Карибийн тэнгисээс 12 сая ам доллар оруулж ирж угаасан хэрэгт шалгагдаж байгаа Х.Анхбаяр гэж хэн бэ?

Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг, “Тэнгри” холдингийн захирал Х.Анхбаяр гэгч залууд АТГ-аас  эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж байгаа. Х.Анхбаяр гэгч энэ залуу бизнесмен  үүсгэн байгуулсан компаниудынхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн цуцлах үндэслэл нь гарчихсан байхад тодорхой албан тушаалтнуудтай хуйвалдаж зөвшөөрлүүдээ  сунгаж байсан гэнэ.

Түүнд АТГ-ынхан  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгө  угаах гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна. Шалгалтын явцад Карибийн тэнгисийн оффшор бүсэд байсан 12  сая долларыг оруулж ирж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон байна. Мөн нийт 3.6 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Түүнчлэн Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцохдоо тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн нь илэрсэн байна. Түүнийг мөрдөн шалгах хугацаанд Төв аймаг, Зүүнхараа, 461 дүгээр хорих ангид удаа дараа шилжүүлж байсан нь мөрдөн шалгалтын яв¬цад хэрэгт холбогдолтой бусад хүмүүстэй танил талаа ашиглан холбоо тогтоох оролдлого хийж байсантай нь холбоотой хэмээн тайлбарлаж байна. Монголд 12 сая ам доллар оруулж ирж угаасан хэрэгт холбогдоод байгаа Х.Анхбаяр гэгч энэ залуу өмнө нь Германд ажиллаж амьдарч байсан гэнэ. Түүнийг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд ХБНГУ-аас нутагтаа ирээд тав хонож байхад нь АТГ-ынхан нэгэн кофе шопоос баривчилж хорьжээ.

Анхбаярын “ТЭНГРИ” холдинг нь өдгөө Монгол Улсад эдийн засгийн тулгуур гол салбарууд болох уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зочид буудал, барилга, үл хөдлөх хөрөнгийн газар, банк санхүү гэх зэрэг салбаруудад бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэрээр компанийнхаа 500.000 ширхэг хувьцааг эзэмшдэг. Компани нь 100 хувь түүний мэдлийнх гэсэн үг. Х.Анхбаяр  2011 оноос эхлэн Дэлхийн нэр хүнд бүхий “First Reserve Corporation”,” Connect Resource Services” компаниудтай уул уурхайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Мөн  “Эдэлвайс” зочид буудлыг эзэмшдэг, “Монголиан Петролеум Корпорэйшн” нь тус холдингийн охин компани бөгөөд газрын тос болон байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын салбарт “Нью Жуулчин Констракшн” компанийг үүсгэн байгуулж 300 айлын орон сууцыг барьж дуусгасан.

Улмаар 2008 онд Монгол улсын Засгийн газраас зарласан 40. 000 айлын орон сууц, 2010 онд 100.000 айлын орон сууц хөтөлбөр оролцож байсан гэнэ. Үүнээс гадна түүний мэдэлд байдаг “Ричфлюорит” ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан охин компани байдаг бөгөөд Монгол Улсын жоншны томоохон сав бүхий бүс нутгуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд эзэмшин үйл ажиллагаа явуулдаг юм байна. Мөн тус компани  Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ зөвшөөрлүүд нь “Тэнгри холдинг” группийн охин компани болох “Тэнгри Терра Ресурс”-ийн мэдэлд байдаг аж. Энэ дөрвөн тусгай зөвшөөрөлд Цээл сумын  газар нутгийнх нь дийлэнх хэсэг буюу баруунаас зүүн тийш сунаж тогтсон Таянгийн нуруу тэр чигтээ багтдаг аж.  Таянгийн нуруунд алт, зэсийн маш баялаг орд байж болзошгүй гэж “Тэнгри Терра Ресурс” компанийнхан дүгнэж, сүүлийн хоёр жил дараалан хайгуул хийж байгаа юм байна.

Ямартай ч Карибын тэнгисийн офшор бүсээс 12 сая ам доллар оруулж ирж мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа Хүрлээгийн Анхбаяр гэгч залуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичжээ. Тэрээр захидалдаа “Миний бие Хүрлээгийн Анхбаяр 1990 оноос эхлэн аялал жуулчлал, спорт ан агнуурын салбарт тасралтгүй 20 гаруй жилийн турш бүхий л сэтгэл зүрхээ зориулан зүтгэж ирсэн жирийн л нэг бизнесмэн. Энэ хугацаанд буюу 1993 оноос “Жуулчин” хувьцаат компанийн спорт ан агнуур болон Хойд Америк дахь зах зээлийг хариуцсан менежерээр, дараа нь баруун Европ хариуцсан аялал жуулчлалын суурин төлөөлөгчөөр томилогдож 1997- 2007 он хүртэл ХБНГУ-ын Берлин хотноо ажилласан юм.

Аялал жуулчлал, спорт ан агнуурын салбарт ажиллах хугацаандаа ойролцоогоор10 гаруй мянган гадаадын жуулчин, 900 орчим гадаадын анчдыг Монгол Улсдаа аялуулж ойролцоогоор 25 орчим сая ам.долларын борлуулалтыг хийж эх орныхоо эдийн засагт чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулсан гэж боддог” хэмээн бичсэн байна. Тэрээр найман сар гаруй хилс хэргээр хоригдох хугацаанд гадаад түншүүдээ алдаж, бизнес нь  зогсож, компанийнхаа үүд хаалгыг барих болоод байна гэдэг мэдээллийг Ерөнхийлөгчид хүргэсэн байна.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих