Тэр сайдын нэр хэн бэ?
“Шинэчлэлийн Засгийн газар” явцгүй болж энэ оны долдугаар сарын 1 гэхэд “давхар дээл”-ээ тайлж “Ухаалаг төр” рүү шилжих боломж нээгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” рүү халуун ам бүлээрээ урагш нэг алхлаа.
“Давхар дээл”-гүй дараагийн сайдуудыг иргэд дор бүрнээ нэрлэж эхэллээ. Өнгөрөгч хагас сайны үд нэлээд өнгөрч байхад МАН-ын Бага хурлын гишүүн голдуу хэдэн залуучууд хотоос зайдуухан гарч дугуй унангаа дараагийн Засгийн газрын гишүүдийг нэрлэж “бэсрэг наадам” хийгээд авлаа. АН-ын фракцуудын хуваарилалтыг нарийн харваас энэ Засгийн данхар бүтэц огт хөдлөхгүйгээр үл барам харин ч 19 яам нь 20 гараад нэмэгдэж ч мэдэх юм.
Ирэх засгийн өнгийг шинжвээс :
1. Ерөнхий сайд Х.Баттулга байна. Магадгүй танхимын тал нь “дээл”-ээ тайлчихлаа, би ч гэсэн явах учиртай, баяртай найзууд аа гээд Н.Алтанхуяг явчих нь тодорхой байна. Хэрэв наана нь ҮЗХ хуралдаад намын даргын асуудал хэлэлцэх юм бол нэг номерт Х.Баттулга яригдах нь дамжиггүй. “Алтангадас”-ынхан Ч.Сайханбилэгийг зүтгүүлэх нь тодорхой байгаа.
Үндсэн чиглэлийн дөрвөн яамны “давхар дээл”-тэй бүрэн эрхт сайд хэн бэ?
Одоо батлагдаж буй хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн дөрвөн сайдыг “давхар дээл”-тэй хэвээр үлдээж байгаа бөгөөд үүнд :
2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун. ИЗНН-д угаасаа сайд хийчихээр өөр хүн ч байхгүй.
3. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Гэхдээ магадлал ёстой маруухан даа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү мань хүнийг огцруулахаар өргөн барьчихсан, энэ 7 хоногтоо явах эсэх нь шийдэгдэнэ. Эвслийнхэн О.Баасанхүүг өчиггүй дэмжинэ гэдгээ хэлчихсэн, ард нь МАН-ын 26 ярайтал кнопдоход тэр бараг л мултарчихаад байгаа. АН-ын дотроос нь ч Тээмкаа сайдыг зайлуулж “Их сургуулийн багшийг байранд нь тавихгүй бол арай дэндэж байна” гэх хүмүүс ч байна. Мултарваас “Хуулийн салбарын шинэчлэл”-ийг аваад явчих хуйхтай эр бол ганцхан Ж.Батзандан л байх болно. Аль аль нь тунаваас дундуур нь Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр ч гүйх нигууртай.
4. Гадаад харилцааны сайд Лу.Болд. За асуудалгүй дээ. Ямар нэгэн юм болбол юуг ч хамаагүй юу яачина. Юу яах юм бол юу яана. Бүх юм жин тан.
5. Сангийн сайд Г.Шийлэгдамба. Дараагийн Засгийн газар генсекүүдийнх байна. Шийлгээ бол сайн эдийн засагч, сайн санхүүч. Юун Улаан Мулаан түүнээс ч илүү. Гаргаахгүй. Шийлгээгийн шийр мэдэж дээ.
Бусад нь буюу “дан дээлтнүүд”
6. Шадар сайд Н.Энхбаяр. Солонгосоос “удахгүй очно” гээд хэлчихсэн. Хуулийн хүрээнд шахуулж байгаа учраас дахиад элдэв хэл ам гаргахгүй байхын тулд хамтарсан засагт орохоос өөр гарц байхгүй. Орохдоо Шадар сайд хийчихээр хүн МАХН-д үзээд өгье гэсэн ч байхгүй.
7. ЗГХЭГ-ын. дарга, Монгол Улсын сайд Ц.Оюундарь байна. Одоо болно. АН-ын хамаг өргөстэй, галтай тостой болгоныг олон жил барьж гүйлээ. Генсек хийгээд олон ялалт авлаа. Одоо Говь-Алтайд 2016 онд үзнэ. Түүнд суурь хэрэгтэй байна. ЗГХЭГ-ын даргыг гуйгаад биш гуядаад авна.
8. Боловсрол, шинжлэх ухааны сайд А.Ганбаатар байна. Одоо манай Ерөнхийлөгчид PR-чин хэрэггүй. Ямар дахиад янз бүрийн юманд өрсөлдөх биш. Харин хүчтэй залуу улстөрчид хэрэгтэй. А.Ганбаатар 2016 онд Ховдоос үзэх тул түүнд “суурь” хэрэгтэй. Баталгаатай сайд.
9. Зам, тээврийн сайд М.Энхсайхан. Өөр үг хэл байхгүй. Намын дарга байж хэдий болтол хэзээ ч биелэхгүй шахам цахилгаан станцын төслийн хэдэн бор цаасаар өл залгаж явах вэ дээ. Больсон нь дээр. Түүний толгой Монголын төрд хэрэгтэй.
10. Батлан хамгаалах сайдад Л.Пүрэвсүрэн байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийг олон жил нэр төртэй хашлаа, хаалаа. Одоо нэг сайд зэргийн ажлыг төвөггүй авчих байлгүй дээ. Мэдлэг боловсрол бол одоогийн байгаа сайдаасаа “анги” илүү. Нэг нь худгийн мэлхий, нөгөө нь далайн цахлай л гэж төсөөлөгдөнө.
11. Барилга, хот байгуулалтын сайд Р.Эрдэнэбүрэн байна. Өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. Залуучуудын дэмжлэг байна. Фракцуудын хуваарилалт байна.
12. Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжав байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Хоолондоо хүртэл цувраад ордог. Одоо салбараа өөд татахгүй бол шинэчлэлийн Засгийн газрын маанийг уншихад энэ салбар, хуучин сайдын балаг ихээхэн хувь нэмэртэй гэгдэх юм билээ.
13. Уул уурхайн сайд Д.Одхүү байна. Яг нарийндаа уул уурхайн ажлын туршлага, амьд “боть” нь энэ хүн. Намаасаа ч тэр, сөрөг хүчнээсээ ч тэр дэмжлэгтэй. Ярих юм байхгүй. Төмөр замын даргаар яригдаж байгаад “муухай” муриулсан. Одоо түүнд сайдын суудлыг урилгаар гардуулах ёстой. Элгээрээ хэвтчихсэн салбарыг аврах түүхэн үүргийг түүнд хүлээлгэж өгөх хэрэгтэй.
14. Хөдөлмөрийн сайд Д.Нямхүү байна. Увсад ялагдаад бөөн гомдол явдаг нөхөр. Шүүх хүртэл хөдөлж өгөөгүй бөөн гомдол. Хуучин дэд сайдаар нь ажиллаж явсан туршлагатай тул одоо сайдыг нь авч хэзээнээсээ “улаан Увс”-д ялах чин хүсэлд нь “суурь” болох учиртай.
15. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Л.Гүндалай байна. Тайлбаргүй.
16. Эрчим хүчний сайд Л.Гансүх байна. Халаагаа өгч байгаа -Алтангадас”-ыг хуваарилалтад оруулах нь зүйн хэрэг. Фракцынхаа орой дээр суугаа мань хүнд хамгийн түрүүнд “бялуу” ногдуулах учиртай. Хэчнээн жил Монголын ардчиллын төлөө зүтгэв. Зүтгэлийг сэтгэлээр хариулах цаг болжээ.
17. Эдийн засгийн хөгжлийн сайд О.Магнай байна. Их гарын санхүүч хүнийг одоо болтол “Шударга” байлгах ажил хийлгээд байгаа нь мань хүний зан характертай холбоотой юм. Уг нь О.Магнай шиг “Wall Street”-н платформ уншиж чаддаг хүн Монголд ховор. Юун тэр бөө мөө. Тэр зөвхөн шинжлэх ухаанд л итгэдэг.
18. Соёл, спорт аялал жуулчлалын сайд Д.Сосорбарам байна. Тайлбар хэрэггүй. Тайлбарлуулж байвал тэнэг байна гэсэн үг. Юманд чинь бас ээлж дараа, эрэмбэ зиндаа, нас үс, намба төлөв гэж юм байдаг юм! Яснаас илүү яриад уначихсан салбараа өөд татах цаг эхэмсэг Со-д ирлээ.
19. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Б.Батзаяа байна. Түүнээс өөр найдвартай залгамж халаа байна уу? Байхгүй. Ажлын амжилт хүсье.
Ухаалаг төртэй, “дан” дээлтэй Засгийн газарт хийх ажил их байна. Хэзээ ч битгий бууж өг, боломж үргэлж та бүхэнд байгаа. Өдөр шөнөгүй ажилла. Цаана чинь асар их хяналт тавих УИХ харж байна.
URL: