Эцсийн бүлэгт…
Сэтгэлээ тээн тэвэрч, үүрч, би олон голыг гаталлаа.
Олон уулыг давлаа… олон цэцгүүд ч үрэгдэж..,
Олон чулуу ч өнхөрлөө.
Сэтгэл минь чийгтэн норж, хүндрэхийг ч үзэв.
Нулимсууд дусагнан, дусал бүрт нь солонго татахыг ч харав.
Нарны бэх нулимсанд буухыг мэдрэн мэдэрч мэгших минь
дэлхийн гунигт орооцолдсон миний сэтгэл гэдгийг ч мэдэв.
Сэтгэл минь яасан хүнд вэ?
Сэтгэлээ дэвэргэж, нисгэж, би олон цагийн оронг үзлээ
Олон цаг бутарлаа… олон зүрхийг нэвтэллээ …олон хайр тууллаа.
Сэтгэл минь нэн хөнгөн, хун шувууны өдөн дээлнээс ч бүр хөнгөн
болохыг мэдэв. Сарны гэм шархируулан, шархдаж ч бас үзэв.
Тачаалын улаанд хошуугаа дүрж, сайхан өд бүрээ будаж бас дөнгөв.
Сэтгэл минь яасан хөнгөн юм бэ?
Сэтгэлээ агуулан, ариглаж би олон залбирал мөргөлийг үйлдлээ.
Сэтгэл гэрэлтдэг болохыг танин барив аа.
Хамгийн гоо дүр нь харьшгүй гэгээн гэрэл болохыг нээв.
Сэтгэл гэрэлтдэг болохыг мэдэх гэж би хичнээн хилэнт улааныг түрхэв дээ!
Сэтгэл гэрэлтдэг болохыг мэдэх гэж би хичнээн цэцгүүдийг үхүүлэв дээ!
b.batregzedmaa (REGZED)
Төгөлдөр АСОАДАРЭ дэлхийн шүлгүүд
URL: