Хүн ганцхан мөрөөдөлтэй байх утгагүй
Энэ удаа англи хэлний “King’s kids” бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Хуланг уншигч тантай уулзуулж байна. Долоон настайдаа англи хэлний амтанд орж, шимтэн суралцсан тэрээр арван настайдаа МҮОНТ-ээр англи хэлний хичээлийг хэвлүүхэн зааж Та бидний танил болсныг уншигчид санаж байгаа биз ээ.
Ёстой л “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ” гэдгийн үлгэрээр эрдмийн аянд дөрөөлж, эх орондоо, ижий, аавынхаа дэргэд биш хүний нутагт, хэнийг ч гэх аргагүй тийм л орчинд 15 наснаасаа эхлэн сурч боловсорч, ажиллаж, амьдарсан тэрээр эх орондоо суурьшихаар хоёр сарын өмнө иржээ.
-Багагүй хугацаанд, бас харьцангуй багаасаа гадаадад төвхнөсөн Таны хувьд эх орон, ижий аав, элгэн садандаа ирнэ гэдэг тийм гэхийн аргагүй сайхан мөч байсан нь ойлгомжтой…?
-Тэгэлгүй яахав, сурч боловсроё гэсэн хүсэл мөрөөдлийнхөө багахан хэсгийг ч гэсэн биелүүлээд эх орон, ээж, аавдаа ирээд сайхан байна. Хэдийгээр амралтаараа түр хугацаанд ирдэг байсан ч бүр мөсөн ирсэн гэж бодохоор их сайхан байна, төрж өссөн гэр гэдэг юутай ч зүйрлэшгүй шүү дээ.
-Цэнхэр дэлгэцээр англи хэлний хичээл заадаг байсныг тань мэдэх хүн бий ч, мэдэхгүй нь бас байгаа. Ер нь манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Аав, ээж минь Булган хангайн хүмүүс. Гэсэн хэдий ч би 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Нэг ах, хоёр эгчтэй, айлын отгон охин. Өвөө, аав, ээж гээд л бүгд багш нар, тийм болохоор багахан хэмжээний “боловсролын байгууллага”-т өссөн гэж болно.
-Тэгэхээр энэ “байгууллага”-ын хамгийн залуу боловсон хүчин нь Хулан гэдэгтэй санал зөрөх хүн үгүй байх. Ер нь тухайн үед англи хэлийг шимтэн суралцах болсон гол түлхүүр нь юу байв ?
-Долоон настайгаасаа буюу нэгдүгээр ангид ороод л англи хэл сурахаар тэмүүлсэн. Шалтгаан нь их инээдтэй. Одоо бодоход их л хор шартай хүүхэд байж. Эгч маань Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутан, мундаг сурлагатай хүүхэд байсан.
Тэгээд амралтаараа ирчихээд надад цагаан толгойн 35 үсэг зааж өглөө. Нэг өдөр бүгдийг нь заачихаад төд удалгүй асууж, шалгаагаад байна. Сургуульд ч орох болоогүй би яаж нэг өдөр 35 үсэгний ард гарахав дээ. Гэтэл чи яасан толгой муутай юм бэ, 35-хан үсэг сурчихаж чадахгүй энэ, тэр гээд л загнасан.
Тэр үед л ёстой хор шар хөдлөөд эгчийн мэддэг орос хэлнээс өөр ямар л мундаг хэл байна, тэрийг нь сурна даа гэж бодож байлаа. Тэгээд л сургуульд ороод англи хэлтэй “ноцолдох” болсон. Тухайн үед өөрөө ч сонирхолтой байсан болохоор багшийнхаа заасан болгоныг нэг их түүртэлгүй ойлгодог байлаа.
Удалгүй телевизээр хичээл зааж эхэлсэн. Тэр хэмжээгээр хүмүүсийн танил болсон. Бас Хулан багш л мэднэ, Хулан багшаас асууя, Хулан багшаа заагаад өгөөч гэх хүмүүсийн хүрээлэл, итгэл бий болсон. Энэ итгэлийг нь алдахгүйн тулд би илүү сайн сурах ёстойгоо мэдэрч, хичээсэн. Ийм л хоёр шалтгаан намайг багаас түлхүүрдсэн дээ.
-Тийм багаасаа өмнөө зорилго тавьж, түүндээ хүрнэ гэдэг мундаг чанар шүү. Бас хүний газар бие даан сурч боловсрох 15 настай хүүхдэд ахадсан ажил шиг санагдаж байна. Мэдээж, их л олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан байх…
-Тэгэлгүй яахав. “Хобби” сургуульд наймдугаар анги төгсөөд л АНУ руу явсан. АНУ-ын Монтана мужийн Custer County District High school-д суралцаж төгсөөд Бээжингийн Ардын их сургуулийн хятад хэлний бэлтгэл, дараа нь Хятадын тэтгэлгээр Шанхайн Tongji их сургуульд олон улсын худалдааны чиглэлээр 4 жил суралцсан. Сургуулиа төгсөөд Бээжинд “ТМС” гээд Францын сургалтын байгууллагад удирдлагын менежерээр 2 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад ирлээ.
Эхлээд Америк явна, их сайхан газар очно гэж догдлоод л жигтэйхэн баясгалантай байлаа. Гэтэл очоод эхний 7 хоног гэрээ санаж уйлаад л, буцъя, энд байж чадахгүй нь гээд сүйд болсон.
Айлын бага охин учраас ээж, аав ч гэсэн миний охин хүрээд ир гээд л… Гэтэл тэгсгээд нэг юм дассан. Хэрэв тухайн үед буцаад ирчихсэн бол одоо харамсах л байсан байх. Нэгэнт л тэнд сурах гэж зориод оччихсон юм чинь зорилгоо умартаж ухралгүйгээр гүрийсэн.
Харин дараа нь Бээжинд сурах үед хамаагүй өөр байсан. Гэрээсээ хол байгаад сурчихсан учраас тэр шүү дээ. Гэхдээ хятад хэл сурах гэж жаахан ядарсан, шантарсан үе бий. Гараа чилтэл ханз бичээд л… хэзээ ч сурч, хэзээ ч ярих юм гэж бодогдох үе цөөнгүй гарна шүү. Ер нь аль ч хэлийг сурахад хамгийн гол нь тэвчээр хэрэгтэй, ялангуяа хятад хэл сурахад маш их тэвчээр, хугацаа шаардагддаг.
Өнөөдөр таван үг цээжлээд маргааш түүгээрээ ярихад хэн ч ойлгохгүй. Англи хэл бол арай өөр, нүүрэмгий байхад болно, буруу зөрүү хэлчихвий гэж ичиж зовохгүйгээр сурсан мэдсэнээ өөр хоорондоо ярилцаж, цээжилсэн үгнүүдээ эргэлтэд оруулах хэрэгтэй.
-Тухайн үед монгол хүүхдүүд хамт сурч байв уу?
-Америкт сурч байхад монгол байтугай нэг ч ази тэнд байгаагүй. Дандаа л шар хүмүүс. Миний хувьд яагаад Монтана мужийг сонгосон бэ гэхээр вакум орчин бий болгох гэж л тэр. Ази, тэр дундаа монгол хүн анх удаа харж байгаа орон нутгийн хүүхдүүд, томчууд нь ч ялгаагүй ээ, их сонин харна, чи хятад уу гэж асууна.
Монгол гэхээр танай монголд тог цахилгаан байдаг уу, чи машинд сууж үзсэн үү, танайхан машин унадаг уу? гэх мэтээр сонин асуултууд их асууна. Тэр болгонд уурсаж, эх орноо өмөөрнө. Сүүлдээ би ч тиймэрхүү асуултад нь дасна, эргээд зөвөөр тайлбарлаад, эх орныхоо тухай эерэг бодит ойлголтыг өгч чаддаг болсон. Харин Бээжинд монгол оюутнууд цөөнгүй, мэдээж хөршүүд учраас их өөр шүү дээ.
-Одоо ч Монгол гэхээр тийм бүрэг байдлаар төсөөлөх хүмүүс бий. Тэр болгонд тухайн оронд байгаа монголчууд л хариулт өгч, байгаа байдлаараа үлгэр үзүүлэх нь ойлгомжтой. Энэ болгон бас л хариуцлага юм даа…
-Тэгэлгүй яахав. Миний хувьд 15 наснаасаа Хулан биш Монгол гэдэг нэрээр явсан учраас нэг талаар маш том хариуцлага, нөгөө талаас бас том бахархал. Монголчуудын зан заншил, ёс уламжлал, авир төрх, хувийн соёлыг надаар л төсөөлөх учраас хүний газар, олон орны залуусын дунд биеэ хэрхэн зөв авч явах вэ, Монгол гэдэг нэрийг ямар байдлаар гаргах вэ гэдгээс эхлээд би юу сурч мэдэх вэ, ямар хүн болж төлөвших вэ, цаашид эх орондоо хэрэгтэй юуг хийж бүтээх вэ гээд л хариуцлагаа ухамсарласан.
Тийм учраас бодож төлөвлөж, мөрөөдсөн зүйл багагүй бий. Хүсэл тэмүүлэл, итгэл сэтгэл, зорилго байвал одоо бүх зүйл нээлттэй байна. Ийм сайхан нээлттэй нийгэмд амьдарч байгаа, эх орныхоо ирээдүй болсон залуус залхуураад, гараа хумхиад суух утгагүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсорч, хөгжлөөс нь суралцаж, авах гээхийн ухаанаар амьдрах хэрэгтэй, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэж боддог.
Эх орон гээд л том зүйл ярихдаа, Эзэн Чингис хаан гэж чанга дуугарахдаа гол нь биш, хүн бүхэн энгийн жижигхэн зүйлээс эхлээд соёлжих хэрэгтэй. Гудамжинд явахдаа, салхинд гарахдаа хогоо хаа сайгүй хаячихгүй байх нь л эх оронч сэтгэл, хэн нэгэндээ баярлалаа, уучлаарай гээд хэлчих нь л соёл шүү дээ. Магадгүй гудамжинд явахдаа хог таарвал аваад зориулалтын саванд нь хийчих л дээ, энэ чинь эх орноо гэсэн сэтгэл.
Одоо бол үнэхээр эх орныхоо нэр хүндийг өргөе, суръя мэдье гэсэн сайхан охид, хөвгүүд, залуус зөндөө байна. Гэхдээ бас сайны хажуугаар саар гэгчээр хэнэггүй нэг нь ч бий. Гадаадад хэн хичээл тасалж байна монгол л байдаг, дотуур байранд хэн бохир сууж, дуу чимээ гаргаж байна монгол л байдагт жаахан эмзэглэдэг.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтийг залуу хүний хувьд хэрхэн харж байна. Магадгүй Танд их содон тусч байж болох юм. Бас өндөр хөгжилтэй оронд олон жил амьдарсан хүмүүс ирээд хотынхоо соёл иргэншилтэй нийцэхгүй байх шиг анзаарагддаг…
Хамгийн гол нь эх орноо хэн хөгжүүлэх вэ, бид л хөгжүүлнэ шүү дээ, тийм болохоор залуус маань өөрсдаө хөгжих учиртай. Мэдээж, эх орон маань тодорхой шатлалаар хөгжиж цэцэглэж байгаа нь лавтай. Нийслэлийн хөгжил сүүлийн хоёр жилд илт өөр болж байна. Надад голоод, гутраад байх зүйл алга.
-Ингэхэд Хулангийн бахархал юу вэ?
-Ийм сайхан монгол оронд, сайхан аав, ээжийн охин болж мэндлээд Хулан хэмээн дуудуулаад, эрүүл саруул, элэг бүтэн сууж байгаа минь л бахархал.
-Тэгвэл мөрөөдөл…
-Хүн нэгхэн мөрөөдөлтэй байх утгагүй, маш олон зүйлийг мөрөөдөж байж амжилтад хүрдэг гэж ойлгодог. Тийм болохоор мөрөөдсөн зүйл их байна аа. Хамгийн түрүүнд сургуулиа монголдоо номер нэг болгох, цаашлаад дэлхийд танигдсан тийм сургуультай болох хүсэл тээж байна.
Аав, ээжийн минь байгуулж өгсөн сургууль одоо 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Намайг эзгүйд ээж маань захирлын үүрэг гүйцэтгэж байсан. Одоо ажлаа ав л гээд байгаа, би нэг мөсөн хүүхдээ гаргачихаад, эргэж орохдоо авъя гэж гуйгаад байгаа.
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг шүү дээ, тэгвэл багш хэмээх эрхэм алдрын эзний хувьд мэргэжлээ юу гэж магтах вэ?
-Сүүлийн 2 жил би багшийн ажлаасаа нэлээд хөндий байлаа. Тэр хугацаанд багшийнхаа ажлыг маш их санасан, сайхныг нь илүү их мэдэрсэн. Ялангуяа, бүрэн дунд сургуулийн багш байна гэдэг сайхан шүү дээ.
Яг л байгаагаараа, худлаа зүйл нэг ч байхгүй, цагаан цаас шиг тийм хүүхдүүдэд хичээл заах, заасан бүхнийг минь ойлгоод нүд нь сэргэж байгаа хүүхдүүдийг харах, даалгавраа хийгээгүй ирчихээд гэмшиж байгаа тэр чин сэтгэл бүхнээс таашаал авч, тэр хүүхдүүдийн боловсролын гарааг эхлүүлж байна гэдэг аз жаргал юм даа.
Шавь нар маань эхнээсээ ажлын байранд гарчихсан, багш аа! Би тийм, ийм ажил хийж байна гээд л эргэх холбоотой байдаг.
-Айлын бага гэхээр эрх танхи гэсэн ойлголт л хамгийн түрүүнд төрдөг. Гэтэл Хулан энэ ойлголтыг эвдлээ…
-Эрхлэх үе байлгүй яахав. Гэхдээ дандаа л хэлээ хазаад сууна гэж байхгүй шүү дээ. Бие дааж, хувь хүн болж төлөвших хэрэгтэй. Нэг л өдөр бид амьдралд хөл тавина, аав, ээж болно. Тийм болохоор зорилготой байх хэрэгтэй. Миний нэг муу зан байдаг юм. Нэг юм бодоод төлөвлөчихвөл түүндээ заавал хүрэх гээд гүрийчихдэг, дундаас нь орхиж.чэддаггүй. Зарим хүн ямар ядаргаатай зөрүүд, чигээрээ зүтгэчихдэг хүн бэ гэж боддог байх аа.
-Гэр бүлийн хувьд…
-Шанхайд сурч байхдаа нэг ангид байсан солонгос залуутай гэр бүл болсон. Бид өнгөрсөн 6 дугаар сард Солонгост хуримаа хийчихээд, монголдоо ч бас үндэснийхээ ёс заншлын дагуу сайхан хурим хийсэн.
Нөхөр маань монголд хайртай, элгэмсүү, ямар ч зүйлд их нийтэч тийм л залуу. Одоогоор монгол хэл судлаад тун завгүй байгаа. Хоёр талын аав, ээжүүд маань биднийг их сайхан хүлээж авсанд баяртай байгаа.
Миний хувьд бүр багаасаа олон орны хүмүүс дунд амьдраад явчихсан болохоор нөхрийгөө харийн хүн, гэр бүл болвол аав, ээж минь юу гэх бол энэ тэр гэж ер бодож байгаагүй. Хувь хүн гэдгээр нь л хүлээж авсан. Бид ирэх 9 дүгээр сард аав, ээж болно, үүрэг хариуцлага маань нэмэгдэнэ дээ.
-Батлан хамгаалах салбар, цэрэг дайчдын талаар ямар төсөөлөлтэй байдаг тухай асуултаар ярилцлагаа өндөрлөе…
-Аав маань залуудаа “Хүч” нийгэмлэгийн тамирчин байсан, тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Цэнддоо гэж хүн байдаг. 1980 онд эх орноо төлөөлөн Олимпод оролцож байсан юм билээ. Ээж маань бас БХЯ-ны “Шонхор” зусланд багшилдаг байсан гавьяат багш Мягмарсүрэн гэхээр тухайн үеийн хүүхдүүд андахгүй.
Тийм болохоор хүчний байгууллагуудыг сайн мэднэ. Мэдээж, эх орноо, ард түмнээ батлан хамгаалж байгаа ийм нэр хүндтэй албанд зүтгэж яваа цэрэг дайчдаараа бахархдаг. Багадаа ээжийгээ дагаад л “Шонхор” зусланд зусдаг байлаа.
Хагас цэргийн зохион байгуулалттай зуслан учраас бас чамгүй цэрэгжилттэй охин байсан шүү. Ер нь нэлээд хөдөлгөөнтэй, ширээний болон талбайн теннист нугасгүй, бас төгөлдөр хуур тоглох дуртай хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье!
Ахлах дэслэгч Д.Мэндбаяр
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: