Манай улсын талаар бас нэгэн мэдээлэл “Wikileaks”-д гарлаа

Викилийкс сайт Монголын талаар шинэ мэдээлэл цацлаа. Энэ удаад Канадын Худалдааны сайдын Монголд айлчилсан талаарх бөгөөд тэрбээр Монголын улстөрчидтэй хэрхэн харилцсан, ямар дүгнэлт хийгээд буцсан талаар бичжээ. Мөн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой зүйлийг бичсэн байна.

Канадын Олон Улсын Худалдаа Хариуцсан сайд Дэвид Эмерсон 2008 онд Монголд айлчилсан нь Канадын төлөөлөгчид 10 жилийн дараа Монголд айлчилсан явдал болсон  гэдгийг өгүүлээд Дэвид Эмерсон нь манай улсын  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан С.Оюун, Үйлдвэр худалдааны сайд асан  Х.Наранхүү болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол улс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй, амаргүй  тул Канад улстай хамтарсан нь дээр гэж ухуулж байжээ.

Тэрбээр уулзалтын дараа Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мэдээлэл сайтай, алсын хараатай ерөнхийлөгч болохыг магтаад, “Энхбаяр Монголын баялгийг бүгдийг төрийн мэдэлд аваад Канадын оролцоог багасгаж магадгүй” гэж санаа зовж байснаа төлөөлөгчдөд хэлсэн байна. Харин С.Баяр, С.Оюун, Х.Наранхүү нар таалагдаж байгааг нуугаагүй байна. Учир нь эдгээр эрхмүүдийн газрын баялаг, уул уурхайг ашиглах санал нь ноён Эмерсонд таалагдсан байна. Энэ гурван эрхэм уул уурхайг ашиглахын тулд гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байсан ажээ.

Энэ мэдээллээс харахад одоогийн уул уурхайн салбарт Канадын компаниуд олноор орж ирж, хөрөнгө оруулалт хийж байгаа болон Канадын “Айвенхоу Майнз” компани Монголын Оюутолгой төслийг эргэлтэд оруулах эрхийг авч Рио Тинтотой хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын улстөрчдийн ойлголцол үр дүнгээ өгч буйн илэрхийлэл аж.

Мөн Викилийкс сайт 2006 онд зэсийн үнэ огцом нэмэгдэж байх үед Н.Батбаяр тэргүүтэй гишүүд ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчдаас Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах хуулийн  төсөл боловсруулж УИХ-д оруулж батлуулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх хууль болсон. Тухайн үеийн ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх асан Цогтбаатар хуулийг эдийн засаг, гадаадын бизнесмэнүүдэд харшилсан хууль болсон гэдгийг  Н.Энхбаярт зөвлөж байсан. Ерөнхийлөгч Н.Энхбаяр  хууль батлагдсанаас хойш тав хоногийн дотор хориг тавих эрхтэй ч,  хориг тавиагүй өнгөрсөн  нь хууль батлагчидтай том зүйл дээр тохиролцсон байж болох юм гэх мэдээлэл гарчээ.

Тус сайт дээр гарч байгаа олон арван нууц материал нь тухайн улс орны засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой учраас Викилийкс сайтын “ам”-ыг барихыг олон улс хүсэж байгаа ч тус сайт Америк болоод бусад улс орнуудтай холбоотой мэдээллүүдийг хүргэсэн хэвээр л байна.

Викилийкс сайт дээр дээрх мэдээллээс өмнө өнгөрөгч оны сүүлийн сард Америк улстай холбоотой олон нууц материал дэлгэсний дотор Умард Солонгос, АНУ-ын уулзалтанд Монголын төлөөлөгч зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох талаар ярилцаж байсан тухай  баримтыг дэлгэж байсан билээ.

О.Одноо


URL:

Сэтгэгдэл бичих