Нурж сүйрч, олигархиуд, дээрэмчид нь улс орныг сүйрүүлж байсныг дарж, тарж бутрах бүх нөхцөл нь бүрдчихсэн байсан улсыг тогтоон барьж босгоод ирж чадлаа

Bargel Adaa 280x500Америкууд Косовог олон улсын хуулийг зөрчиж тусгаар улс болгосон. Бүр тусгаар тогтносон Серби улсыг онгоц пуужингаар бөмбөгдөж байж Косовог тусгаар улс болгосон. Уг нь косовогийн албанчуудын амьдарч байгаа нутаг нь бол жинхэнэ серби үндэстнүүдийн нутаг. Нутаг нь Сербийнх боловч хүн ардын ихэнх нь албанчууд. Ингээд л сербүүд нутгаа алдсан түүхтэй. Олон улсын хуулийг уландаа гишгэж болдог юм байна гэсэн ойлголтыг АНУ анх гаргасан.

Ер нь АНУ их цадиггүй аашилж байгаа. Олон улс орныг сайн ч бай муу ч бай тогтуун байсан амьдралыг нь сүйдэлчихээд яваад өгдөг муухай бодлоготой. Сүйдэлж чадсан бол эргээд босгоод өгч чаддаг байх ёстой . Одоо Иракийн нефтийг АНУ-гийн ЭССОН-МОБАЙЛ, Английн Бритиш Петролеум, Голландын Рояал Датч энэ 3 компани хянаж байна. Гэтэл улс орон дотор нь шашны мөргөлдөөн , аллага хядлага байнга явагдаж байна. Ийм л муухай улсууд.

Ер нь бол АНУ, Европын хэтийн гол зорилго бол ямар ч тохиолдолд Орос орныг задлаж бутаргахын төлөө л явна. Явж ч ирсэн, явсаар ч байх болно. Тиймээс Оросууд суларч доройтох л юм бол задрал, бутрал, сүйрэл гарцаагүй хүлээж байгаа. Орос орныг нэг хүний хатуу гараар буюу Путин барьж байгаа тулдаа бодлого эмх цэгцтэй амьдралын түвшин хурдан дээшилсэн. Тэгээд ч оросуудын хувь заяа нь түшиж Путин нь өөрөө ухаалаг , тэмцэлдэх чадварыг төгс эзэмшсэн, тэгээд ч хүний хувьд их зөв хүн юм. Нурж сүйрч, олигархиуд, дээрэмчид нь улс орныг сүйрүүлж байсныг дарж, тарж бутрах бүх нөхцөл нь бүрдчихсэн байсан улсыг тогтоон барьж босгоод ирж чадлаа. Манайхан шиг ардчилал гээд хоёр гурван хулгайч НАМ төр ээлжлэн барьж төсвөөс хулгай хийж амьдардаг ийм системтэй бол орос орон өдийд тарж дууссан байгаа.

Асуудал орос , америкдаа биш юм. Ерөөсөө орчин үеийн зарчимгүй улс төрийн харилцаа ноёрхож байгаа нөхцөлд Путин тэмцэж улс орноо авч явж чадаж байна. Жижиг улс орнууд оршин тогтнох чадваргүй, арчаагүй байвал Крым байтугай ч улсыг хүч чадалтай нь өөртөө нэгтгэж явахаар ийм хатуу харгис цаг үед бид амьдарч байна.

Крымыг өөртөө нэгтгэсэн Оросуудын зөв. Украйнууд өөрсдөө улс шиг байгаад зөв бодлоготой явсан бол Оросууд Крымыг авах шаардлага , боломж ч байхгүй байсан. Украйнд хулгайч , олхиогүй улс төрчид , идэж уух хулгай хийх дон шүгэлсэн олигархиуд засагт орж хоорондоо тэмцэлдэж улс орноо ийм байдалд оруулсан. Сүүлд нь бүр давраад фашистууд, үндсэрхэг үзэлтнүүдийг ашиглаж , тэдэнтэй хамтарч тэмцэж байж засгийн эрхийг булаан авлаа. Одоо бүр нөгөө ашиглаж байсан хулгайч , дээрэмчин фашистуудаа эхнээс нь алж устгаж эхэллээ. Украйн энэ байдлаасаа мөд гарч чадахгүй. Нэг талаас Орос , нөгөө талаас Европ , АНУ -ын улс төрийн тэмцлийн тоглоом болж удаан явж таарна.

Ерөнхийлөгч байсан ухаантай Янукович нь залуудаа өндөр нуруу урт гараа ашиглаж, социализмын үед коммунист намын хорооны байшинд орж жорлонд сууж байсан ондатор малгайтай намын дарга , ажилтнуудын малгайг хажуугийн жорлонгоос нь шүүрч авч зугтаадаг хулгайн ажилд мэрэгшсэн хулгайч байсан хүн. Оросын гэмт хэргийн ертөнцөд ийм хулгайчыг ” Шапочник” гэж хочилдог. Сүүлдээ гэмт хэргийн бүлэглэлүүдээр дамжиж төрд гарч ирсэн. Гараад юу хийв. Хулгайч хүн чинь хулгайгаа л хийнэ . Януковичийн хүү нь 4 тэрбум долларын хөрөнгөтэй гэж байгаа. Ёстой туулай үржүүлж мах , арьсыг нь зарж хуруу хумсаа хугалан байж олсон мөнгө байж болох л юм. Тэгж л найдъя . Уг нь бол яг тэгэж баяжиж харагдаач гэж хэлэх ёстой байх л даа.
Украйны улс төрийн байдал бол ерөөсөө л засгийн эрхэнд гарч хулгай хийх зорилготой хулгайч олигрхиуд ноёрхсон, ард түмэн нь юундаа сонголт бодлогын алдаа байгаагаа харах чадваргүй болсон ийм л улс. Хүчирхэг улсуудын хувьд төрд нь цөөхөн баячууд нь ноёрхсон , ард түмэн гэдэг нь үхэр мал болсон, улс орон нь баялаг ихтэй, эсвэл тухайн улсыг элдэв эрх ашгийн төлөө тэмцэлд ашиглаж болохоор байвал олдсон боломжыг алдахгүй . Ийм байлгахыг ч хичээнэ. Бүр тийм бодлогоч явуулдаг. Тийм учраас ийм хатуу хүн чанар , ёс суртахуун муутай цаг үед оросууд Крымыг авах асуудал бол гайхаад байх зүйл биш.

Цаг нь болоод дэлхий хямраад томоохон гүрнүүд хоорондоо алалцаад ирэх үед АНУ Монголыг Хятад Орос хоёрын холбоог таслахын тулд хөзөр болгон ашиглаж, аль нэгэнд нь худалдчих ёс суртахууны элбэгхээн чадвартай хүмүүс. Одоохондоо Оросыг оролдох боломж Ойрхи Дорнод, Европ талд илүү , ашигтай байгаа учраас АНУ , Европчууд оросыг тэр талаас нь оролдож байна. Тийм учраас бид харьцангуй тайван байдалд амьдарч байна. Тэгээд ч Оросод Буриад , Халимаг, Тува гээд , Хятадад Өвөрмонгол гээд бидэнтэй гарал үүсэл, цус нэгтэй үндэстнүүд байгаа. Цаг нь ирээд боломж нь бүрдэх юм бол энэ нь Орос, Хятад хоёрыг задалж сарниулж болох маш аюултай хөзөр.

[Иймэрхүү санаа энд тэнд мэр сэр тааралддагтай холбогдуулж хэлэхэд, хэдийгээр үнэний хувьтай байж болох ч их далайтай жишвэл өчүүхэн шалбааг лугаа цөөн тоотой үндэстний цөөнхийн боломжийг хэт үнэлэх бас хэрэггүй байх. Ялангуяа бидний хувьд харьцангуй их баялагтай, харьцангуй том газар нутагтай бөгөөд үүндээ эзэн шиг эзэн нь байж чадах нь л бидний зорилго байвал өлзий буй заа. - Нийтлэгч]

Тэгээд ч Монгол улс газар доороо баялаг ихтэй . Тиймээс энэ хоёр улс Монголоос байнга болгоомжилж , боломж нь гарвал тусгаар улсын хувьд устгаад хуваагаад авчих нууц сонирхол заавал байх болно. Тэгээд ч Орос , Хятад хоёр цэрэг улс төр, эдийн засгаар хамтарсан сайн түншүүд байх нь ямар ч тохиолдолд АНУ, Европын Холбоонд огт ашиггүй. Хэзээ нэгэн цагт энэ хоёрын түншлэлийг заавал хагална. Харин боломж нь бүрдээд ирвэл АНУ, юм уу Европууд энэ холбоог таслахын тулд хэн нэгэнд нь Монголын тусгаар тогтнолыг бэлэглэж бүрэн чадах бөгөөд , сонирхол нь ч тийм байх болно. Энэ нь тэд өөдгүйдээ биш ерөөсөө дэлхийд тогтсон улс хоорондын харилцааны зарчим нь тийм байсан одоо ч хэвээрээ байна. Үүнийг өөрчилж чадах хүн, хүч. улс орон одоо энэ дэлхийд алга.

Улс хоорондын харилцааны тулгуур зарчим нь хүн чанар хүний ёс биш , эрх ашиг гэдэг зүйл дээр л тогтож байна. Өнөөдөр надад ашигтай бол би чамтай хүзүү сээрээрээ тэврэлдсэн найзууд байж болно. Маргааш надад өөр хүнтэй хүзүү сээрээрээ тэврэлдвэл ашигтай байх юм бол би чамайг өөр хүнд гайгүй үнэ хүргэж худалдчихаад явахад миний сэтгэл өвдөөд , шаналаад байх юм ер байхгүй тийм ёс суртахуун үйлчилж байна. Ашигтай бол хэнтэй ч найзална, хэнийг ч өөрийн эрх мэдэлд байлгана. Ашиггүй бол хэнд ч худалдаж болно, бүр өөрөөр нь нүх ухуулж байгаад газар булчихсан ч болно. Тиймээс дэлхийн улс орнуудын, ялангуяа хүчирхэгжсэн улс орнуудын хувьд Монгол тусгаар тогтносон улс байх ер сонин биш. Европ , АНУ-ын хувьд Орос , Хятад хоёрын хүчирхэг холбоог задалж бутаргаж тухайн нутаг дээр цэрэг улс төр, эдийн засгийн хяналтаа тогтоох , бүр арга ядахад далласан газар нь ил гарч далайсан үед далд орж байдаг дуулгавартай дэглэмийг тогтоож авах нь хамгийн чухал. Орших уу , эс орших уу гэдэг асуудал.

Тэгээд ч орчин үеийн улс хоорондын харилцааны зарчмаар Орос улсын гадаад дотоод бодлогын асуудал Путиндээ биш тухайн улсын цэрэг , улс төр , эдийн засгийн ашиг сонирхолд л байх болно. Украйн шиг , улс шиг улс байж чадахгүй , тусгаар тогтносноосоо хойш зөвхөн хулгайч олигархиуд төрийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж ард түмэн нь энэ байдлаа зүгээр л хараад сууж байснаас одоогийн байдалд хүрч газар нутгийнхаа нэг хэсгийг Оросуудад алдлаа. Цаашид ч мөн увайгүй хулгайч улс төрчид нь төрд сууж улс орноо хөгжүүлэх биш аль болох илүү хулгай хийх бодлоготой байх юм бол оросууд идэвхтэй ажиллаж бүр Украйны зүүн болон , зүүн өмнөд мужууд болох Харьков, Луганск, Николаевск, Донецк, Днепропетровск, Херсон, Одессаг салгаж авна. Энэ бол Оросуудын хувьд зайлшгүй хийх алхам . Энэ чиглэлд ч одоо дипломат болон тагнуул, тусгай албадуудаа маш идэвхтэй ажиллуулж байгаа нь гарцаагүй. Тэгэх ч ёстой.

Хэрэв улс төрийн намууд нь зөв , эмх цэгцтэй бодлоготой , үнэхээр улс орноо хөгжүүлье гэсэн чин хүсэлтэй , чадвартай хүчтэй байх юм бол Оросууд ч мөн хүндэтгэж тодорхой хэмжээнд хамтарч ажиллаад явахаас өөр арга байхгүй.

Украйны хувьд урьдын ерөнхийлөгчид нь бүгд их бага ямар нэг хэмжээгээр хулгайч, тэгээд ч олон үндэстнээс бүрдсэн улс орныг яаж зөв авч явах вэ гэдэгт ухаан нь хүрээгүй. Сүүлчийн хулгайч ерөнхийлөгч Янукович бүр хэрээс хэтэрч ард иргэд нь зэвүүцэж түүн дээр нь сөрөг хүчин нь Европ, АНУ-ын дэмжлэгээр маш хүчтэй тоглолт хийж , тэмцэл явуулж , эцэс сүүлдээ фашист , үндэсний үзэлтнүүдээ гол нягтарсан хүч болгон ашиглаж засгийн эрхийг хууль бусаар булаан авлаа.

Тэнэг хүн мордохын хазгай гэж тухайн улс орны эдийн засгийн хамгийн хүчирхэг нутаг дэвсгэр, мужуудад орос үндэстнүүд олноороо суудаг гэдгийг үл харгалзан улс төрийн хамгийн эхний шийдвэр нь орос хэлийг бүх Украйн даяар албан ёсоор хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Соёлтой, боловсролтой, ухаантай хүн хэзээ ч ийм тэнэг алхам хийхгүй . Эрүүгийн элементүүдийн сэтгэлгээ буюу хулгайлах хусах , хулхидах, идэх уух наргих , алах талах, танахайрах, дээрэмдэхээс өөрөөр сэтгэх чадваргүй нөхдүүдээс бол харин ийм тэнэг үйлдэл, бодол гарах нь зүй ёсны асуудал. Тиймээс ч Украйнд байгаа орос үндэстнүүдээ жигшээж, тэдний тэмцэж нэгдэх чадвартай байсан хэсэг болох Крым шууд хувьсгалч нэртэй эрүүгийн элементүүд, хулгайчид, олиггүй олигархиудын хууль бус засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлаж улмаар Орос улсаас улс төрийн тусламж хүсэж эцсийн эцэст Орос улсад нэгдэн орлоо.

Путин ч гэсэн жинхэнэ тэмцэгч чадвартай хүний хувьд барууны орнуудын мулгуу улс төрчдөөр дэмжүүлсэн Украйны тэнэгүүдийн алдааг яаж зүгээр хараад сууж байхав дээ. Зүгээр байхад өөрсдөө өдсөн хүмүүс хохь л болно. Крымыг дайн байлдаангүйгээр , бараг зардалгүй шахам Орос улсад нэгтгээд авлаа . Гэтэл АНУ яасан, Сирийн асуудал дээр Путинд гол санаачлагаа алдаж , хохирлоо нөхөж Оросод дахин сургамж цохилт өгөхийн тулд Украйны асуудлыг барьж авч үүндээ АНУ-ын тагнуулын байгууллагуудыг 52 тэрбум доллараар санхүүжүүлж, Украйны сөрөг хүчнийг дэмжих бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор мөн 5 тэрбум доллар зарцуулсан. Эцсийн үр дүн юу болов. Оросын эсрэг 57 тэрбум доллар зарцуулаад хариуд нь Крымыг Оросуудад алдаад Украйн улс тогтворгүй , маш бүрхэг ирээдүйтэй үлдлээ.
Обама тавьтиргүйтэж байж Путинд далаараа цэвэр тавиуллаа. Обама ч юу байхав дээ. Обама бол утсан хүүхэлдэй . Америкийн улс төрийн системийн мөн чанар бол жинхэнэ мөнгөний эзэд л улс төрийн бодлогыг тодорхойлж байгаа.

Асуудал гол нь энэ цаг үеийн улс хоорондын харилцааны зарчим бол хэрэв чиний улс орон чинь баялагтай байгаад чи өөрөө түүндээ эзэн байж чадах ухаангүй тэнэг арчаагүй байх юм бол чамайг хүчтэй улсууд хуваагаад идчихнэ. Хэрэв чи ухаантай, байгаа юмандаа эзэн байх чадвартай цаг үетэйгээ зохицож амьдарч чадах чадвартай байх юм бол чамайг хүндэтгэж учиргүй дээрэмдээд тоночихгүй юм гэхэд хамтраад ажиллад явах ” БОЛОМЖТОЙ “. Яагаад “боломжтой ” гэдэг үгийг хэрэглэв гэхээр чи хэдий гоц ухаантай, хичнээн амьдрах чадвартай байгаад хүчирхэг улс гүрнүүдийн тэмцлийн ашиг сонирхолын уулзвар дээр ирээд тоглоомын бай болох юм бол чи хичнээн хүсээд тэмцээд чамд өөрийгөө хамгаалах цэрэг зэвсэг, эдийн засаг, улс төрийн чадавхи байхгүй бол чамайг тусгаар тогтносон улсын хувьд дэлхийн тавцангаас арчаад л хаях болно. Манай монгол улсын ирээдүй бол тийм л байдалтай харагдаж байгаа. Нэг ёсондоо энэ газар дор байгаа их баялаг чинь ухаантай, эзэн шиг эзэн байж зөв бодлоготой байж чадахгүй бол монгол улсын тусгаар тогтнолыг устгах удаан хугацааны ажиллагаанд орсон тэсрэх бөмбөгтэй ижил юм.

Украйн бол тусгаар тогтносон улс орны хувьд бол АНУ, Европын холбоонд ерөөсөө сонин биш. Европын Холбоо учиргүй хүнлэг, ёс суртахуун сайтай Украйнд хязгааргүй хайртаадаа Европын Холбоонд оруулах гээд зүтгээд байгаа биш. Оросыг задлах, бутлах, хүчгүйдүүлэхэд ашиглаж НАТО-гийн зэвсэглэлийг Оросын бөөрөнд аваачиж болох хөзрийн хувьд л онц чухал хүчин зүйл . Учир нь орос маш их байгалийн нөөцтэй, зөв явбал ирээдүйд маш хүчирхэг улс гүрэн болох боломжтой. Европын хувьд энэ нь мөхөлтэй адил.

[Үнэн үү? Яагаад мөхөлтэй адил гэж?-Нийтлэгч]

Тиймээс АНУ-тай нийлж байгаад Оросыг задлаж олон жижиг хэсэг болгож, оросын газар нутаг дээр хяналтаа тогтоож чадах юм бол ирээдүйн аюулгүй сайхан амьдрах баталгаа нь тэр юм.

[Арай хэтрүүлж байгаа биш үү? Өөр аргагүй юү?- Нийтлэгч]

Тэгэхээр энэ бол Европын улсуудын хувьд бол орших уу, эс орших уу гэдэг амин чухал асуудал. Үүний төлөө хэнийг ч гаргуунд гаргана. Хэнийг ч хэнд ч худалдахад бэлэн. Тэгээд эдгээр улсуудын энэ удаагийн тоглоомын бай нь Украйн боллоо . Цаашид Европ, АНУ Украйныг Оросын эсрэг могойд барьдаг мод болгож ашигласаар байх юм бол Путин тэмцэж чаддаг хүний хувьд Украйныг бүр задалж эхний ээлжинд олон жижиг ТУСГААР ТОГТНОСОН УЛСУУДЫГ үүсгэж байгаад дараа нь ард түмний санал асуулга гэдгээр Орос улсад нэгтгэх бодлого явуулна.
Яагаад гэвэл эдгээр Украйны мужуудад Крымд хэрэглэсэн шиг тийм эрс шийдэмгий, шууд Орос улсад нэгтгэх бодлого явуулж болохгүй. Учир нь олон улсад дагаж мөрдөх ёстой хууль тогтоомжуудтай зөрчилдөнө , мөн одоохондоо гол найзалж түншилж байгаа улсууд буюу Хятад, Энэтхэг зэрэг улсуудын хувьд ч дэлхийн бусад улс орнуудын хандах хандлагын хувьд ч Орос өөртөө хэрэггүй зүйлээр, буруу оролдож байж цэрэг, улс төр эдийн засгийн гол түншүүдээ алдах мөн олон улсын хувьд хэрэггүй олон дайсантай болно гэсэн үг. Тэгэхээр эхлээд Өмнөд Осет , Абхази маягийн тусгаар тогтносон жижиг улсууд үүсгээд авахад цаашид тэд Оросод нэгдэх нь цаг хугацааны л асуудал болж хувирна.

Харин Украйны орос үндэстэн олноор суурьшсан мужуудыг шууд Крымын загвараар Оросод нэгтгэвэл Орос улсын дотоодод тогтворгүй байдал үүсэж өөрөө уналтанд орох бүр цаашлаад задарч болох аюултай. Тиймээс Путин бол Крымээс арай өөр тактик хэрэглэх хэрэгтэй болно. Оросын гол найзууд болох Хятад , Энэтхэг зэрэг улсууд бас дотроо яг Украйн шиг олон үндэстнээс тогтсон автономит эрхтэй, өнөө маргаашгүй гарна гэсэн бослого тэмцэлтэй , субьектууд байдаг. Жишээ нь Хятадад гэхэд л түвдүүд Крымын жишгээр ард түмний санал асуулга явуулж тусгаар улс болно гэж үсчээд үүн дээр нь Европ, АНУ хөрөнгө хаяад тоглоод эхэлвэл хятадын хувьд газар нутгийн бүрэн бүтэн байдлын хувьд маш аюултай. Дагаад Шинжаан , Өвөрмонголчууд санал асуулга явуулж тусгаар тогнох асуудлаа шийднэ гээд давхичихна. Гэхдээ АНУ, Европчууд одоохондоо ийм алхам хийхгүй. Учир нь тэд хятадад асар их хөрөнгө оруулалт хийсэн түүнээсээ хангалттай ашиг олж байгаа. Тэгээд ч Хятадын одоогийн төр засаг нь ухаантай байж энэ бүх асуудлыг маш зөв зохицуулж авч явж чадаж байгаа.

Хэрэв маргааш Хятадын удирдлагад тэнэг толгойнууд гарч ирээд АНУ, Европын ашиг сонирхолд нь харш үйлдэл хийгээд эхэлбэл тэд хятадыг задлах ажиллагаандаа шууд ханцуй шамлан орно. Тэд олдсон боломжыг алдахыг хэзээ ч хүсэхгүй. Тэр бол гарцаагүй. Оросын хувьд аятайхан зохицоод, шударгаар амьдраад явья гэвэл Путин түрүүлж тавьтиргүйтээд явах нь гайгүй болов уу. Одоохондоо Монгол улс цэрэг, улс төр, эдийн засгийн хувьд бэхжиж чадаагүй, дэлхийн хамгийн хоцрогдонгуй улсуудын нэг, дээр нь төр засаг нь яг Украйн шиг хусах , хулгайлах сэтгэлгээтэй хүмүүсээ төрдөө залчихсан байгаа нөхцөлд Орос, Хятад гэсэн манай хоёрхон хөрш маань улс төр, эдийн засгийн хувьд тогворгүй байвал бидний ” ОЛОН” 3 сая монголчуудад АШИГГҮЙ ЮМ.

Путиныг бид хэн бэ гэдгийг үнэлэх гээд байгаа бол дарангуйлагч мөн үү , биш үү гэдэгтээ асуудал биш улс орныхоо нийт иргэдийн амьдрах орчин, амьжиргааг хэр чадварлаг сайжруулж байна вэ гэдгийг нь л харах хэрэгтэй. Улс орныг удирдаад яваад байдаг, яваад л байдаг, уйгагүй явдаг, тэгснээ гэнэт нэг өдөр: Өө уучлаарай түрүүн жаахан алдчихаж одоо би дахиад нэг үзээдхэе гээд аягүй бол бүр үнэхээр чин сэтгэлээсээ амь хайргүй , нойр хоолгүй , амь амьдралаа хаян байж , хамаг зүрх сэтгэлээ ард түмэндээ зориулаад яваад л байдаг, бүр зогсож өгөхгүй яваад л байдаг , зүтгээд тэмцээд байдаг үр дүнд нь цөөхөн хэдэн хүний амьдрал сайжраад ихэнх иргэдийн амьдрал муу байгаад байвал тийм удирдагчаар юугаа хийхэв дээ. Хичнээн мундаг ардчилагч, ардчилсан үзэлтэй байгаад улс орноо цогцлоож хөгжүүлж чадахгүй бол тийм удирдагчын хэрэг юу байхав. Бид эхнээс нь зарим нэгийг нь оймсыг нь гозолзуулаад шоронд хийж овоо туршлага сууж л байгаа ард түмэн шүү дээ.

Баргэл Адаа


URL:

Сэтгэгдэл бичих