ЗХУ-ыг үүсгэн байгуулсан монгол цустай улстөрч

Lenin-1Хойд хөршийн Симбирск хотод 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн Владимир Ильич Ульянов буюу Лениний тухай зохиолч В.Успенский “Удирдагчийн нууц зөвлөх” номондоо ингэж бичжээ. “Амьд байхад нь хүртэл Ленинийг нам, төрийн удирдагчаас гадна хувьсгал, Зөвлөлтийн төр засагтай адилтган үздэг байв. Хүнд хэцүү үед чухам Ленин л аварга том Оросын бүх үндэстэн төдийгүй өндөр боловсролтой эрдэмтдээс эхсүүлээд бичиг үсэг ч мэдэхгүй тариачдыг нэг зүгт чиглүүлж чадсан нь гайхалтай. Өөд болоход нь ЗХУ-ын удирдлага дотор түүний үүргийг гүйцэтгэж чадах нэг ч хүн гарч ирээгүй бөгөөд тэр үед Ленин ямар аугаа удирдагч байсныг хэн хүнгүй ойлгосон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа суут удирдагчийн гүйцэтгэсэн үүрэг бүдгэрдэг бол Ленинийх харин ч эсрэгээр, улам өсч байсан билээ…”

Дэлхийн түүхэнд анхны коммунист улс байгуулсан тэрээр аав, ээжийнхээ аль аль талд монголчуудын мах цусны тасархай болох Ижил мөрний халимаг гаралтай байжээ. Үүнээс гадна чуваш, еврей, швед, герман цус холилдсон хүн. Түүнтэй хамт нэг ангид суралцаж байсан, хожим хаант Оросын Засгийн газрын сайд болсон А.Наумов дурдатгалдаа, “Ленин хар багаасаа аливаад гарамгай авьяас чадвартай, гайхамшигтай ой ухаантай, шинжлэх ухаанд гойд сонирхолтойн дээр маш их хөдөлмөрч хүүхэд байсан. Ямар сайндаа бид түүнийг амьд нэвтэрхий толь гэж байхав” гэжээ.

1887 онд түүний том ах Александрыг Оросын Александр III хааны амь насанд халдах ажиллагаанд оролцсон хэмээн цаазалжээ. Чухам тэр цагаас хойш Ленин хувьсгалт үйлсэд бүхнээ зориулсан гэж үздэг. Хачирхалтай нь Ленинд амьд байхад нь гардуулсан цорын ганц шагнал байдаг аж. Тэр нь Хорезмийн ардын социалист бүгд найрамдах улсын Хөдөлмөрийн гавьяаны одон.

Ленинийг 1918 оны наймдугаар сарын 30-нд нэгэн үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлж байхад Фанни Каплан гэгч эмэгтэй буудан хүзүүнд нь хүндээр шархдуулжээ. Энэ халдлагаас тав гаруй жилийн дараа,1924 оны нэгдүгээр сарын 21-нд тэрээр таалал төгссөн юм.

 

Б.БАРС


URL:

Сэтгэгдэл бичих