ҮҮЛ ДАРГЫН «ХАР ДЭВТЭР»-Т БИЧИГДСЭН ДОЛООН КОМПАНИ ЦАГДААД Ч, ТАТВАРТ Ч, ДААТГАЛД Ч АСУУДАЛТАЙ

үүлХотын дарга Э.Бат-Үүл “хар дэвтэр”-ээ нээв. Улсын төсвөөс өчнөөн төгрөг авсан атлаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй хулхи компаниудын нэрийг тэрбээр энэ дэвтэртээ бичиж улмаар Сангийн яаманд илгээснээр “Бэрх зараа”, “Нэмүт” тэргүүтэй долоон компани нийслэл цаашлаад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байгаа юм. Иймээс Үүл даргын “хар дэвтэр”-т бичигдсэн долоон компанийн талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ХУЛХИДСАН “НЭМҮГ’ ХХК-ИЙН ЗАХИРЛЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙЖЭЭ
Одоогоос гурван жилийн өмнө Сүхбаатар дуургийн Иргэний хэргийн шүүх хурлын танхимд тус дүургийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Нэмүт” ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийн шүух хурал болж байв. Нэхэмжилсэн мөнгөн дунгээсээ эхлээд олны анхаарал татаж байсан энэ хэргийн нэхэмжлэгч нь тус компанийн удирдлагуудаас нэг тэрбум 303 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ч хурлын явцад шаардлагаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн тухайгаа дуулгаж байв.

Чухам ямар учраас гэсэн шүүгчийн асуултад нэхэмжлэгч тал “Нэмүт” ХХК-ийн захирал Г.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоолгох шаардлагатай байна хэмээн мэдэгдэж байлаа. Шүүх энэ нэхэмжлэлийг хянан хэлэлцээд тус компанийн захирал Г.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг нь олох ажлыг Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэс болон дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж байсан юм. Тэгвэл шүүх, цагдаа, нийгмийн даатгалын байгууллагын “хар дэвтэр”-т бичигдсэн “Нэмүт” ХХК-ийн удирдлага Нийслэлийн Засаг дарга цаапшаад Сангийн яамны “хар жагсаалт”-д бичигдэхээр боллоо. Учир нь НЗДТГ-ынхны өгсөн мэдээллээр тус компани Баянзүрх дүүргийн XXII хороо Зүүн Алтан өлгий, АТП-2183 дэд станцын зүүн талд инженерийн шугам сүлжээ тавихаар болсон ч гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа хаяж явсан юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус компани 2009 оны есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 25-ны хооронд ажил гүйцэтгэх байсан бөгөөд 133 сая төгрөгийн санхүүжилтээс 122 саяыг нь авчээ. Гэвч заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй бүр орхиод явсан тул холбогдох албаныхан тус компанид алданги тооцож 3.990.000 төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд УБЦТС ХК-ийн Зүүн түгээх сүлжээ төвийнхөн ажлыг нь гүйцээжээ. Иймээс Нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсгийнхэн тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх саналыг холбогдох газарт нь хүргүүлэхээр болжээ.

“МОТ МЕТАЛЛ “ХХК-ИЙН УДИРДЛАГУУД 180 САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ
Энэ компанийн тухай таатай мэдээлэл бас л хомс юм. Хамтран ажилладаг компаниудаа хулхидсан, ажлын хөлсөө өгөөгүй гээд хамтарч ажиллаж байсан аж ахуй нэгжүүд нь тус компанийг шүүхэд өгч байсан баримт зөндөө. Энд ганпхан баримт сийрүүлэхэд 2012 оны есдүгээр сарын 27-нд “Алтан аураг констракшн” ХХК-ийн удирдлагууд тус компанийн захирлаас ажлын хөлс гэж 7.610.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандаж байжээ. Гэвч тус компанийн удирдлага энэ мөнгийг өгсөн эсэх нь одоо ч эргэлзээтэй байгаа бөгөөд энэ мэт хууль бус үйлдэл хангалттай олон гэдгийг албаныхан хэлсэн. Тэгвэл тус компанийнхан нийслэлийн удирдаагуудыг мөн л хулхиджээ.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVII хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн байрны барилга байгууламжийн угсралтын ажлыг 2011 оны тавдугаар сарын 26-наас аравдугаар сарын 15-ны хооронд барьж өгнө хэмээн санхүүжилт авчээ. Ингэхдээ 307.5 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан бөгөөд захиалагч байгууллагаас нь хянан баталгаажуулж ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг нь үндэслэн тус компанид 180 сая төгрөгийг олгожээ. Гэтэл тус компанийн геологийн дүгнэлт, зураг төсөв алдаатай байснаас болж хөрсний ус их хэмжээгээр гарч, ажил гүйцэтгэхэд хүндрэл үүссэн бөгөөд үүнээс үүдэн тус компанийнхан ажлаа гүйцэд хийлгүй орхижээ. Иймд захиалагчийн зүгээс гэрээг цуцлан “Боршоон ундраа” ХХК-иар үлдэгдэл ажлыг 303 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн юм байна. Албаныхны өгсөн мэдээллээр хэдийгээр ажил дууссан ч хөрсний ус зоорь луу нэвчиж байгаа тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дээрх барилгыг ашиглалтад авах боломжгүй гэсэн юм байна. Иймээс улсын төсвөөс гарсан өчнөөн төгрөг салхинд хийсэх болоод байна. Түүнчлэн холбогдох албаныхан энэ хэрэгтэй холбогдуулан геологи хайгуулын дүгнэлтийг алдаатай гаргасан “Бар инж гсо” ХХК-ийг ч бас хуулийн байгууллагад шилжүүлж хохирлыг барагдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох яаманд албан бичиг хүргүүлж, хариуцсан, ажлаа орхиж явсан “Мот металл” ХХК-ийн барилга барих эрхийг түдгэлзүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх саналыг гаргаад байна.

ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙГ ХУЛХИДСАН  “АСАТИ МОНГОЛ”- ЫГ ТОЙРСОН БАЛАГ
Тус дүүргийн иргэд 2011 онд мөсөн гулгуурын талбай бүхий биеийн тамир спортын төв ордонтой болно хэмээн хүлээж байлаа. Дүүргийн Засаг даргын өгүүлснээр бол 900 сая төгрөгийн төсөвт өртөгт босох энэ ажлыг “Асати Монгол” ХХК хариуцаж байсан юм. Гэвч ажлын гүйцэтгэл өдгөө 30 хувьтай яваа бөгөөд үүнээс үүдэн чингэлтэйчүүд “Ийм өндөр үнэ бүхий мөсөн гулгуурын талбай барихын оронд сургууль, цэцэрлэгээ сайжруулсан бол” гэсэн хатуу үгийг Засаг даргадаа илгээж байлаа. Тэгвэл яг энэ ажилтай нь холбогдуулан “Асати Монгол” ХХК-ийг хар жагсаалтад оруулжээ. Албаныхны өгсөн мэдээллээр агаарын тулгуур баганат технологиор хийж буй гэх мөсөн гулгуурын талбай бүхий спорт цощолборыг барьж дуусах хугацаа 2011 дөрөвдүгээр сарын 27-ноос наймдугаар сарын 1 байсан аж. Мөн Сангийн сайдын 135 дугаар тушаалын дагуу  урьдчилгаа  төлбөрийн  банкны баталгааг үндэслэн 270 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон юм байна. Гэвч Чингэлтэй дүүргийн ЗДГГ-аас гэрээг цуцалж 2012, 2014 онд шүүхэд хандсан бөгөөд батлагдсан хөрөнгийн үлдэгдэл болох 630 сая төгрөгийг төсөвт буцаан татжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаанаас болж дээрх мөнгийг тус компанид алдсан гэж үзэж байгаа учраас тендерт оролцох эрхийг нь хязгаарлуулсан хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх саналыг хүргүүлжээ.

“МОНГОЛ АСФАЛЬТ-ИЙН УДИРДЛАГУУДЫГ ЭЦГ ШАЛГАЖ БАЙНА
Улаанбаатар хотын авто зам барилга, засварын ажилд хэрэглэгдэх асфальт бетон нийлүүлэх гэрээг “атгасан” гэх “Монгол асфальт” ХХК бас л хар дансанд бичигджээ. Учир нь тус компани 2012 онд нийслэлийн автозамын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд хэрэглэгдэх асфальт бетон хольц нийлүүлээгүй юм байна. Иймээс холбогдох газруудаас үлдэгдэл асфальт бетон хольцыг нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг тус компаниас удаа дараа шаарджээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн газарт хэргийг шалгуулахаар өгсөн аж. Уг нь гэрээ ёсоороо тус компани 2012 оны гуравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 31-нд нийслэлийн автозамын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд хэрэглэгдэх асфальт бетон хольцыг нийлүүлэх ёстой байсан бөгөөд нийт 500 сая төгрөг авах ёстойгоос 149 саяыг нь халаасласан байжээ.

ХАЯГАН ДЭЭРЭЭ БАЙДАГГҮЙ “ТОВУУ ЗАСАГ”-ИЙН ЗАХИРЛЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэрэг шүүх танхимд ‘Товуу засаг” ХХК-ийн захирал Г.Болдбаатарыг эрэн сурвалжлах шийдвэр гарч байжээ. Учир нь тэрбээр хамтран ажилладаг байсан “Экс кей” ХХК-ийн удирдлагуудыг хулхидсан бөгөөд аргаа барьсан тэд шүүхэд хандсанаар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж байсан аж. Тэгвэл нийслэлийн уирдлагууд түүнийг мөн л найдваргүй гэдгийг хэлж байна. Тодруулбал, Багануур дүүргийн 26-27 дугаар байрны дундах тохижилтын ажил гүйцэтгэх тендерт орж улмаар 73,5 сая төгрөгөөр хийх ажлын 51,5 саяыг авчээ. Гэвч ажлын гүйцэтгэл 70 хувьтай байхад ор сураггүй алга болсон аж. Иймээс хаяган дээрээ байдаггүй энэ компанийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж улмаар хуулийн байгууллагад шилжүүлсэн юм байна.

НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ХУЛХИДСАН “БЭРХ ЗАРАА”  БАС  “ХАР ДЭВТЭРТ” БИЧИГДЭВ
Нийслэлчүүд “Бэрх зараа” гэдэг компанитай эчнээ танил болоод удаж байгаа. Гэхдээ сайнаар бус саараар дурсах нь их. Зам тавина хэмээн улсын төсвөөс өчнөөн төгрөг гаргуулсан атлаа алга болчихоод байдаг энэ компанийн тухай таагүй мэдээлэл их бөгөөд хамгийн сүүлд л гэхэд 22-ын Товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил юм. Уг нь тус компани энэ ажлыг хийнэ хэмээн долоон тэрбум орчим төгрөг авсан аж. Гэвч гэрээт хугацаандаа ажлаа дуусаагүй, хийсэн нь чанаргүй байжээ. Иймээс тухайн үед буюу 2012 онд нийслэлээс томилогдсон ажлын хэсгийнхэн тус компанийн ажлыг “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг” ХХК-нд хариуцуулсан ч мөн л гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй юм байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсгийнхэн “Бэрх зараа” ХХК болон “Чи Чи Ха Ар хот төлөвөлтөлт инженеринг” компанийг хуулийн байгууллагад шилжүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх саналтай байгаагаа уламжилжээ.

 
Л.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих