Чигээ олохгүй лидерүүдээсээ жирийн гишүүд нь ичиж байна
Улс төр гэдэг хатуу тоглоом. Үүнийг эрхэм 76, энгийн иргэн, улс төрийн намын гишүүд дэмжигчид ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл энэхүү тоглоомын дүрмийг өнгөрсөн хугацаанд сайн муугаар мэдэрч, хангалттай хугацаанд туршлага хуримтлуулсан АН-ынхан өнөөдөр эргээд улс төрийн тоглоомонд ялагдаж эхлээд байна.
1996-2000 онд ард түмний өгсөн итгэл, зүтгэлийг хариулж чадаагүйдээ тэд 2000 оны сонгуулиар навс ялагдаж, гудамжинд гарч байсан. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд алдаанаасаа суралцаж, хангалттай төлөвшиж чадсан гэж итгэсэн ард түмэн 2012 онд тэдэнд дахин итгэл үзүүлсэн. Гэтэл өнөөдөр тэд төлөвшиж чадаагүй, төлөвшихийг хүсэхгүй байна гэдгээ харуулаад байх шиг.
Улс төрийн хатуу тоглоомонд учраа олохгүй ялагдаж, өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө зураад байгаа нь Ж.Батзандан нарын гишүүдийнх нь үйлдлээс харагдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, АН-ынхан төр засгийн тогтворгүй байлгах гэсэн сөрөг хүчний өгөөшийг үмхэж, улс оронд тогтворгүй байдал үүсгэх замыг өөрсдөө тавиад байна уу гэж хардахаар олон үйл явдал ойрын өдрүүдэд өрнөөд байгаа юм.
Намын бүлэг дээрээ хэн ямар үг хэлж, нэг нэгэндээ гомдоллосон байлаа ч тэр бол намынх нь гишүүдийн бүлэг доторхи асуудал. Гэтэл ээждээ гомдсон хүүхэд шиг хэвлэл мэдээллээр хов мэдүүлж, энд тэндэхийн цахим хуудсанд намаа, Монголын ард түмнийг, гишүүд дэмжигчдээ үл тоомсорлосон үгсийг бичиж “шоудах” нь ёстой эмгэнэлтэй харагдаад байх юм.
Эдгээр нөхдөд хариуцлага ярихад ч багадана. Манай нам дотоод ардчилалтай гэж иймэрхүү хувийн амбийцтай нөхдийн толгойг хэдий болтол илэх вэ дээ. МАН-ынхан үеийн үед дотоод асуудлаа хайрцаглаж, намын гишүүдээ хувийн тоглолт хийлгэхгүй хатуу гараар удирдаж ирсэн нь нэг талаараа дарангуйлал юм шиг харагдаж байсан ч нөгөө талаараа 20 гаруй жил төрийг удирдахад том туршлага болж байсан.
Эсрэгээр нь АН-ынхан дотоод ардчилалтай, гишүүдээ хайрцагладаггүй гэсэн пиар нь зарим үед эерэг мессеж өгдөг ч өнөөдрийн нөхцөл байдалд тохирохгүй болчихоод байгаа юм.
Зарим талаараа намын гишүүн гэдгээ, намын бүлгийн бодлогод захирагдах учиртай гэдгээ мэдэхгүй нөхөд намын нэр ашиглаж улс төрд шургалжээ. АН-ын гишүүн гэгдэх Ерөнхийлөгч нь хуулийн төсөл өргөн барьж, гишүүд нь өөрсдөө хурлаар хэлэлцсэн асуудлаа хэвлэлээр дэлгэн гүйж, намаас хөөгдөх туугдах гарах орох асуудлыг ярьж эхэлсэн нь АН өөрсдөө яагаад эв нэгдэлгүй байж, бусдын аманд бэлэн хоол болж ороод байна вэ хэмээн энгийн иргэд, гишүүд дэмжигчид нь гайхаж эргэлзэх шалтгаан болж байгаа юм. Гэхдээ дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй байгаа цөөхөн хэдэн лидерүүдээсээ гишүүд дэмжигчид нь харин өөр бодолтой юм байна. Өөрөөр хэлбэл, төрд төлөөлсөн гишүүдээсээ илүү АН-ын гишүүд дэмжигчид нь төлөвшиж, өмнөх алдаанаасаа сайн суралцжээ.
УИХ дахь АН-ын бүлэгт 21 аймаг, есөн дүүргийн мянга мянган гишүүд дэмжигчид болон аймаг дүүрэг хариуцсан хэрэг эрхлэх газрын дарга нар АН-ын лидерүүддээ уриалга хүргүүлсэн нь хэвлэл мэдээллээр цацагдаж эхлээд байна. Тэдний хүсэл нь мэдээж намын эрх ашиг биш. Намынхаа эрх ашиг, фракци хоорондын зөрчлийг урдаа тавих бус улс орны тогтвортой байдлыг хангаж ажиллахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байх хуулийн төслийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх ёстой гэж үзжээ. Тэд улс төрийн тогтвортой байдлыг хүсч байна. Төрд төлөөлж явуулсан хүмүүс нь зүг чигээ олохгүй байгаа энэ үед гишүүд дэмжигчид нь өөрсдийнхөө хүслийг тэдэнд уриалга хэлбэрээр дайжээ. Харин эрхэм гишүүд нь хэрхэн таалахыг харах л үлдлээ.
Эдийн засгийн эмзэг цаг үе, Монголын нэр хүнд дэлхийд өдөр өдрөөр унаж байгаа энэ үед Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдгийг 76-аас илүүтэй ард түмэн хүсч байна. Нийтийн, нийгмийн эрх ашиг гэж ярин, хэвлэлээр сенсаацилж гүйгээд байгаа эрхмүүд энэ хүслийг нь дагаж чадах эсэхийг харж байя. Ж.Батзандан, Р.Бурмаа нарын гишүүд ард түмний эрх ашиг чухал гэж ярьж байгаа сурагтай. Тэгвэл ард түмэн төр засгийн тогтвортой байдлыг хүсч байна. Түүнийг нь биелүүлж чадах болов уу.
Үүнийг дан ганц АН-ын гишүүдийн уриалга, сэтгүүлч миний үзэл бодлоор дүгнэхгүй. Учир нь өдөр болгон шахуу энэ асуудлаар судалгаа авч байгаа судалгааны байгууллагуудын үр дүн болон тэргүүлэгч сайтуудын санал асуулгын буланд байгаа саналын дүн харуулж байгаа юм.
Төр засгийн тогтвортой ажиллагаа чухал, гадаад хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт таагүй үр дүн ирнэ гэсэн хариултыг гадаа явж байгаа захын иргэн л хэлнэ. Үнэхээр л иргэдээ сонсдог төр засаг, парламент мөн бол тэдний энэ үгийг дуулах цаг нь болжээ. 2016 оноос хэрэгжих нь зөв гэсэн Ерөнхийлөгчийн хувилбарыг дэмжиж байсан юм. Одоо энэ хууль чинь юу болчихов доо.
Цаг хугацаа нь хэзээнээс байх нь хамаагүй. Хамгийн чухал нь ажил хийж байгаа хүмүүсийг ажлыг нь хийлгэ гэх хүсэл л захын лангууны наймаачин, төрийн албан хаагч, эмч, багш бүхэнд төрж байна гэдгийг АН-ын мянга мянган гишүүдийн уриалгаас гадна нам харгалзахгүй авч байгаа иргэдийн судалгааны дүн харуулчихлаа.
Өөр юу хэрэгтэй гэж улс төрийн намууд энэ асуудлаар шоудаад байна вэ. АН-ынхан яагаад алдаагаа давтах гээд байна вэ. Хоёр боломжийг тэдэнд өгсөн. Одоо гурав дахь боломж гэж байхгүй гэдгийг эрхбиш ухаарч баймаарсан. Ерөнхийлөгч энэ бүхэнд нэг юм бодож байгаа биз.
Б.Балжир
Монголын мэдээ
URL: