“АПУ”-гийн Г.Батхүүгээс айдаг шүүх засаглалтай улс уу

imagessaassasadШүүх засаглал, түүний тэргүүн зорилго болсон шударга ёс хуруу дарам цөөн олигархиудын хөлд дэвслүүлээд удлаа. Хууль тогтоох дээд байгууллагад нь хууль бус УИХ-ын гишүүд сууж байна гэхээр арга ч үгүй биз. Тухайлбал, Өвөрхангай аймгийн буюу УИХ-ын аравдугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж, өвдөг шороодсон “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нарыг нэрлэж болно. Тэдний хувьд өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нараас даруй 1500-3500 хүний санал дутуу авч ялагдал хүлээсэн. Харин Г.Батхүү нар ялагдсан даруй харъяаллын бус нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж, нэг өдрийн дотор өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулж чадсан. Энэ нь Монгол Улсын шүүх засаглал мөнгөний хөлд хэрхэн сөхөрч байгааг харуулсан явдал болсон. Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүх “АПУ” хэмээх вант улсын талд шийдвэр гаргаж, эрх мэдэлтнүүдэд үйлчилсэн гэхэд болно. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн томилсон шүүх засаглал, эрх баригчдын дэмжлэгээр шүүх хүчний байгууллагыг гартаа хийж УИХ-ын гишүүний тангаргийг хууль бусаар өргөж, сонгогч олны эрхийг зөрчин сууж байна.

Г.Батхүү нарын шүүхэд хандаж өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулсан үндэслэл нь ч тун ядмаг, зохиомол зүйл гэдгийг өвөрхангайчууд төдийгүй нийт сонгогч олон мэдэж буй. Нөгөө талаас сонгогчдын ярьж байгаагаар бол АН-аас нэр дэвшигчид анхнаасаа л унахаа мэдэж, өрсөлдөгчдийнхөө сурталчилгаанд оролцож буй машиныг нэгжихээс эхлээд тал бүрийн дарамт үзүүлж байсныг ч ярьж байсан. Ийнхүү нэгэнт бүдэрсэн Г.Батхүү нар харъяаллын бус шүүхэд хандаж, хэрэглэвэл зохих ёсны хууль хэрэглээгүй учраас буруудаж, дараагийн шатны арга хэмжээг авсан. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр нь Г.Батхүүгийн зохиож авчирч өгсөн хэрэг гээчийг нэгхэн хоногийн дотор шийдвэрлэн, дэлхийн түүхэнд анх удаа хамгийн хурдан шүүхийн шийдвэрийг гаргаж олны гайхширлыг бараад авсан. Хаа байсан Өвөрхангай аймагт болсон явдлыг Улаанбаатар хотод өрөөндөө нягтлаад шийдвэр гаргадаг шүүгч гэж байх уу. Ингээд нэгхэн хоногийн дотор шийдвэр гаргаж, шүүх хуралдаан хийхдээ С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг ч байлцуулсангүй. Үүний цаана томоохон эрх ашиг, их хэмжээний мөнгө нуугдаж байсан гэхэд болно.

Тэд дараагийн шатны арга хэмжээ авахдаа хууль бус үйлдэлдээ улайрч, мөн давж заалдах шатны шүүх хурлаас нэгхэн хоногийн өмнө Өвөрхангай аймгийн сум дундын шүүхэд хандаж, өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулж чадсан. Шүүхийн шат шатны байгууллагууд ийнхүү 24 цагийн дотор шийдвэр гаргаж хөл алдаад байгааг эрх мэдэл мөнгө төгрөгтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ нь анхнаасаа Г.Батхүү нарын зохиосон хэрэг байсан нь илт. Иймээс Хан-Уул дүүргийн шүүхээр өөрсдийн талд шийдвэр гаргуулсан. Шүүгч Н.Мөнхбаяр нь Г.Батхүү нарын талд шийдвэр гаргаж өгөхдөө хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчснийг Нийслэлийн давж заалдах шүүх хуралдаанаар гаргаж өгсөн нь баримтаар бий. Тодруулбал, анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх маргааны харъяаллыг зөв тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан. Мөн захиргааны хариуцлагын тухай хуулийн аравдугаар зүйлийн гуравт зааснаар Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны хянан шийдвэрлэх хаяръяалалд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг шалгаж тогтоохыг хамааруулж заагаагүй. Өөрөөр хэлбэл Г.Батхүү нар цагдаагийн байгууллагын ажлыг хийн, хуурамч хэрэг зохиож, түүнийг өөрсдөө баталгаажуулж, танил талаа барьж харъяаллын бус шүүхэд хандсан гэсэн үг юм. Уг нь хууль ёсоор бол үүнийг Цагдаагийн байгууллага шалгаж буруутай эсэхийг нь тогтоож, дараа нь шүүхийн байгууллага нягтлаад прокурор хянах учиртай л даа. Тэгээд ч нэхэмжлэгч тал эрх нь зөрчигдөж буй хүмүүст нэхэмжлэлийн талаар мэдэгдээгүй. Иймээс Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас Г.Батхүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Эрх мэдлийн төлөөх улайрал нь юуг ч худалдаж авч болдгийг Өвөрхангайн сонгууль харуулж өгсөн. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа аравдугаар тойргийн хорооны 37 тоот тогтоолд МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг нь 23493 хүний санал авч, 47.59 хувиар, Н.Төмөрхүү 21267 хүний санал авч, 43.08 хувиар тус тус ялалт байгуулсныг мэдэгдэж,  УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт заасныг үндэслэж  С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосугай хэмээсэн нь бий. Тухайн үед ийм шийдвэр гарахтай дөрөө харшуулан Г.Батхүү нар зохиомол хэрэг өдүүлж, сүүлдээ асар их хэмжээний мөнгө, эрх мэдлээр далайлган хууль бусаар УИХ-ын гишүүний тангараг өргөчихсөн. Итгэл үнэмшлээ өгсөн өвөрхангайчууд ч өөрсдийнхөө сонголтын төлөө тэмцэл өрнүүлж, шударга байхыг сануулсан ч Г.Батхүү нар ордонд тухлаад авсан.

Ийм л хууль бус гишүүд өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын танхимд суучихаад хууль санаачилж, батлалцаж, бас болоогүй шударга ёс тогтоох тухай ярьж сууна. Монгол Улсад Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч гэж бий. Ерөнхийлөгчийн санал болгон томилсон шүүх хүчний байгууллага гэж бий. Нөгөө талаас хууль тогтоох дээд байгууллагын танхимд Г.Батхүү мэтийн луйварчидтай мөр зэрэгцэн суугаа олон гишүүд бий. Өөрсдийнх нь ярих дуртай шударга ёс гэж хаа явна вэ.

С.Баяр 

URL:

Сэтгэгдэл бичих