Засгийн газрыг огцруулбал улс оронд тогтворгүй байдал үүснэ гэж иргэд үзжээ

засгийн газарСүүлийн үеийн хамгийн хит үгээр “давхар дээл” гэгч тодотгол моодонд орж байна. Тэр дундаа серег хүчнийхэнд тоглолт хийх амттай “өгөөш” нь ч болжээ. МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлаад хэрэгжүүлээд эхлэх нь зүйтэй, тиймээс Н.Алтанхуягийн танхимын 17 сайд “давхар дээл”-ээ тайлж, сайдын суудлаасаа буух ёстой хэмээн зүтгүүлж буй. Хэрвээ энэ хуулийг одооноос хэрэгжүүлээд эхэлбэл, Засгийн газар огцрох нь гарцаагүй. Энэ нь сөрөг хүчнийхэнд ашигтай. Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл”-ийг тайлуулах хуулийн төсөл сөрөг хүчнийхэнд сайхан далим болсон гэж дүгнэхэд болох юм.

Харин ч эрх баригч хүчин олон жил төр барьсан “ах” намын дэгээнд уначихгүй байхыг ард түмэн хүсч байна. Яагаад гэхээр олон судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн Засгийн газрыг огцуулах асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг тандсан асуулгын дүн үүнийг харуулаад байгаа юм. Энэ бол хамгийн том гэрчлэх баримт. Нөгөө талаас эдийн засгаа бодсон ч улс орны ид бүтээн байгуулалтын цагт улстөрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсэх нь иргэдийн нуруун дээр хамгийн том дарамт.

Тийм учраас ард түмэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүсч байна. Яг үнэндээ засаг унах хүртлээ тийм том алдааг гаргасан уу гэвэл енөедөртөө бол үгүй. Харин ч өмнө нь хийж байгаагүй олон ажлуудыг бүтээн цогцлоосон. Мэдээж ажил хийсэн хүнд алдаа байлгүй яахав. Гэхдээ хэрээс хэтэрсэн лав биш. Шинэчлэлийн Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж харин ч амтай болгон нь ярьж байгааг хэлэх хэрэгтэй. Ингээд олон зүйлийг нуршихгүйгээр иргэд ямар байр суурьтай байгааг харуулсан судалгааны дүнг тоймлоё. Судалгааг www.news.mn, www.ollоо.mn, www.sonin.mn сайтуудаар “Засгийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, УИХ-аас гарсан шийдвэрийг та юу гэж бодож байна” гэсэн санал асуулгыг сүүлийн 14 хоногийн хугацаанд явуулжээ.

Эндээс www.news.mn сайтаар явуулсан санал асуулгад 5600 хүн санал өгч ихэнх хэсэг нь буюу 40 хувь нь “Улс орныг хамарсан тогтворгүй байдал үүслээ. Гадаад хөрөнгө оруулалт улам буурч долларын ханш өсөх байх” гэдэг хариултын сонгожээ. Мөн 25.4 хувь нь маш зөв зүйл боллоо гэж үзсэн бол 33.4 хувь нь хууль хэрэгжих хугацаа 2016 оноос байх ёстой гэжээ. Харин www.olloo.mn сайтын санал асуулгад 2506 хүн оролцож, 1047 хүн буюу 40.8 хувь нь “Улс орныг хамарсан тогтворгүй байдал үүслээ. Гадаад хөрөнгө оруулалт улам буурч долларын ханш өсөх байх” гэсэн байна. “Маш зөв зүйл боллоо” гэдэг хувилбарыг 27.33 хувь нь сонгожээ.

Тэгвэл www.sonin.mn сайтад санал асуулга өгөгчдийн 43 хувь нь эхний хувилбар болох “Улс орныг хамарсан тогтворгүй байдал үүслээ. Гадаад хөрөнгө оруулалт улам буурч долларын ханш өсөх байх” гэдгийг сонгон хариулжээ. 26 хувь нь маш зөв зүйл боллоо, 30 хувь нь хууль хэрэгжих хугацаа 2016 он байх ёстой гэсэн бол нэг хувь нь хариулж мэдэхгүй гэсэн байна.

Уг санал асуулгад нийтдээ 10 мянга орчим хүн хамрагдаж, дийлэнх хэсэг нь “Улс орныг хамарсан тогтворгүй байдал үүслээ. Гадаад хөрөнгө оруулалт улам буурч долларын ханш өсөх байх” мөн “2016 оноос хэрэгжих нь зүйтэй” гэжээ. Санал асуулгыг нэгтгэн дүгнэхэд 2016 он хүртэл Засгийн газрын тогтвортой байдал нь нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой гэж үзжээ. Тэгээд ч Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт оруулаад давхар дээлийг тайлууллаа гэхэд Үндсэн хуульд Засгийн газрын гишүүд бүгдээрээ УИХ-ын гишүүн байж болно, хагас нь ба.йж болно, эсвэл бүгдээрээ УИХ-ын гишүүн биш байж болно гээд заачихсан байгааг хэрхэх вэ.

“Эцэг” хуульд гар хүрээгүй байж Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулчихвал тулгуур хуулиа улаан цайм зөрчсөн хэрэг болно. Хэрвээ Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулчихвал хэн нэгэн нь, магадгүй иргэн Д.Ламжав ч гомдолд гаргаж ч мэднэ. Үндсэн хуулин дээр хөх тэнгэр буй хэмээдэг. Цэцийн шийдвэрийг дагахаас аргагүй болно. Тэгэхээр өнөө маргаашгүй гэж чичрэн дайрч байхаар ул суурьтай хандаж, тулгуур хуульд орсон заалтаа өөрчилж байж Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юм биш үү.

 

 

О.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих