Оросуудын бүтээж буй шинэ танк: Армата
Хоёр жилийн өмнө оросууд Монголын армид 50 ширхэг Т-72 танк өгсөн. Т-72-ыг хүлээн авахаас өмнө манай армийн хамгийн орчин үеийн танк нь Оросын армийн зэвсэглэлээс аль хэдийн хасагдсан Т-55 байв. Харин манайд өгсөн Т-72 төрлийн танкууд хэдхэн жилийн дараа Оросын армийн зэвсэглэлээс бүр мөсөн хасагдах гэнэ. Одоогоор Оросын армид гурав дахь үеийн Т-90 танк гол үүрэг гүйцэтгэж байна.
Оросууд Т-90-ийн дараагийн сайжруулсан загвар Т-95 буюу дөрөвдүгээр үеийн танкийг зэвсэглэлд нэвтрүүлэхээр саяхан болтол туршиж байв. Гэвч 2010 онд Т-95 танк бүтээх хөтөлбөрийг зогсоосон ажээ. Оросын БХЯ-ны мэдэгдсэнээр, Т-95 гэгдсэн энэ танкийг бүтээх гэсээр 20-иод жил өнгөрсөн тул одоо хэрэггүй эд болсон, иймд шууд дараагийн үеийн шинэ технологид суурилсан танк бүтээх хэрэгтэй болжээ. Тэгвэл энэ нь 2015 онд үйлдвэрээс гарах үндсэн тулалдааны танк “Армата” байх юм.
“Армата”-г Уралвагонзовод үйлдвэрт туршиж, бүтээж байна. Гэхдээ энэ танкны талаарх мэдээлэл тун бага. Олдож байгаа мэдээллээр, “Армата”-ын концепци өмнөх танкуудыг бодвол сууриараа шинэ гэнэ. “Армата” зэвсгээ бүрэн автоматаар цэнэглэх системтэй, бууны цамхагт нь хүн суухгүй бөгөөд гурван хүнтэй баг галт хэрэгслээс тусгаарласан хамгаалалтын бүхээгээс танкийг удирдах ажээ. Үүнээс харвал танкны удирдлага үлэмж автоматчлагдсан байх бололтой. Өмнөх үеийн Т-72, Т-80, Т-90 танкуудын нэг том дутагдал нь танкийн баг галт хэрэгсэлтэйгээ цуг байх тул танк сөнөөгдөх үед амь үлдэх боломж тааруу байсан юм. Харин “Армата”-д энэ сул талыг засжээ.
Аагий
Туршилтын явцад хөтөлбөр нь хаагдсан Т-95 танк
“Армата” танкны загвар
URL: