Татварын тогтолцооны шинэчлэлийг яаралтай эхлүүлье
УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаанд бизнесийнхэн ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд тус чуулганаар эдийн засгаа идэвхжүүлэх талаар ямар бодлого шийдвэр гаргах, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх, энэ талаар Засгийн газарт ямар чиглэл удирдамж өгөх нь анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн хамгийн их хүсэн хүлээж, шаардаж байсан татварын шинэчлэлийн талаар энэ удаагийн чуулганаар авч хэлэлцэхээр байгаа нь тэдний олон жилийн хүсэлт, шаардлага одоо л бодит ажил хэрэг болох нь гэсэн итгэл найвдарыг төрүүлж байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан татварын шинэчлэл хийх заалтыг УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд амжилттай хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн оролцоо, хүртээмжийн агуулгыг нэмэгдүүлэх, архагшин тогтсон ядуурлын хувь хэмжээг багасгах, олон улсын зах зээлд монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл бол МҮХАҮТ-аас байнга тавьж, дэвшүүлж, зөвлөж, хэрэгжүүлэхийг шахаж шаардаж байсан “тогтвортой хөгжил”-ийн концепци билээ.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга гаргаж Засаглалын технологийн шинэчлэл хийхийг уриалсан. Энэхүү шинэчлэлийн нэг гол чиглэл буюу үндсэн хэсэг нь татварын тогтолцооны шинэчлэл байх ёстой. Бизнесийн төлөөллийн үндсэн байгууллагын хувьд МҮХАҮТ-аас татварын тогтолцооны шинэчлэлийг хийхдээ дараах асуудлуудыг нэн түрүүнд анхаарах, шинэчлэлийн бодлогод тусгах шаардлагатай хэмээн үзэж байна. Үүнд:
1. Татварын тогтолцооны шинэчлэлийн нэг гол асуудал бол Татварын Ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт юм. Төр оршихуй дор татвар орших гэсэн хуучинсаг үзэл номлолыг мөрдөх бус харин “татвар төлөгчид оршин байгаа учир төр оршин байгаа” гэсэн ухаалаг төрийн үзэл номлолд тулгуурлан энэ хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Татвар төлөгчдөд эдийн засаг, зах зээл, хууль журмын ижил орчин нөхцөлд үйл ажиллагаагаа явуулан татвараа шударгаар төлж, Засгийн газар тэдний төлсөн татварын зарцуулалтыг ил тод, дэлгэрэнгүй тайлагнадаг тийм тогтолцоог бий болгох шаардлагатай. Татварын байцаагч хууль барьж дарамтлах бус, дуртай үедээ дуудаж “төлөвлөгөөт бус” шалгалт байн байн хийх бус, би бол төр, чи бол зүгээр л нэг татвар төлөгч гэсэн дээрэнгүй байр сууринаас бус, зөвлөдөг, заадаг, ярилцдаг, хамтран ажилладаг төр байж тэгш, шударга, хүндлэл дээр суурилсан хуульчилсан харилцааны орчинг бий болгох шаардлагатай байна.
2. Аливаа улсын татварын тогтолцоо тэгш, уян хатан, удирдаж болохуйц байх зарчмуудад тулгуурладаг ба ихэнх улс орнууд төсөв бүрдүүлэх, нийгмийн орлогыг дахин хуваарилах, зах зээлийн гажуудлыг засч залруулахад татварын бодлогоо чиглүүлдэг. Тэгвэл манай орны хувьд зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд татварын бодлого нь голчлон чиглэгдээд бусад асуудлуудаа орхигдуулаад байна. Өөрөөр хэлбэл орлогын хуваарьлалт тэгш бус, татварын бодлого нь зах зээлийн гажуудлыг засах бус харин ч түүнийг улам гажуудуулахад нөлөөлж зах зээл, бизнесийнхний чадамжаас давсан, тэдний амьдрах чадварт сөрөгөөр нөлөөлөхүйц татвар хураамжийг элдэв арга механизмаар бараг хүчээр авч байгаа нь бизнесийг өсч өндийх, нэн ялангуяа эдийн засгийн хямралын ирмэгт ирчихээд байгаа өнөө үед бүр ч хүндээр тусч, нөлөөлж байгааг татварын тогтолцооны шинэчлэл хийхдээ анхаарах хэрэгтэй байна. Дөрвөн арвын үндсэн татваруудаа төлөөд дээр нь бусад төрлийн татвар, хураамжуудыг (үнэн хэрэгтээ нэлээд хэсэг нь хураамжийн бус татварын шинжтэй болчихсон) нэмээд гурван сая хүнтэй зах зээл дээр ажиллах, дөрвөн арвын татвар төлөөд гучин сая хүнтэй зах зээл дээр ажиллах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Энэ талаас нь үзвэл Монгол улс татварын бодит ачаалал бага орон биш, татварын “диваажин” бүр ч биш. Ажлын байр бий болгодог, татварын орлого бүрдүүлдэг албан секторт ажилладаг хэсгээ дарамтлах замаар, хоморголон шалгалт хийх замаар, нэг удаа төсөвт нэлээд хэмжээний орлого оруулж төрд түүнийгээ баяртайгаар илтгэж болох хэдий ч дараагийн удаа татвараас зугтах, улам бүр томорсоор буй албан бус сектор сүүдрийн эдийн засаг руу шилжих хандлага улам л ихэснэ. Ийм байдлаар явсаар л байх уу?
3. Сүүлийн үед улам бүр нэмэгдэх хандлагатай болоод байгаа төрийн оролцоо, үр дүн муутай зохицуулалтын асуудлыг татварын шинэчлэл хийхдээ маш анхааралтай авч үзэх шаардлагатай байна. Ер нь татвартай холбоотой аливаа зохицуулалт, чөлөөлөлт, журмыг аль болох багасгах ёстой. Шилжилтийн болон хөгжиж буй орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд зохицуулалтын индекс / энэ нь 0-5 хооронд байдаг/ 1 нэгжээр нэмэгдэхэд далд эдийн засаг 10 нэгжээр өсдөг гэсэн хамаарал гарсан байдаг. Бизнесийнхэнд ижил тэнцүү нөхцөл бий болгож шударга өрсөлдөх бололцоо боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг.
4. Өмнө нь татварын хүрээнд хэрэгжүүлсэн “Дөрвөн 10″-ын тогтолцоо харьцангуй дэвшилттэй болсон бөгөөд үүний нэгэн адил “Дөрвөн 5″-ын тогтолцоог нэвтрүүлэхийг МҮХАҮТ, нийт бизнесийнхэн санал болгож байна. Өөрөөр хэлбэл НӨАТ, НДШ, ААНОАТ, ХХОАТ зэргийг бүгдийг 5 хувь болгох. Үе үеийн сангийн яамны байнга хамгаалдаг “татварын хувь хэмжээг бууруулснаар төсвийн орлого багасна” гэсэн өрөөсгөл хандлагыг өөрчлөх цаг болсон. Татварын хувь хэмжээг багасгаснаар улс алдах бус, харин ч хожих болно. Татварын бааз суурь өргөжиж энэ хирээр татварын орлого өмнөхөөс өснө. Татварын өөрчлөлтийн загвар ашиглан тооцож үзсэн судалгаанаас үзэхэд ААНБОАТ-ыг 5 хувиар бууруулснаар тухайн төрлийн татварын алдагдал 0,75 нэгжээр нэмэгдэх хэдий ч татварын бааз өргөжсөнөөр олох орлого 1,2 нэгжээр өсч улсад учрах цэвэр ашиг буюу орлого 0,45 нэгжээр нэмэгдэхээр байгаа юм.
5. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд босгыг алга болгож бүгд жигд төлдөг болгох шаардлагатай байна. Дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг энэ татварыг манай улс анх нэвтрүүлэхдээ аж үйлдвэрийн суурь бааз сайтай, өртөг нэмэгдүүлдэг үйлдвэрлэл өндөр хөгжиж нарийн төрөлжсөн улс орнуудад хэрэгждэг нарийн нийлмэл олон шатлалтай, үйлдвэрлэлийн шатлал бүрт ногдуулдаг НӨАТ-ыг / Value added tax/ сонгож түүнийг нутагшуулах гэж янз бүрээр оролдож энэ нь эцсийн дүндээ бизнесийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж эдийн засаг дахь гажуудлуудыг гүнзгийрүүлж ирсэн бөгөөд одоо орлогын НӨАТ буюу Sales tax –д шилжих шаардлагатай байна. НӨАТ-ын ийм энгийн, хялбаршуулсан хэлбэрт шилжих, босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж татварын орлого нэмэгдэхийн зэрэгцээ тус татвартай холбоотой гарч байсан элдэв хүндрэл бэрхшээл, дарамтууд алга болно. /НӨАТ-ын тайлагнал, хуурамч падаан, шивэлт, аж ахуйн нэгжийн жижигрэлт гэх мэт/
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд татвар төлөгчдийн дийлэнх цөм болсон жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хувьд өсч өндийх, хуримтлал үүсгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх зэрэгт өнөөгийн татварын хувь хэмжээ, тогтолцоо хүндхэн тусч байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн энэ татвар хөрөнгө оруулалт хийх боломж, сэдэл огт өгөхгүй зөвхөн зардал нэмэгдүүлэх сэдэл өөрийн эрхгүй өгдөг тул манай том гэж буй аж ахуйн нэгжүүд жинхэнэ утгаараа томорч олон улсын жишигт хүрч чадахгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар бүх асуудлыг шийдэхийг оролддог, тэр нь үр ашиг муу байдаг архагшсан практикаас зоригтой татгалзаж ААНОАТ-ыг бууруулж нийтийн хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалтаар орлуулах, тар-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрүүдийг төсвийн хөрнөгө оруулалтын гол чиглэл болгох шаардлагатай байна. Тус татварын хувь хэмжээг 5 хувь болгон бууруулах нь татварын бааз суурийг өргөтгөн орлогыг нэмэгдүүлэхээс гадна албан бус эдийн засгийн хэмжээг бууруулах, албан эдийн засагт шилжих боломжийг бүрдүүлж өгөх давуу талтай байх болно. Харин тус татварын хувь хэмжээг бууруулснаар элдэв хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах шаардлагатай.
7. Нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл нь ажиллагсададаа өндөр цалин хөлс өгч тэдний ахуй амьдралыг сайжруулах, олон хүнийг ажлын байраар хангахад ихээхэн дарамт болдог, хүндрэл учруулдаг татварын нэг билээ. Нөгөө талаас ажиллагсадын хувьд, нэн ялангуяа залуучуудын хувьд ч тус татварыг төлөх сонирхол бага байдгаас албан бус гэрээгээр ажиллан нийгмийн даатгал төлөхгүй явдгаас цаашдаа өөрсдөө хохирох явдал ч их гардаг. Энэ гажуудлыг засах нэг арга зам нь тус татварын хэмжээг бууруулж бүгд төлдөг болгох явдал юм. Ингэснээр ажил олгогч төдийгүй ажилтнуудын эрх ашигт ч нийцэх юм. Цаашид монгол улсад сайн дурын болоод хувийн даатгалын тогтолцоог бий болгож даатгалын салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатай байна.
8. Хүн амын орлогын албан татвар нь чадварлаг, өндөр мэргэжлийн ажилтнуудад өндөр цөлин хөлс төлөх, нийгмийн архаг үзэгдэл болоод байгаа ядуурлыг бууруулах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчилж татварын хувь хэмжээг бууруулан 5 хувь болгох саналтай байна.
9. Хөгжиж буй орнуудад татварын тогтолцооны шинэчлэл хийсэн туршлагаас үзэхэд зөвхөн фискал буюу төсвийн талаас нь хардаггүй хамгийн гол нь шинэчлэл хийснээр татвар төлөгчдийн авир төрхөд эерэг өөрчлөлт орох (behavioural change гэж нэрлэдэг) замаар татварын суурь бааз өргөжих орлого нэмэгдэх, татварын харилцаа шударга, ил тод болох, далд эдийн засаг хумигдах, эдийн засгийн өсөлтийн чанар, оролцоо хүртээмж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байдаг байна.
10. Монгол улсад өнөөдөр бодитойгоор 2 эдийн засаг оршиж байна. 1-рт, Албан эдийн засаг. 2-рт, Албан бус эдийн засаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдийн хандлагыг харахад албан бус эдийн засаг хүрээ нь хумигдахгүй харин ч нэмэгдэх хандлагатай байна. Зарим судалгаа тооцооноос үзвэл албан бус эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг эзлэх болж албан бус эдийн засгаас албан эдийн засаг руу бус харин ч эсрэгээрээ байх хандлага илт ажиглагдах болсон. Ийм нөхцөлд татварын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргах нь маш оновчтой бөгөөд олон улсын энэ чиглэлийн туршлага ч үүнийг баталж байна. Тиймээс татварын тогтолцооны шинэчлэлийг хийхийн зэрэгцээ бодлогын логик үргэлжлэл болгож эдийн засгийн өршөөл үзүүлэх шийдвэр гаргах нь цаг хугацааны хувьд нэн тохиромжтой бөгөөд нэг л тайлан баланс гаргадаг, татварын дарамт шахалтгүй орчинд шударгаар өрсөлддөг компаниудтай, эдийн засаг нь дотроо 2 биш нэг л төрөлтэй, өрсөлдөх чадвартай өөдлөн дэвжих Монгол улсыг бий болгоход чухал ач холбогдолтой болох билээ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
URL: