Засгийн газар унавал 96 он давтагдах уу?
Эрхэм гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг дэмжив. Ингэснээр ирэх долдугаар сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж сайд нар “давхар дээл”-ээ тайлахаар болж байгаа хэрэг юм. Гэхдээ уг хуулийг автор нь буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эргүүлэн татах, хориг тавих магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд ярьж байна.
Ингэх хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ. Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар “давхар дээл”-ийн улмаас унавал Монгол Улсад тогтворгүй байдал үүснэ хэмээн судлаачид, улс төрийн хүрээний зарим эрхэм хэлжээ. Улс төрийн хийгээд эдийн засгийн тогтворгүй байдал даамжирч мэдэх тул үлдсэн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах нь зөв хэмээн үзэх хүмүүс байна.
Өөрөөр хэлбэл, 1996 оноос эхэлж 2000 оны сонгуультай золгосон АН-ын засаглалын дэмийрэл энд давтагдаж магадгүй гэнэ. 1996-1998 оныг хүртэлх хоёр жилд М.Энхсайханы Засгийн газар ажиллаж байснаа Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар гарч ирээд ганцхан жилийн дараа огцорч байв. Түүний дараа буюу 1999 онд Ж.Наранцацралт агсны Засгийн газар найман cap ажиллаад тахимаа өгсөн. Мөн дараах нь болох Р.Амаржаргалын Засгийн газар жил хүрэхтэй үгүйтэй тогтож, 2000 онтой золгож байлаа. Нэг бүрэн эрхийн хугацаанд дөрвөн ч Засгийн газар сольсон энэ жилүүдэд засаглалын хямрал нүүрлэж, улс төрийн жижиг ашиг сонирхол дээд цэгтээ хүртэл цэцэглэж, Монголд улс төр, эдийн засгийн таагүй орчин бүрдэж байсныг түүх харуулдаг.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар шийдвэрлэсэн дээрх хууль ийм ирээдүйг зөгнөж байж ч мэдэх юм. Гэхдээ үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмчилгээнээс ирж байж шийдэхээр болж байгаа ажээ. Хэрэв Ерөнхийлөгч хуулиа эргүүлэн татах буюу хориг тавибал Засгийн газраа аварч үлдэх гэхээсээ улс орны тогтвортой байдлыг хангахад томоохон түлхэц болох ажээ. Харин Ерөнхийлөгч дуугүй өнгөрвөл 1996 он дахин давтагдаж, тогтворгүй байдал үүсэхээс гадна энэ бүхнээс ганцхан хожигч нь МАН болж хоцрох талаар эрчимтэй ярьж эхэллээ.
Б.Дамдин Зууны мэдээ
URL: