Томчуудад хэрэггүй тоглоомын талбай

талбайТаван настай Хүслэн хүүгийн байрны урд улаан, шар, ногоон, цэн­хэр өнгөөр алаглах бяцхан тоглоомын талбай бий. Зайгүй сүндэрлэн боссон барилгуудын дун­дах энэхүү орон зайд өглөөний нарнаас үд­шийн бүрий хүртэл хү­ний хөл тасрахгүй. Хөг­жилдөн гүйлдэх бяц­хан жаалууд, хүүхдээ салхилуулах аав ээжүүд, нарлан суух эмээ өвөө нарын очих дуртай газрын нэг. Хүүхдүүдийн цангинасан инээд, хөгшдийн тайван төрх, хосуудын учиртай харц гээд амьдралын олон сайхан агшинг эндээс харна.

Анх тод өнгөтэй байсан ч өвлийн утаа, хаврын шороонд өнгө нь мэдэгдэхгүй шахам болсон гулсуур дээр бяцхан хүүхдүүд өөр хоорондоо уралдан гулсаж өмссөн хувцсаараа шороог нь арчина. Эргэн тойронд хөөцөлдөн гүйх жаалууд дураараа гүйж, дунд чөмгөөрөө жиргэх боломж олгодог ганц талбай нь энэ. Тиймээс Хүслэн хүү ч өглөө босоод л тоглоомын талбайг зорин ирнэ. Тэр бумбагар бяцхан гараа халтайтал, булцгар улаан хацраа сайрттал тогловч ханахгүй.

Харин хаврын хавсарга тавьсан нэгэн өглөө Хүслэнгийн тоглодог тоглоомын талбай орвонгоороо эргэсэн байв. Өнөөх шороотой гулсуурыг салгаж хашааны хажууд гарган, дэргэд нь хүнд оврын том машинууд асаалттай зогсоно. Эмээ өвөө нарын суудаг саравч, хүүхдээ тэврэн суудаг сандлууд хэдийнэ хог болжээ. Урд өдөр нь хажуу айлын Батаатай тоглож  байсан савлуурны бараа сураг ч алга байв. Тоглоомын талбайн оронд олон давхар барилга барихаар болсныг томчуудын ярианаас сонссон Хүслэн хар хурдаараа гүйн талбайн голд очоод хөлөө жийн суугаад уйлж эхэллээ…

 

Х.ХАТАН


URL:

Сэтгэгдэл бичих