“Хулан наадахад хулганууд сүйддэг”
Зөв зорилготой ч түүнийгээ буруу аргаар илэрхийлдэг “Гол нууруудын нэгдсэн холбоо”, “Гал үндэстэн” холбоо зэрэг ТББ-ууд сүүлийн үед “Ордон руу дайрна, нум сумаар харвана”, “Гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг эх орноосоо хөөнө, нутаг орноо чөлөөлнө” гэсэн болчимгүй мэдэгдлийг хийх болжээ.
Г.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс газар шороогоо чөлөөлөх нэрээр уул уурхайн компаниуд руу дайрч эхэлсэн сурагтай. Гадаадын компаниудыг хөөж гаргаснаар бүх зүйл сайхан болчихгүй гэдгийг тэд уг нь мэдэхийн дээдээр мэдэж байх боловсролтой улсууд баймаар. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаад дампуурсан улс Мозамбикаас авахуулаад олон байдгийг мэдэж л байгаа. Гэхдээ яах вэ, тэдний зарим нь эх орноо хамгаалахаасаа илүү эрх мэдэлд хүрэх гэсэн хүсэл нь илүү чухал байж болох. Учир байдлыг хэлж ухаарах гэж оролдохоосоо илүү муйхарлан зүтгэх үлгэрийг нийгэмд үзүүлээд эхэллээ.
Тэдний энэ үйлдэл уг нь нутаг усаа хамгаалах санаатай байгаа боловч хэнээс гэдэг нь тодорхойгүй, ард түмнийг талцуулах гэсэн зорилготой гадны бодлогыг дэмжсэн хэрэг болж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Нөгөө талд уул уурхайгаа хамгаалах хөдөлгөөн гэгч байгуулагдан Г.Мөнхбаяр нарын эсрэг босч байгаа юм байх. Энэ л жинхэнэ “хулан наадахад хулганууд сүйддэг” гэдэг үгийг сануулахад хүрээд байна.
Нутаг усаа чөлөөлөх нэртэй хүмүүс буу шийдэм агсаж, шаардлага гарвал дуугаргана хэмээн мэдэгдээд байна. Хариуд нь аврах хөдөлгөөнийхөн ч зүгээр суухгүй байж таараа. Тэгэхээр эндээс цус гарах нь уу гэсэн айдас төрүүлээд байна. Үүнийг хэн ч хүсэхгүй байгаа шүү дээ.
Хэдийнээс Монголчууд гадныхны, бусдын хатгалгаар эх орон нэгтнээ хөнөөж байсан түүх бий. Нутаг усаа чөлөөлөх зорилготой залууст хэлэхэд бид өөр нийгэмд амьдарч байна. Үнэхээр төр засаг болохгүй байвал сонгуулиар өөрчилж болно шүү дээ. Ирэх жил сонгууль болно. Энэ үеэр “Ард түмэн минь газар шороогоо хамгаалъя, бид л хамгаалж чадна. Та нар сонгоод өгөөч” гээд яв л даа. Та бүхний зорилго үйлс зөв бол ард түмэн тэнэг биш дэмжих нь лавтай. Үүнийг л эх орон нэгтнүүддээ захимаар байна.
АНУ-ын сүүлийн гурван Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Ричард Пёрл гэгч этгээд “Дэлхий дээр иргэний дайн, эмх замбараагүй байдал, айдас хүйдэс, болгоомжлолтой байдал ноёлох ёстой. Гэхдээ мэдээж АНУ-аас бусдад нь. Тэгж байж л америк доллар тогтвортой ханштай байна. Засгийн газрынх нь бонд найдвартай гэж тооцогдоно” гэж номложээ.
Өөрөөр хэлбэл, эв нэгдлээ алдсан улс их гүрнүүдийн хоол болдог гэсэн үг юм. Төр засгаа эсэргүүцэн босоод иргэний дайнд нэрвэгдсэн Гватемал улс үүний тод жишээ юм. Тус улсын Засгийн газар, сөрөг хүчин аль аль нь АНУ-аас санхүүжилт авдаг байсан бөгөөд одоо үгээгүй ядуу, АНУ-ын зарц боол болоод байгаа билээ. Азид хамгийн урт хугацаанд үргэлжилсэн Шри Ланкийн иргэний дайн ч бас Их Британийн санхүүжилтээр явагдаж байсан гэж барууны хэвлэлийнхэн бичдэг. Хоёр тал хоёулаа Их Британиас санхүүжилт авдаг байж. Өөрөөр хэлбэл, Гватемал, Шри Ланкийн засгийн эрхэнд аль нэг улс төрийн хүчин байхаасаа илүү аль нь ч байхгүй, хоорондоо хэмлэлдэж байх нь их гүрнүүдэд ашигтай байсан болж таарч байна.
Монголд радикал үзлийг турхирах нь эв нэгдэл муутай жижиг орнуудад хар тамхи, гэмт хэргийг нэмэгдүүлж, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн их гүрнүүдэд бодлогоо хэрэгжүүлэх хөрсийг бэлтгэж байна гэсэн үг юм. Энэ бол үндэсний эрх ашигт нийцэхээсээ илүү хор уршиг хүргэж болзошгүй үйлдэл билээ.
Хамгийн ойрын жишээ хэлмээр байна. Ливийн хувьсгал анх эхлэхэд Бенгази хотын залуус бүгд шахам хар тамхинд мансуурсан байсан гэсэн мэдээлэл батлагдсан. Шархдагсад болон амь үрэгдэгсдийн халааснаас 500-1000 ам.доллартай дүйцэхүйц үнэтэй, сайтар боловсруулсан хар тамхи гарч ирж байсан гэдэг. АНУ бол хар тамхины хамгийн том зах зээл. Колумбиас эхлээд Афганистанд хүртэл тариалагдсан хар тамхи Мексик, Пуэрто Рико зэрэг оронд боловсруулагдаад АНУ-ыг зорьдог байна. Мэдээж үүний багагүй хэсэг нь хил дээр хураагддаг. Хураагдсан хар тамхийг устгалд оруулдаг гэх боловч Тунис, Египет, Ливид хэрэгжүүлсэн шиг “мэлрэг” гэх мэт нэртэй төсөлд зориулан хадгалдаг байж болох юм гэсэн таамаглалыг дээрх явдал баталсан юм.
670 мянган хүн амтай хотын нэлээдгүй хэсгийг хангахын тулд дор хаяж тэрбум ам.долларын үнэтэй хар тамхи шаардагдсан байж таарна. Харин одоо тэр хураагдсан хар тамхиа “хар алт” болгоод буцааж авч байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.
АНУ Ливиэс нефть худалдаж авах гэрээг байгуулж байгаа ч үнэндээ сөрөг хүчнээс “хар тамхины хувьсгал”-ыг дэмжсэнийхээ төлөөсөнд үнэгүй авч байгаа гэсэн хардлага явж байна. Ливийн сөрөг хүчин гэдэг нь ихэвчлэн өөрсдөө бие дааж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй, отог омгийн удирдагчид, М.Каддафийн үед өндөр албан тушаал хашиж байсан ч илүү ихийг хүссэн сувдаг улс байдаг. Чухам тэд л Холбоотнуудтай үгсэн хувьсгалыг эхлүүлж, эх орноо цусанд умбуулсан улсууд билээ.
Тунис байна. Амьдрал ядуу байна гэлцэн хувьсгал хийсэн ч одоо улам даамжраад Гватемал, Шри Ланкийн араас орох гэж байгаа улс. Дэлхий дахиныг колоничлох хүсэлтэй их гүрнүүд энэ мэтчилэн залгихад амар хоолыг байнга эрэлхийлэн суугаа гэдгийг л ухаарч ойлгомоор байна. Ухаантай хүн бусдаас сургамж авдаг гэдэг билээ.
Х.Батсайхан
URL: