Д.Ламжав: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн төсөл санаачилсан

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн цагаас хойш АН, МАН-ын бүлэг “давхар дээл”-тэй гишүүдийг Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжүүлэх цаг хугацааг тогтоох санал хураалтад оролцуулахгүй, оролцуулах ёстой гэдгээр маргалдаж байгаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригт мэдээлэл хийж МАН-ын бүлэг УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг шаардаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан юм. 2006 онд УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа зарим тохиолдолд гишүүдийн санал өгөх эрхийг нэлээд хэдэн хязгаарласан байжээ. Тухайлбал, уг хуулийн 7.3.6- д “Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах үед Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохгүй” гэж заасан байжээ. Тухайн үед иргэн Д.Ламжав энэ мэтээр УИХ-ын гишүүний санал өгөх эрхийг хязгаарласан заалтууд нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэн Цэцэд гомдол гаргасан байна. Улмаар Цэцийн шийдвэр түүний талд гарч дээрх заалтуудыг УИХ-ын тухай хуулиас хасч гишүүдийн санал өгөх эрхийг хязгаарлах явдлыг зогсоосон байна. Энэ асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа.

-УИХ-ын тухай хуульд гишүүдийн санал өгөх эрхийг хязгаарсан байсныг та харж Цэцэд гомдол гарган тухайн заалтуудыг хүчингүй болгуулсан юм байна. Ямар тохиолдолд санал өгөх эрхийг нь хязгаарласныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ?

-2006 онд Үндсэн хуулийн Цэц миний нэхэмжлэлээр УИХ-ын тухай хуульд байсан УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүн болон жирийн гишүүний санал өгөх эрхийг хязгаарласан заалтуудыг хүчингүй болгосон юм. Тухайн үед юу болсныг танилцуулбал, Цэц Дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. УИХ-ыг төлөөлж Д.Дондог гишүүн оролцож байлаа. Шийдвэр 100 хувь миний талд гарч УИХ-ын тухай хуулийн “7.3.1 Өөрийг нь УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Засгийн газрын гишүүнээр сонгох, томилох санал хураалтыг үед”, “7.3.3 Өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах асуудлаар санал хураах үед”, “7.3.6 Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах үед Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн санал өгөх байх” зэрэг таван заалтыг хасах дүгнэлт гаргасан юм. Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг УИХ 2006 оны долдугаар сарын 7-нд хэлэлцээд хүлээн авч, дээрх заалтуудыг албан ёсоор хүчингүй болгосон. Ингэснээр УИХ-ын гишүүн бүр ямар ч санал хураалтад оролцох эрхтэй болсон гэсэн үг. Энэ бол аж ахуйн нэгжид байдаг жижиг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаас өөр зүйл. Хэрэв дээрх заалтуудыг хэвээр үлдээж гишүүдийн санал өгөх эрхийг хязгаарласан бол намууд Засгийн эрхийн төлөө өрсөлдөхөөрөө үүнийг ашиглах байсан. Нийтийн эрх ашиг гэхээсээ илүү намын бүлгийн явцуу эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гарч эхлэх байлаа.

-Тэгэхээр “Давхар дээл”-тэй гишүүдийн саналаа өгөх эрх нь аль эрт нээгдсэн гэсэн үг үү?

-УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүний санал өгөх эсэх асуудал нь аль эрт шийдэгдсэн. Тэд санал хураалтад оролцоход болохгүй гэх зүйлгүй. Тиймээс энэ асуудлаар маргах хэрэггүй. Үндсэн хуулийн төвшинд тайлбарлаж шийднэ гэдэг бол хуулиасаа ч дээгүүр гарсан асуудал гэсэн үг.

Өөр нэг асуудлыг хэн ч ярихгүй байна. 2000 онд нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуульд Засгийн газрын гишүүд бүгдээрээ УИХ-ын гишүүн байж болно, хагас нь байж болно, эсвэл бүгдээрээ УИХ-ын гишүүн биш байж болно гээд заачихсан. Гэтэл үүнийг жирийн хуулиар хязгаарлах нь Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр болно.

-Тэгэхээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчих хуулийн төсөл санаачилсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хууль санаачилсан. Ухаалаг төрийн хамгийн гол шинж нь хуулийг дээдэлдэг, хуулиар удирдуулдаг байх ёстой. Үндсэн хуулийн муу үр дагавартай заалтыг жирийн хуулиар засч болдоггүй. Үндсэн хууулиа өөрчилж байж л тэр муу үр дагаврыг арилгах боломжтой. Жирийн хуулиар засч байгаа нь энэ гээд хууль батлах юм бол тухайн хууль нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Энэ тухай хэн ч ярихгүй байна. УИХ-ын гишүүдийн сонирхлыг харж байхад Үндсэн хуультай зөрчилдөх Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүгдээрээ дэмжих янзтай байна. Хэрэгжүүлж эхлэх хугацаанд нь л анхаарлаа хандуулаад байх шиг. Хэрэгжүүлэх хугацаанаас нь хамаарч одоогийн Засгийн газар огцрох эсэх нь шийдэгдэх учраас зөвхөн энэ сонирхлын үүднээс л асуудлыг шийдэх гээд байна.

-УИХ гишүүд энэ хуулийг батлах юм бол Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болно гэдгийг харахгүй байна гэж үү?

-Эрх биш харж байгаа байлгүй дээ. Гэсэн ч харахыг хүсэхгүй байгаа байх л даа. Уг нь УИХ энэ нөхцөл байдлыг ойлгож жинхэнэ хууль ёсны дагуу асуудалд хандая гэвэл Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах хэрэгтэй. Үгүй бол Ерөнхийлөгч төслөө татаж авах ёстой. Үүнийхээ дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх ёстой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах асуудлыг л хамгийн их шүүмжилдэг. Үүнээс гадна засч сайжруулах ёстой олон заалт Үндсэн хуульд бий. Тиймээс асуудлыг бүхлээр нь харж шийдэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв гэж хувьдаа үздэг. Бүх нийтийн санал асуулгыг аль нэг сонгуультай хамт явуулбал иргэд идэвхтэй оролцоно. Санал асуулга явуулахаасаа өмнө ямар ямар өөрчлөлт оруулахаа тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүх асуудлыг шийдэх ийм л гарц бий.

-УИХ дээр намын бүлгүүд сайд нарыг санал хураалтад оролцуулна, оролцуулахгүй гээд маргалдах үед танд 2006 оны Цэцийн дүгнэлтийг яагаад ярихгүй байна аа, хэлэх юмсан гэсэн бодол төрөв үү?

-Үүнийг чинь 2006 онд Үндсэн хуулийн Цэц ингээд дүгнэж дүгнэснийг нь УИХ хүлээж авсан юм гээд хэлмээр санагдалгүй л яахав. Арга ядахдаа Засгийн газрын 11-11 мэдээллийн төвд цахимаар саналаа хэлсэн. Энэ асуудал Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тухай захидалдаа бичсэн. Харин өнгөрсөн пүрэв гаригт “Шударга ёс” эвслийн бүлэг засаврлага авсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг танилцуулж байна лээ. Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг үг байдаг даа. Тийм зүйл болсон байж магадгүй. Эсвэл Цэцийн дүгнэлтийг мэдэж байсан ч хэзээ танилцуулахаа төлөвлөж байсан байх. Хамгийн сүүлчийн арга хэмжээгээ хэзээ авах вэ гэдэг чинь бас улс төр шүү дээ. Одоо үүний эсрэг хууль зүйн талаас тайлбар хийх ямар ч боломжгүй.

-Сайд нарыг санал хураалтад оролцуулахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Цэцийн дүгнэлтийн эсрэг тайлбарлах хуулийн заалт, гарц байхгүй. Харин энэ хуулийн төслийг хэлэлцээд баталчих юм бол нэлээд ичгэвтэр зүйл болно.

-Засгийн газрын тухай хуулийг баталсан тохиолдолд та Үндсэн хуулийн Цэцэд хандах уу?

-Үүнийг бодож байж л шийднэ. Цэцэд өргөдөл бичнэ гэж одоо амлаад яахав. Жинхэнэ хуулийг баримталж ажиллана гэвэл хууль санаачлагч нь төслөө татаж авах хэрэгтэй. Эсвэл УИХ хууль санаачлагчид төслийг нь буцаах ёстой. Хэлэлцэж байгаад буцаах процедур бий шүү дээ.

-Сайд нар санал хураалтад оролцох эрхтэй учраас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан санал хураалтад оролцохоос татгалзах шаардлагагүй гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдэж байгаа нь Үндсэн хуулиар хүлээлгэсэн бүрэн эрхийн асуудалдаа хайнга хандаж байгаагийн шинж. Бүрэн эрх гэдэг чинь бидний ярьдаг эрхээс өөр зүйл шүү дээ. Нөгөөтэйгүүр эрх гэхээсээ илүү үүрэг юм. Тиймээс санал хураалтад оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байгаа нь хууль зүйн үүднээс маш буруу үйлдэл.

 С.Шийлэгтөмөр

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих