Шувууны ханиаднаас сэргийлж тагтаа хооллохыг хоригложээ

4-22-10С.САРУУЛ

Урин цаг ирэхээр Гандангийн тагтаанууд цаддагсан. Хааяа тагтаа хооллохоор очиход тайван амгалан тагтаанууд тонгосхийн хүмүүсийн гар дээрээс тариа, будаа шүүрддэг байлаа. Гэтэл энэ жил гадаа үүд, дэлгүүр гээд тагтаанууд  хаа сайгүй ганц нэгээрээ байгаа харагдлаа. Төв хаалганы үүдэнд будаа зарж байсан бүсгүйгээс яагаад тагтаанууд Гандангийн гадаа энд тэндгүй байгааг асуухад “Өлсгөлөн болохоороо л ганц нэгээрээ хог түүж идэж байхгүй юу. Тэнгэр дулаарчихсан байхад хүмүүс цөөхөн явж байна. Бас тариа зарж амьдралаа залгуулдаг биднийг будаа заруулахгүй гээд хөөгөөд байгаа. Тэр тусмаа шинэ хүмүүсийг бол бүр заруулдаггүй” гэв.

Гандангийн төв талбайд очлоо. Гялгар торонд дүүрэн будаа хийсэн настай хүн, цэцэрлэгийн насны хүүхэд  хөтөлсөн залуус,  оюутан бололтой тагтаа хооллож зураг авахуулсан хэдэн охин, дээлтэй эрэгтэйгээс өөр хүн бараг л алга. Дээлтэй хүнтэй ойр зуур ярилцвал ”Хөдөөнөөс ирсэн боло­хоор Гандан орж ном уншуулаад тагтаа хоол­лоод явж байна. Манай хамаатнууд таг­таа­наас шувууны ханиад тусна гэж яриад байсан. Тагтаануудыг жинхэнэ цэвэр тариагаар хоолловол янз бүрийн өвчин тусахгүй байх” гэсэн юм. Шатан дээр 500 төгрөгөнд хоёр уут тариа  өгч байгаа эмэгтэйтэй ярилцангаа тагтаанд тариагаа цацаж өгвөл бөөнөөрөө ирж бие биенээсээ өрсөн булаалдаж байлаа. Эгээтэй л бие биенээ хэмлэх шахав. Тариа зарж байсан бүсгүй “Өглөө 7:00 цагийн үед намайг ирэхэд энэ хайрцагтай тариаг гаднаас нь тоншоод  байлгахгүй.

Шувууны ханиад тусна гээд тагтаа хооллуулахгүй гээд байгаа. Цагдаа нар ирээд хөөгөөд суулгахгүй. Заримдаа 5000 төгрөгөөр торгоод явна.  Энд байгаа хүмүүс бүгд л цэвэрхэн чанартай будаа зарж байгаа учраас тагтаанууд  ямар нэг өвчин тусахгүй. Жилд нэг удаа энэ талбайг ариутгадаг.  Тэр ч байтугай эндхийн таг­таануудыг устгана гэсэн яриа гараад байгаа. Ард түмэн бурхны номоо ун­шуулаад тагтаа хооллож буян үйлддэг учраас тийм ч амархан устгачихгүй байх. Тагтаанууд өлссөнөөсөө болж цөөрч байх шиг байна. Заримдаа хүмүүс тагтаануудыг  уутанд хийж аваад явдаг.Хамгийн сүүлд хар цүнхтэй хоёр залуу тагтаа барьж байгаад цагдаад баригдсан” гэсэн юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих