Хүүхэмсэг эрчүүдийн явдал
Залуусаа хүний амьдралын нэгэн чухал зүйл бол мэдээж секс. Яагаад энэ нийтлэлийг хүргэж байна вэ гэвэл манай охид залуучууд сексийн талаар зөв ойлголттой байгаасай мөн энэ асуудлаас болж хэн нэгнийгээ битгий гомдоож байгаасай гэж энэхүү залуугийн бодит туршалагаас үндэслэсэн зөвлөгөөг хүргэж байна.
Хүмүүсийн дунд “Бусдын мунхаглалыг өөртөө ашигтайгаар эргүүлэх нь хамгийн мундаг” гэсэн яриа байдаг. Нийтлэлийн маань сэдэв үүнтэй холбоотой бөгөөд би өөрийн сурч мэдсэн цөөн хэдэн зүйлийг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Энэ бол охид, тэдэнтэй тогтоох харилцаа холбооны тухай юм. Намайг гэр бүл болтлоо бэлгийн харьцаанд оролгүй хүлээхээр шийдэхэд хүргэсэн найман шалтгааныг доор дурдлаа.
Болзох үеийн зөвлөмж #1:
Бэлгийн харьцаанд орох нь төсөөлж байсан шиг минь сэтгэл ханамжийг авчирдаггүй болохыг би ойлгосон
Коллежид сурч байхдаа би өөрийгөө “Янаг амрагийн явдалд шартаж” байгаагаа анзаарсан. Охидтой хамт байсны маргааш өглөө би сэтгэлдээ үргэлж хоосролыг мэдэрдэг байв. Үүнийг телевиз, эсвэл кинон дээр дүрслэн харуулдаггүй ч ийм зүйл үнэхээр олонтаа тохиолддог. Үүний эцэст хоосон мэдрэмж, харуусал заавал төрдөг байлаа.
“Янаг амрагийн явдалд шартаж” буй нь миний хувьд үнэхээр хачирхалтай тохиолдол байлаа. Коллежид сурч байхад секс гэдэг бол миний хувьд яг л “бурхан” маань байлаа. Эрэгтэй хүний хувьд өглөө, өдөр, үдэшгүй зөвхөн үүний л тухай боддог байв. Тэгэхлээр та намайг өөрийн “бурхнаа” тахин, хүндлэх том үйл болох бэлгийн харьцаанд орсноор бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг авдаг байсан байх гэж бодож байж магадгүй. Гэвч тийм байгаагүй, сэтгэл хангалуун мэдрэмж надад ирж байсангүй.
Танд энэ бүхэн танил байна уу? Та ер нь “Янаг амрагийн явдалд шартаж” байсан уу? Хэрэв, тийм бол та зогсоод, энэ талаар эргэцүүлэн, бодож үз. “Яагаад ийм байна? Хэрвээ секс тийм чухал зүйл юм бол яагаад миний сэтгэл хоосон хэвээр үлдэж байна вэ?”
Сэтгэлийн эл хоосролоос болж, би үнэхээр төөрөгдөлд орж байснаа санаж байна. Улмаар “Секс надад бүхнээс илүү их хэрэгтэй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрч байсан. (Хоосон мэдрэмжийг минь арилтал дүүргэж чадна гэж найдсан зүйлсийнхээ талаарх бидний бодол үргэлж ийм буруу байдаг. Жишээ нь: Бид хүсэн дурлаж байсан машинаа худалдан аваад хэсэг хугацааны дараа түүнээсээ уйддаг. Үнэндээ машин биднийг сэтгэл хангалуун болгох зүйл биш юм байна гэдгийг ухаарч танихын оронд “Энэ машин биш байж. Өөр машин л надад сэтгэл ханамжийг өгнө” гэж үргэлж ташаа боддог.)
Гэхдээ л сэтгэлдээ хоосон байдлыг мэдэрсэн хэвээр байдаг. Эцэст нь би гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа төсөөлөгддөг, кино дэлгэцээр сурталчлагддаг шигээ сэтгэл ханамжийг өгдөггүй болохыг ойлгосон юм. Хэрвээ тийм байсан бол яагаад ч тэнд “хоосрол” байх ёсгүй шүү дээ.
Болзох үеийн зөвлөмж #2:
Эмэгтэй хүмүүст илүү хүндлэлтэй хандахыг би хүсэх болсон
Бэлгийн харьцаанд орох болоход тэнд яг чухам юу болоод байгааг охид бүрэн ойлгодоггүй болохыг би мэдсэн. Учир нь тэд аливаад залуусаас ондоо ханддаг. “Би түүнд хайртай юм чинь” гэдгээр охид бэлгийн харьцаанд орсноо, хэдийгээр орох хүсэлгүй байсан ч орсныгоо зөвтгөдөг. Яагаад ингэдэг вэ? “Охид хайрлуулахын тулд сексийг хэрэглэдэг, хөвгүүд бэлгийн харьцаанд орохын тулд хайрыг ашигладаг” гэсэн яриа байдаг нь үнэний хувьтай аж.
Охид тухайн хөвгүүнтэй нэгэн өдөр гэрлэж буйгаа төсөөлөн боддог бол хөвгүүд найз нөхдөдөө ярих зүйлтэй байхын тулд тухайн охинтой хийхийг хүсэж буй бүх зүйлийг ургуулан боддог. Үүнийг хийх нь зөв гэж охид дотроо бодож байхад хөвгүүд үүнийг буруу гэж бодсон ч үргэлжлүүлдэг. Яагаад тэр вэ? Мэдээж хүсэл, тачаалаас болж байгаа ч үүнд бас өөр нэгэн шалтгаан байгаа. Тэр бол эр хүн гэдгээ мэдрэх. Гэхдээ үүнийгээ мэдрэхийн тулд заавал бүсгүй хүнийг мэхлэх хэрэгтэй гэж үү?
Бүсгүй хүнийг хүндэтгэж байхдаа та өөрийгөө ч бас хүндэлж буй хэрэг юм гэдгийг ухаарсан. Учир нь та хожим хойно харамсалд хүрэх үйлдэл хийснээрээ таашаалаас ч илүү удаан хугацаанд таныг зовоох харууслыг үүрч явах хэрэгтэй болдог. Роб Рой гэдэг кинонд гол дүрийн баатар ийн өгүүлдэг “Хүндэтгэл бол эр хүний өөртөө өгч чадах бэлэг”. Та зүрхэндээ зөв гэж мэдэрч буй (тухайн эмэгтэйг гомдоохгүй) зүйлийг үйлдэх замаар бүсгүй хүнд хүндлэл үзүүлснээрээ өөрийгөө хүндэтгээд зогсохгүй амьдралаа харуусал тээсэн он жилүүдээс хамгаалах болно.
Болзох үеийн зөвлөмж #3:
Тэр бол өөр нэгний гэргий
Надтай болзож байсан охидын дийлэнх нь одоо аль хэдийн өөр хүний эхнэр болсон. Тэдгээр нөхрүүдийн оронд би өөрийгөө тавьж үзэхдээ эхнэрүүдтэй нь тийм зүйл хийгээгүй байсан ч болоосой гэж хүсдэг. Би үүндээ үнэхээр харамсдаг.
Намайг гэр бүл болоход эхнэрт маань өөр хэн нэгэн минийх шиг байдлаар хандсан байвал надад мэдээж сайхан байхгүй. Та юу гэж бодож байна? Өөр хэн нэгэн таны эхнэртэй байхыг та хүсэж байна уу? Та одоо найз охинтой бол ирээдүйн эхнэрт чинь тийм зүйл тохиолдвол танд ямар байх вэ гэдэгтэй жишиж нэг үзээрэй.
Та бас үүнийг арай өөрөөр төсөөлж үзэж болно. Тэр охин хэн нэгний хайртай охин нь. Тэгвэл, тэр таны охин байвал яах вэ? Эсвэл тэр таны эгч, эмэгтэй дүү чинь бол яах вэ? Тийм бол өөртэйгээ адил залууст охиноо, эгчийгээ, дүүгээ ашиглуулахыг та хүсэх үү? Одоо би охидыг өөр өнцгөөс харах болсон. Тэд ирээдүйд хэн нэгний гэргий болно, бас хэн нэгний охин, эгч дүү нь билээ.
Болзох үеийн зөвлөмж #4:
Бэлгийн харьцаанд орсноор миний хамгийн сайн харилцаа сүйрсэн
Нэгэн жишээ дурдахад, коллежид байхдаа би өөрийнхөө мөрөөдлийн эзэн болсон, ялдамхан зантай нэгэн охинтой үерхдэг байлаа. Түүнтэй хамт байхдаа би хэзээ ч уйддаггүй байсан. Гэвч миний санаачлагын дагуу бид бэлгийн харьцаанд орж эхэлсэн билээ.
Удалгүй бидний харилцаа зөвхөн секс дээр л төвлөрөх болсон. Би түүнийг бусад талаар сонирхохоо больж, бид улам илүү дотносож ойртохын оронд бие биенээсээ холдож эхэлсэн юм даа. Тиймээс л би “Бэлгийн харьцаанд орсноор миний тогтоосон хамгийн сайн харилцаа устаж үгүй болсон“ гэж хэлдэг. Хүмүүс сэтгэл санаа, оюун бодол, бие махбод, сүнсний гээд өөр хоорондоо ялгаатай, олон тал дээр түшиглэх нь бий. Харамсалтай нь, найз охинтойгоо тогтоосон миний харилцаа илүү бие махбодын тал уруугаа хэлбийх болсноос үүдэн, харилцааны маань бусад хэсэг тастагдаж, эцэстээ харилцаа маань бүхэлдээ сүйрсэн юм. Хэрвээ бид (би) хүлээсэн бол өнөөдөр ч бид хамтдаа байж байхыг үгүйсгэхийн аргагүй.
Энэ зөвхөн надад тохиолдсон зүйл биш, ийм байдал миний төдийгүй өөр бусдын амьдралд байсан олон сайхан харилцааг устгаж, үгүй хийснийг би мэднэ. Үүнд ямар нэг учир шалтгаан байгаа болохыг би ойлгосон. Энэ талаар би тайлбар өгүүлэх болно.
Болзох үеийн зөвлөмж #5:
Гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа бидний харилцааны бусад талбарыг сүйрүүлдэг
Миний хувьд бэлгийн харьцаанд орсны дараа хоёр зүйл нэгэн зэрэг болж буйг ажигласан. Тухайн үедээ би энэ тогтолцоог ухаж ойлгоогүй ч эргээд харахад энэ зүйл тохиолдол бүрт давтагдаж байсныг баттайяа хэлж чадна. Тэр хоёр зүйл нь юу гээч. 1) (Хэдийгээр би хүсээгүй ч) Тухайн охиныг хүндлэх хүндлэлээ алдсан. 2) (Хэдийгээр тэр хүсээгүй ч) Надад итгэхээ больж эхэлсэн.
Яагаад ийм зүйл болдгийг би мэдэхгүй ч үнэхээр бий болдог гэдгийг л мэднэ. Магадгүй тогтсон “тогтолцоог” нь бид зөрчсөнтэй холбоотой байх. Гэхдээ энэ зүйл зөвхөн надад тохиолддоггүй болохыг миний болон бусдын амьдрал хангалттай нотлон, харуулсан юм. Олон хүн гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орсноос болж гэр бүлийн амьдралдаа асуудалтай болдог. Эрүүл гэрлэлтэд зайлшгүй шаардлагатай хүндэтгэл, итгэлцлийн аль аль нь тэдний гэрлэлтэд дутаж байдаг.
Би гэр бүл болоод удаагүй байгаа нэгэн хосыг мэднэ. Тэд яг энэ шалтгааны улмаас сардаа бараг ганц удаа л бэлгийн харьцаанд ордог. Учир нь нөхөр нь өөрийг нь хүндлэхгүй байгааг мэддэг эхнэр нь түүнд итгэж чаддаггүй, улмаар түүнд өөрийгөө зориулахыг хүсдэггүй. Энэ үнэхээр гунигтай боловч, бодит амьдрал дээр ийм хос таны бодож байгаагаас ч илүү элбэг байдаг. Гэхдээ хэн ч үүнийгээ бусдад дэлгэж яриад байдаггүй. Түүнчлэн гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орж буй хосыг харуулсан кино, дэлгэцийн бүтээлүүдэд ч энэ талаар огт дурддаггүй. Ийм асуудал амьдрал дээр бий болдог ч хэн ч үүнийг мэдэхийг хүсдэггүй юм шиг санагддаг.
Болзох үеийн зөвлөмж #6:
Гэрлэлтийн дараа илүү аз жаргалтай бэлгийн амьдралыг хүсэж байвал гэрлэхээсээ өмнө тэвчээртэй хүлээ
Ингэснээр би эхнэртээ илүү их хүндэтгэлтэйгээр, тэр маань ч надад илүү их итгэлтэйгээр гэрлэх болно. Хэрвээ эмэгтэй нь эрэгтэйдээ итгэхгүй байвал түүнд өөрийгөө бүхлээр нь өгч зориулах хүсэлгүй, улмаар түүнтэй хамт байхдаа ямар ч баяр баясгалангүй байдаг болохыг би мэдэрсэн юм.
“Охид хайрлуулахын тулд бэлгийн харьцааг хэрэглэдэг бол хөвгүүд бэлгийн харьцаанд орохын тулд хайрыг ашигладаг.” Эмэгтэй нь үүнийг харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд хийж байхад эрэгтэй нь харилцаанаас илүү үүнийг л хүсэж байсан болохоор тэд гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. Гэрлэснийхээ дараа эмэгтэй нь хүсэж байсан зүйл болох гэрлэлтийн амлалтыг найз залуугаасаа нэгэнт хүлээгээд авчихдаг тул сексийг цаашид хэрэглэх шаардлага түүнд байхгүй болдог. Гэрлэхээсээ өмнө өөртэй нь унтсан явдалд бүсгүй магадгүй дурамжхан, таатай бус сэтгэгдэлтэй үлдсэн байж болно. Тиймээс сексийг тэгтлээ сонирхохоо больдог. Гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орсон учраас эхнэрээ эрхэмлэн хүндлэхээ больсон залуугийн хувьд сексийг хүссээр байх боловч үүнийг эхнэрээсээ өөр хэн нэгэнтэй хийхэд бэлэн байдаг. Тиймээс тэдний гэрлэлт сексийн хувьд цэвэр, ариун байдлаа алддаг.
Би одоо ийм зүйлтэй хутгалдахгүй байгаа. Коллежид сурч байсан үе минь өнгөрөн одож эргэн тойрны минь нэлээд хүн гэрлэцгээсэн. Харин энэ зүйл болсоор байгааг харж байна. Үүнээс сэргийлэх нэг жор бий. Энэ бол гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй хүлээх. Ингэснээр эхнэр, нөхөр хоёр хоёулаа харилцан бие биедээ илүү хүндлэлийг өгөх ба үүний үр дүнд тэдний бэлгийн амьдрал илүү таатай, байнгын байх болно. Учир нь тэд нэг нэгнээ сэтгэлийнхээ гүнээс хайрлаж, хүндэлж буйтай холбоотой.
Болзох үеийн зөвлөмж #7:
Гэр бүлийн амьдралаа илүү аз жаргалтай байлгана гэдэг бусад эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохгүй байна гэсэн үг
Сексийг бид “энгийн” гэж нэрлэдэг ч үнэндээ хүмүүсийн хооронд маш гүнзгий холбоосыг бий болгодог нууцлаг зүйл. Тэгэхээр, би бусад охидтой хэр олон холбогдож уягдана, тэр чинээгээр би ирээдүйн эхнэртэйгээ холбогдох боломжоо алдаж байдаг. Энэ нь наалттай тууз буюу скочтой төстэй юм. Наалттай туузыг өөр өөр гадаргуу дээр нааж хэрэглэх тусам эд зүйлтэй наалдах чанараа тэр алдаж байдаг. Улмаар тэр юун дээр ч наалдахаа болино.
Гэрлэхээсээ өмнө бусад охидтой холбогдох тусам эхнэртэйгээ бат бэх холбоотой байх боломж маань хумигдаж байдаг. Би түүнийгээ санагалзан, энхрийлэх, тэр бүү хэл хайрлах сэтгэлээр ядмаг нэгэн байх болно. Ирээдүйн эхнэртээ үнэнчээр үлдээж буй өдөр хоног бүр маань түүнтэйгээ харилцах харилцааг маань хожмын өдрүүдэд тэтгэх болно.
Манай нийгэм завхайрлыг буруушаан, зэмлэдэг хирнээ гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа, тэр бүү хэл олон харилцагчтай байхыг огт эсэргүүцдэггүй нь үнэхээр гайхалтай биш гэж үү. Болох ёстой цаг хугацаанаас нь түрүүлж бэлгийн харьцаанд орох нь завхайрал мөн. Завхайрлын улмаас гэр бүлд хагарсан харилцаа үүсдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл үүнтэй яг адилхан үр дагаврыг гэрлэлтийн өмнөх секс бий болгодог. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд буй болсон холбоосыг эвдлэн нураадаг юм.
Болзох үеийн зөвлөмж #8:
Сексийн хувьд тааламжтай эсэхээ мэдэхийн тулд хэн нэгэнтэй би унтах шаардлагагүй
Бэлгийн харилцаа бол хүний харилцааны хамгийн чухал зүйл биш харин харилцан бие биедээ тааламжтай байгаагаа илэрхийлэх хэлбэр болохыг би ухаарсан. Бэлгийн харилцаанаас авах таашаал нь хосуудын харилцааны бусад тал хэр таатай сайхан байгаатай шууд холбоотой байдаг. Тэд бусад тал дээр үнэхээр сайн харилцдаг бол сексийн хувьд санаа зовох зүйлгүй гэдгийг би ухаарсан. Тиймээс би эхнэртэйгээ бэлгийн харилцааны хувьд таатай байж чадах уу, үгүй юу гэдгээ мэдэхийн тулд хамт унтах биш харин харилцааныхаа хэсэг бүрийг сайн байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.
Үүгээр ч зогсохгүй, дараах зүйлийг нээж илрүүлснээ энд дурдах хэрэгтэй болов уу? Тэр юу гэвэл, харилцааг тодорхойлогч, шийдвэрлэх хүчин зүйлийг секс болгосноор бэлгийн харилцаа ямар ч сонирхолгүй болдог. Үүнийг эргэцүүлж нэг бодоорой. Бэлгийн харилцаагаа сайн нягталж, байнга түүнийг шүүн, харилцаагаа ч түүгээр шүүж үзэх нь харилцааг мөхөөдөг. Яг л шоронд байгаа мэт. Танд эрх чөлөөтэй, хөгжил дэвшилтэй мэт санагдаж байгаа тэр зүйл өөрийг тань нэгэнт хүлсэн гэсэн үг.
Сексийг голчлох бус, харин харилцааныхаа бусад хэсгийг илүүтэй анхаарснаар бэлгийн амьдрал тань түүнийг гоц гойд, ер бусын тааламжтай байлгах гэсэн таны хүчин чармайлтгүйгээр (ингэх ч боломжгүй) өөрөө аяндаа сэтгэлийн таашаал, баяр хөөрийг танд бэлэглэж байдаг. Коллежид сурдаг, насанд хүрсэн хүний хувьд би сексийг гол төвөө болгохгүй байх боломжтой байсан гэж боддоггүй. Тийм ч байгаагүй учраас би ямартаа ч хүлээх нь дээр гэж бодсон.
www.miss.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
зөв хэлжээ сексгүйгээр нэгнийгээ хайрлаж болно