“Татварын” Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэн-2
Ч.Даваасүрэн нь төрсөн ах, ТЕГ-ын Хяналт шалгалт аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхтэй үгсэн тохирч татварын шалгалтын том луйвар хийсэн. 2010 оны 9-р сарын 27-нд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Кью Жи Экс Монгол”, “Баян Айраг эксплорейшн”, Хангад эксплорейшн”, “Шүтээн эксплорейшн” компанид татварын шалгалт хийжээ.
Энэ үед Ч.Даваасүрэн нь “Р.Батбаатар” гэдэг хуурамч нэрээр ТЕГ-д буюу өөрөөр хэлбэл ахдаа дээрхи компанид хийгдэж байгаа шалгалтын талаар гомдол гаргажээ. Гомдол гаргахдаа өөрийн “Севилла аудит” компаний ажилтан Ж.Дэлгэрцэцэгийн хамаатан болох Р.Батбаатарын овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж. Эхлээд ажилтнаараа дамжуулан Р.Батбаатарын регистрийн дугаарыг аваад дараа нь өөрөөр нь гарын үсэг зуруулжээ. Энэ үед Чингэлтэй дүүргийн татварын байцаагчид төлөвлөгөөний дагуу “Кью Жи Экс Монгол” компаний захирал Ганболдын удирддаг компани, аж ахуйн нэгжүүдэд шалгалт эхэлж байжээ. Гэтэл ТЕГ-аас Ч.Гансүх ярин “та нар томилолтгүй байж шалгалт хийлээ, бидэнд иргэний гомдол ирсэн” гээд шалгалтыг нь зогсоож. Үүнээс гадна Ч.Даваасүрэн нь шалгалт хийсэн байцаагчдыг дарамталж сүрдүүлсэн гэнэ.
Ч.Гансүх нь Чингэлтэй дүүргийн байцаагчдыг алдаа гаргасан хэмээн зэмлээд тэдний оронд өөрийн удирдлагад ажилладаг “гарын байцаагч” нараа томилон нөгөө компанид шалгалт оруулжээ. Шалгалтаар 13.3 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлсэн ч акт тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлээгүйн улмаас төсөвд төвлөрүүлэх тэр хэмжээний орлогыг алджээ.
Шүүх хуралд Ч.Даваасүрэн нь дээрх компаний талаар ахдаа мэдээлэл өгсөн гэдгээ хүлээсэн. Ер нь тэрээр ахынхаа мэдээлэгчээр ажилладаг байсан бололтой. Олон жил аудит хийсэн, аудитын компанитай тул ажил хэргийн шугмаар татварын “асуудалтай” компаниудын талаар мэддэг байж. Энэхүү мэдээлэл сайтай боломжоо татварын газрын том дарга ахынхаа эрх мэдэлтэй хослуулан мөнгө хийж байжээ. Ч.Даваасүрэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн яллаж аудитор хийх эрхийг гурван жилээр хасаж гурван жил хорих ялаар шийтгэсэн. Мөн өнөөх “Кью Жи Экс Монгол” компаниас 13.3 тэрбум төгрөг гаргуулан улсыг хохиролгүй болгох шийдвэр гаргажээ.
NUUTS.MN
URL: