компаниуд олноор орж ирж, хөрөнгө оруулалт хийж байгаа.  Канадын “Айвенхоу Майнз” компани Монголын Оюутолгой төслийг эргэлтэд оруулах эрхийг авч Рио Тинтотой хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын улстөрчдийн ойлголцол үр дүнгээ өгч буйн илэрхийлэл гэж харж болно.

Мөн Викилийкс сайт 2006 онд зэсийн үнэ огцом нэмэгдэж байх үед Н.Батбаяр тэргүүтэй гишүүд ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчдаас Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах хуулийн  төсөл боловсруулж УИХ-д оруулж батлуулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх хууль болсон. Тухайн үеийн ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх асан Цогтбаатар хуулийг эдийн засаг, гадаадын бизнесмэнүүдэд харшилсан хууль болсон гэдгийг  Н.Энхбаярт зөвлөж байсан. Ерөнхийлөгч Н.Энхбаяр  хууль батлагдсанаас хойш тав хоногийн дотор хориг тавих эрхтэй ч,  хориг тавиагүй өнгөрсөн  нь хууль батлагчидтай том зүйл дээр тохиролцсон байж болох юм гэжээ.

Тэгэхээр Викилийкс сайтад Монгол улстай холбоотой мэдээлэл энэ мэт байдлаар  гарч байна. Өнгөрөгч оны сүүл арванхоёрдугаар сард гарсан мэдээллийн талаар өгүүлэхэд:

АНУ-тай холбоотой дипломатуудын тухай нууц баримтыг дэлгэхдээ 2009 оны наймдугаар сарын 11-нд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын төлөөлөгчидтэй нууц уулзалт хийсэн тухай, тухайн үед Монгол Улсын Азийн асуудлыг хариуцсан  даргаар  ажиллаж байсан Ж.Сүхээ дээрх уулзалтын бүрэлдэхүүнд багтсан байсан гэдгийг өгүүлсэн байдаг. Мөн уг уузалтаас хойш Ж.Сүхээ БНСУ-д суугаа Элчин сайдын  яамны зөвлөхөөр ажиллах болжээ. Зүй нь Монгол Улс, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалтын талаарх мэдээлэл 35 жил хадгалагдах ёстой байсан ч Ж.Сүхээ нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг АНУ-ын талд өгсөн гэж өгүүлсэн байв.  Монгол Улс, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалтад оролцсон Ж.Сүхээ эрхэм нь талууд баримт бичиг өгч авалцсаны дараа өөртөө хадгалж байжээ. Тэрчлэн Хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, ярилцсан, тохиролцсон асуудлуудын талаарх мэдээллийг АНУ-ын талд хүлээлгэн өгсөн талаар тус сайтад өгүүлсэн нь Монгол улсын нэр хүндэд нөлөөлөхүйц түвшний асуудал юм.

Сонирхолтой нь, Английн засгийн  газар, АНУ-ын Төрийн департаментаас эл асуудлыг  шалгахаар болсон ч,  Монгол Улсын дипломатч Ж.Сүхээгийн нууц баримтыг дамжуулсан гэх тус сайт дээрх материалд засвар орж, нэр дурьдагдсан албан тушаалтнуудын нэрс ор мөргүй арилж алга болсон байдаг. Мөн Их Британи, АНУ-ын  тагнуулынхан Монгол Улс, БНАСАУ-ын төлөөлөгчдийн  талаарх нууц материал АНУ-ын албаны хүмүүсийн гарт ороогүйг нотолсон гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгэхээр мэдээлэл устгагдсаныг  улстөрийн зорилготойгоор хакеруудын хийсэн ажил гэж харах уу,  эсвэл Викилийкс сайтад тавигдсан энэ мэдээлэл зохион байгуулалттайгаар хийгдсэн ажил уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Ер нь Викилийкс хэрхэн  яаж ажилладаг талаар CNN юү гэж мэдээлсэнийг хүргэе. 2006 оноос эхлэн интернэтээр анхаарал татсан мэдээллүүд цацаж  эхэлсэн Викилийкс веб сайт иргэдийн хандиваар санхүүждэг. Тус сайтад зураг, видео мэдээ, баримтуудыг  байрлуулж, шинэчилж байдаг цөөн тооны ажиллагсадтай бөгөөд техникийн болон туслах сайн дурын ажиллагсад байдаг байна.

Мэдээж сайтыг үүсгэн байгуулагч, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний “Цогтой тэмцэгч” гэгдэж, тодорсон  Жулиан Ассанж хамгийн дээр нь ажиллана. Тэрбээр “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад хэрэгтэй нууц материалуудыг сонгож сайтанд байрлуулдаг” гэж хэлж байсан.

Викилийкс сайтад  ажлын оффис байхгүй. Веб сайтын зүрх нь компьютерийн серверүүд.   Эдгээр серверүүд хэвлэлийн эрх чөлөө өндөр Европын голдуу орнуудаар байрладаг.  Шуугиан дэгдээсэн баримтуудыг нийтлэдэг тус сайт бусдад онилогдохгүй, аюулгүйн үүднээс серверүүд бүгд тарж байрладаг аж.

Викийликс 2008 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлингийн хувийн  yahoo Имэйл хаягт нэвтэрч захиануудыг дэлгэсэн. Түүний хэн болохыг Америкчуудад таниулж өгсөн. Үр дүнд нь Сара сонгуульд ялж чадаагүй юм.

Викилийкс 2009 онд Английн их сургуулийн Цаг уурын судалгааны багийн эрдэмтдийн харилцдаг имэйлийг олонд ил болгосон. Эрдэмтдийн судалгааны материал, өгөгдөл нь хуурамч эсвэл хэн нэгэн зохиосон болсон нь батлагдсан.

Мөн 2010 онд  Иракд, сурвалжлагч болон хэд хэдэн энгийн иргэд бусдад буудуулан амиа алдаж байгаа дүрс бичлэгийг  АНУ-ын зэвсэгт хүчний нисдэг тэрэг дотроос авсныг сайтад байрлуулсан.

Афган болон Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааны нууц материалыг дэлгэсэн.

2010 оны сүүлээр Америкийн дипломатчидын 250 мянга гаруй нууц баримтуудыг дэлгэсэн талаар бид мэдэх билээ. Энэ бүхний эцэст  Викилийкс сайтын эсрэг Засгийн газруудын дайн эхэлсэн мэт харагдаж байгаа. Тэд хариуг нь өгч, мянга  мянган хуурамч сайт нээсэн билээ. Викилийкс ингэж ажиллаж иржээ. Өдгөө ч ажиллаж байна. Хэзээ зогсохыг нь хэлэхэд бэрх.

Викилийкс дээрх баримтыг энд дарж үзнэ үү

Эрдэнэ-Болор


URL:

Сэтгэгдэл бичих