Кэплэр дуран авай Дэлхийтэй адил гарагийг нээлээ
Кэплэр сансрын дуран авай Дэлхийтэй олон шинжээрээ төстэй нэгэн гарагийг олж нээснийг НАСА-ийн одон орон судлаачид 4-р сарын 17-ны өдөр мэдэгдлээ. Манай гарагаас 493 гэрлийн жилийн зайтай Кэплэр-186f хэмээх гараг хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо буюу 1.1 дахин өргөн юм. Харин жин нь дэлхийнхээс 1.5 дахин том аж. “Энэ бол Дэлхийтэй адил хэмжээтэй төдийгүй амьдрал үүсэж болох тойрог зам дахь анхны гараг” хэмээн НАСА-гийн судлаач Элиза Куйнтана ярилаа.
Кэплэр-186f нь Кэплэр-186 хэмээх улаан одыг тойрон эргэлддэг таван гарагийн нэг бөгөөд дэлхийтэй адил өөрийн нарнаасаа хэт хол ч биш, хэт ойр ч биш зайд байрладаг тул гарагийн гадаргууд ус шингэн хэлбэрт орших боломжтой аж. Дэлхий дээр ус бий болсноор амьдрал үүссэн гэдгийг судалгааны үеэр Сан Франсискогийн Их Сургуулийн судлаач Стефен Кэйн сануулсан юм.
“Энэ бол түүхэн нээлт. Одоогоор олдоод байгаа гарагуудаас амьдрал үүсэж болох хамгийн өндөр магадлалтай гараг” хэмээн Калифорнийн Их Сургуулийн одон орон судлаач Жеофф Мэрси судалгааны багийн гишүүн биш ч гэсэн энэхүү нээлтийн ач холбогдлыг дурджээ.
Кэплэр-186f гарагийн тойрон эргэж буй улаан од нь манай Нарны хагастай тэнцэх хэмжээтэй ч тус гарагийн тойрог зам дэлхийг бодвол илүү тогтвортой бөгөөд 130 өдөрт өөрийн одоо нэг бүтэн тойрдог байна. Үүнээс шалтгаалан уг гараг бага дулаан хүлээн авдаг ч далайгаа хөлдөөчихгүй хэмжээний хангалттай дулаахан гараг хэмээн судлаачдын баг тайлбарлалаа.
“Гараг өөрийн одноос ирэх улбар-улаан өнгийн гэрлээр ээгддэг, яг л дэлхий дээр нар мандаж байх үеийнх шиг. Харин гараг дээрх агаарын хэм хаврын улирал дахь бүрий, эсвэл үүр цайх үеийнх шиг сэрүүн” хэмээн одон судлаачид шинэ гарагийн тухай багагүй төсөөлөл бидэнд өгөв.
1995 оноос хойш одон орон судлаачид өөрийн одыг тойрон эргэлдэх 1700 орчим гарагийг янз бүрийн аргаар нээжээ. Тэдгээрийн тэн хагас нь дэлхийгээс том бөгөөд үүнээс хамгийн ойролцоо хэмжээтэй нь саяхан нээгдсэн Кэплэр-186f хэмээх амьдрал байж болох гараг болоод байна.
URL: