ТҮЦ-үүд шинэ загвараар баригдахаар боллоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийн талаар хэлэлцсэн юм. Одоогоор Улаанбаатарт 400 гаруй ТҮЦ ажиллаж байгаагаас эрүүл ахуйн орчин, өнгө үзэмж, тохижилтын ажил тун хангалтгүй байна. Уг нь ТҮЦ нь томоохон худалдааны төвүүд шиг дугаарлаж зогсдоггүй, иргэдийн цаг завыг хэмнэдэг сайн талтай юм. Тиймээс ТҮЦ-ийн тоог багасгалгүйгээр, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхээр боллоо. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ТҮЦ-ийн шинэ загварыг боловсруулж байгаа юм.
Удахгүй зураг нь батлагдан үйлдвэрлэх, барих ажлаа эхлүүлэх ажээ. Шинэ загвар нь 10 ам.метр хэмжээтэй байх бөгөөд хөргөгч, бие засах газартай байх юм байна. НИТХ-ийн тэргүүлэгчид “Энэ асуудлыг худалдаачид хэрхэн хүлээн авч байна. Тэд зөвшөөрөх үү” гэхэд Хотын ерөнхий менежер Б.Бадрал “ТҮЦ эрхлэгчдийн холбооноос энэхүү асуудлаар санал ирүүлсэн. Бид дагаж мөрдөх журамтай баймаар байна. Тэгэхгүй бол биднийг гоочлон хөөж туугаад болохгүй юм гэсэн. Тэр үндсэн дээр энэ асуудлыг оруулж ирлээ” хэмээв.
Шинэ ТҮЦ нь гадна талдаа зориулалтын хогийн савтай, эргэн тойрондоо цэцэрлэгжүүлэлт хийсэн, эрүүл ахуйн өндөр төвшинд ажиллах аж. Мөн ТҮЦ хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх юм байна. Үүнд майонез, өндөг, сүү зэрэг орсон амархан мууддаг бүтээгдэхүүн зарж борлуулахыг хоригложээ. НИТХ-ын Тэргүүлэгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Өмнө нь 20 сая төгрөгийн ТҮЦ-ийн асуудал дэгдэж бөөн юм болсон. Мөн түүн шиг өндөр төлбөртэй бол жижиг худалдаа эрхлэгчдэд хүндрэлтэй юм. Бид бага, дунд орлоготой иргэдээ дэмжинэ гэж ярьдаг. Гэтэл үүнийг журамласнаар тэднийнхээ нурууг нь авах вий гэсэн болгоомжлол байна” гэсэн юм. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бид өмнө нь эдгээр цэгүүдийн загварын асуудал дээр нэг ч удаа шийдвэр гаргаж байгаагүй. Нийслэлийн нэрийг барьж Мөнхбат гэдэг нөхөр бөөн луйвар хийсэн.
Энэ удаагийнх бол өөрийн гэсэн бодлого шийдвэртэй. Хотын өнгө төрхөнд эергээр нөлөөлсөн ажил болно” гэлээ. Ийнхүү нийслэлийн гудамж дахь “ноорхой” ТҮЦ-үүд удахгүй шинэ загвараар баригдан, соёлтой эрүүл бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх юм байна.
Т.БАТСАЙХАН
URL: