Монголын оюутны холбоо МАН-ын дамжин өнгөрөх үү?
Монголчууд эрдэм ухааныг ихэд дээдлэн, чухалчилдаг болохоор олон оюутантай.
Нөгөөтэйгүүр манай орон хүүхэд, залуусын өргөн талбар. Тийм ч учир 160000 гаруй оюутны давхраа бодитоор оршин байна. Тэдний эрх ашгийг хамгаалсан, дуу хоолой нь болж төлөөлөх төвлөрсөн, оюутны өөрөө удирдах байгууллага нь одоо ч Монголын Оюутны Холбоо. Давхардсан тоогоор өнгөрсөн арван жилд гэхэд л 625000 оюутан үйл ажиллагаанд нь хамрагдсан гэж сайрхдаг. Нэг талаасаа энэ тоо маш том үзүүлэлт эсвэл энэ тоогоор хөшиг татсан бизнес.
Монголын Оюутны Холбоо хоёр жилд нэг удаа чуулганаа хийж ерөнхийлөгчөө сонгодог дүрэмтэй бөгөөд ерөнхийлөгч нь нам бус байх учиртай. Ийм том, хүчтэй байгууллагын удирдагч нь улс төрийн албан хаагч байж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Харин өнгөрсөн жил тэд дүрмээ зөрчиж Ч.Ганхуягыг сонгов. Оюутнууд үнэхээр тэмцэж, хүсч дүрмээ зөрчив үү, эс бөгөөс тэднийг ийм үйлдэл хийхэд хэн нэгэн нөлөөлөв үү гэдгийг шууд хэлэхэд хэцүү.
МОХ-ын ерөнхийлөгч Ч.Ганхуяг нь МАН-ын бага хурлын гишүүн, Сангийн дэд сайд гэсэн албан тушаалтай. Хүнийхээ хувьд сайн мууг нь хэлж мэдэхгүй нь.
Харин мэргэжлийнхээ тал дээр боломжийн эдийн засагч гэгддэг. “Хас” банкийг хөл дээр нь босгож ирэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэж ард иргэд ойлгодог. Тэр одоо “том” улстөрч болсон. Харамсалтай нь түүний улстөрд орох гишгүүр нь Монголын мянга мянган оюутан байж.
Асуудал зөвхөн Ч.Ганхуягт эсвэл МАН-ын бага хурлын гишүүн гэсэн харьяалалд байгаа юм биш.
Үндэсний хэмжээний төрийн бус байгууллагууд улс төрөөс хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг жишиг аль ч улс оронд бий. Гэтэл Монголын оюутны төлөөлөл, хамгаалал болох хамгийн том байгууллага энэ жишгийг эвдчихлээ.
МОХ нь оюутан залуусын бусад байгууллагатай харьцуулахад муугүй ажиллаж байгаа ч оюутнуудыг намд элсүүлэхээс илүү чухал олон ажил байгааг мартаж боломгүй. Харин ч аль нэг улс төрийн бүлэглэл, эсвэл төрийн зүгээс ирэх дарамтыг эсэргүүцэх дархлаа нь байх ёстой атал улстөрийн ганц бүлэглэлд үйлчилж болохгүй. Мэдээж монгол оюутнууд улстөр сонирхох, аль нэг нам, эвслийг сонгох үндсэн эрхтэй нь маргах гэсэнгүй. Харин төв байгууллага нь улстөржиж болох эсэхийг, удирдагч нь нэг намын томоохон төлөөлөл байж болох эсэхийг салгаж ойлгох хэрэгтэй.
Манай улсад оюутан залуучуудын өмнө шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа. Нэрлэвэл урт жагсаалт болох биз. Хамгийн энгийндээ цалингаараа орон байртай боломж байна уу, оюутны цагийн ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, залуучуудын ажилгүйдэл, архидалтыг хэрхэн бууруулах вэ зэрэг олон асуултын тэмдгийн ард хариулт алга.
Залуучуудын аль ч байгууллага дээрх асуудлыг хялбархан хийгээд шууд шийдэх боломжгүй. Гагцхүү ярилцаж, хөөцөлдөж, бодлого хөтөлбөр болгосоор тодорхой үр дүнд хүрдэг. Эдгээр байгууллага мянга мянган оюутны нуруун дээрх гол асуудлыг шийдэж чадахгүй бол ядаж бул хар чулуу мэт саад болохгүй, буруу үлгэр дууриал үзүүлэхгүй байх ариун үүрэгтэй. 160000 гишүүнтэй холбоо, түүний удирдагч бүр ч том үүрэгтэй.
Үнэхээр Ч.Ганхуяг Танд Монголын оюутнуудын төлөө чөмгөө дундартал ажиллах ирмүүн хүсэл, хатан зориг байгаа бол гүнээ хүндэтгэх болно. Гэхдээ эхлээд намын харьяалал болон улстөрийн албан тушаалаасаа татгалзчих.
Оюутнуудын хүчийг ашиглан намдаа рейтингээ өсгөх, залуусын хүчинд тулгуурлан олон нийтийн өмнө улс төр хийх гэж байгаа бол эндүүрэл, мунхаглал. Эрдэм номд цаг гаргах ёстой залуусыг улстөрд уруу татах нь хэрхэвч зөв үйлдэл биш гэдгийг эрхэм Та надаас илүү ойлгож байгаа биз ээ.
Залуусын төлөөх ажил үйлс бүхэнд чинь амжилт хүсье.
Цэндийн Баатархүү
URL: