Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Хилчид асар үнэ цэнэтэй дэлхийн зулайг хамгаалж байгаа

Бид нэгдсэн нэг орь хүсэлтэй байсан цагт манлайлагчийг олж харна
-Манлайлагч гэдэг үг таны ярианд нэлээд хэд орж ирлээ. Хэнийг манлайлагч гэх вэ. Манайд манлайлагч нар ховордсон гэх юм?
-Манайд манлайлагч бараг алга даа. Манлайлагч бол цол хэргэм, албан тушаал, нас, хүйсийн аль нь ч биш. Энэ бол оюун ухааны хүч. Хамгийн гол нь Монгол Улс юунд хүрэх гээд байгаагаа тодорхой барьж авч чадахгүй байгаа учраас манлайлагч олоход хэцүү байна. Юунд хүрэхээ мэдэж буй цагт тэр зүйлд оюун санаагаараа ойр байгаа хүн нь манлайлагч болдог. Манлайлагч бол бусдад аливааг тулган хүлээн зөвшөөрүүлдэггүй. Хэрэв тийм бол тэр дарангуйлагч. Харин бусад нь хүлээн зөвшөөрч байвал тэр манлайлагч мөн.
Өөрөөр хэлбэл бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц оюун ухааны хүч гаргаж байгаа хүн бол манлайлагч юм. Үүний тулд хүлээн зөвшөөрч буй тэр олон нийтэд идеал буюу орь хүслэн  байх ёстой. Социалист нийгмийн үед орь хүслэнг хүчээр бий болгодог байлаа. Ю.Цэдэнбал бол манлайлагч хүн Манлайлагчтай байхын тулд нийгэм оюун санааны зохион байгуулалтад орох ёстой.
Манлайлагч энд тэндгүй бий.  Бид орь хүслэнгээ олж харахгүй байгаа учраас манлайлагчийг олж харахгүй байна. Бид нэгдсэн нэг орь хүсэлтэй байсан цагт манлайлагчийг олж харна. 1960-аад онд Э.Оюун, Л.Ванган нар урлагт манлайлагч байсан. Үүнийг би яаж мэдэж байна вэ гэхээр тэр үед байсан урлагийнхантай уулзахад, “Ванган багш тэг гэсэн, Оюун багшийн хэлснээр тэгсэн…” л гэдэг юм.
-Тэд хэзээ ч өөрсдөө тэгэхийг шаардаагүй л байх даа?
-Тийм. Хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд байж л дээ.
-Таны хувьд оюун санааныхаа хүчтэй байдлыг хэрхэн хадгалдаг вэ?
-Хэлж байгаа үг, хийж байгаа үйл хоёроо бага зөрүүтэй байлгасан цагт л би хүчтэй байж чадна. Муу хөгжим хийжээ гэж амнаас нь гарч л байгаа бол би тэр хүнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн хөгжмийг хийх ёстой гэсэн үг.
-Гэхдээ таныг муу хөгжим хийжээ гэж хэлэх хүн гардаг юм уу. Бүгд л хэн нэгнийгээ магтаж байдаг шүү дээ?
-Гарна шүү дээ. Миний найз нараас Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч асан Ц.Нацагдорж гэж хүн байлаа. Хэлдэг л байсан. “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг хийж байхад бид зөвлөлддөг байв. Бид зэргэлдээ өрөөнд хоёулаа төгөлдөр хуураа “нүднэ” л дээ. Хоёр хоноод л “За, өвгөөн нэг иймэрхүү юм хийж байна” гээд үзүүлнэ. “За даа, энэ ч мэдэхгүй дээ… Энэ ч магадгүй дээ” ч гэх шиг нэг нэгэндээ хэлнэ. Би киноныхоо хөгжмийг ерөнхийд нь дуусгаад түүнд сонсгоход, “Энэ киноны дараа чи нэг бол нүхэнд орно, нэг бол тэнгэрт гарна” гэсэн юм.
-Яагаад тэгж хэлсэн юм бол?
-Ц.Нацагдорж юу мэдэрсэн бэ гэхээр түүний огт хийдэггүй зүйлийг би хийсэн байгаа юм. Түүнд үнэхээр сонирхолтой санагдсан. Гэхдээ түүний хийж болохгүй юмыг л би хийсэн байхгүй юу.
-Хөгжимд бас тийм “хийж болохгүй юм” гэсэн үзэл суртлын зүйл байдаг юм уу?
-Энэ үзэл суртал биш, чадвар. Ц.Нацагдорж дэлхийн сонгодог синфонийг идеал гэж ойлгоно. Би түүнээс нь зөрж байгаа байхгүй юу. Би түүний хувьд өөрийнх нь идеалд тохирохгүй “шал дэмий юм” хийсэн. Гэхдээ их сонин юм байна гэдэг нь ойлгогдож байсан. Тэр юу хэлсэн гэхээр, “Чи миний баримталдаг зарчмаас тэс өөрийг хийсэн. Миний зарчим зөв бол чиний хөгжим нурна. Чиний зарчим зөв бол чи алдаршина” гэсэн санааг хэлсэн байхгүй юу.
-Аан. Одоо л ойлголоо.
-Тэгээд би алдаршсан л даа. “Мандухай цэцэн хатан” киног Монголын хөгжмийн сэтгэлгээнд шинэчлэл хийлээ гэж баахан магтсан. Би оюутан байхдаа С.Гончигсумлаа гуайн бүтээлүүдээр судалгаа хийгээд өөрт нь үзүүлсэн юм. Түүгээрээ би Украйнд болсон хөгжим судлагч оюутнуудын хөгжим судлалын өгүүллийн уралдаанд оролцоод түрүүлсэн юм л даа. Мундаг юм хийчихлээ гээд л С.Гочигсумлаа гуайд үзүүлсэн хэрэг. Гэтэл багш уншиж үзээд маргааш нь намайг дуудлаа. “Чи их сайн хөгжим судлаач болох юм байна. /Энэ өгүүлбэрийг давтан хэлэв. Сурв/
Чи ер нь сайн хөгжим судлаач болох юм байна. Гэхдээ чи миний хөгжмийг намайг үхсэн хойно судлаарай” гэж хэлж байгаа юм. “Европын хөгжмөөс С.Гочигсумлаа гуай тийм, тийм зүйлийг ашигласан” гэсэн үг тэнд явж байсан юм. Түүнд мань хүн маш их сэтгэл дундуур байсан. Надад шууд хэлсэн байх нь л дээ. Энэ бол “Чи үндэснийхээ хөгжмийн төлөө насан туршдаа зүтгэсэн хүнийг өнөөдөр европоос бараг хулгай хийсэн гэж байна” гэсэн шүүмжлэл байлаа. Ийм зүйл байх. Би Б.Шаравыг “Чингис хаан” дууриа бичсэнийх нь дараа “Чиний бүх ари үглэж эхэлдэг нь ямар учиртай юм” гэхэд л мань хүний толгойд нэг юм бууж байгаа нь мэдрэгдэж байсан. Зарим хүмүүс таалагдсан ч хэлдэггүй байх. Гэхдээ би өөрийнхөө юу хийж байгааг мэднэ. “Хөнгөн гараар” дуу хийх үе бий л дээ. Би өөр юугаар мөнгө олох вэ дээ.
Онгод гэж яг тухайн цагт орон зай, цаг хугацааны хязгаарын саадыг давахыг хэлнэ
-Та жинхэнэ уран бүтээл хийх үедээ ертөнцөөс тасарсан байдаг уу?
-Тасардаг байлгүй дээ. Хөгжим бичиж байхад … юу гэмээр юм. Кино ч биш. Кино бол орон зай, цаг хугацаагаараа цуварч гардаг. Харин хөгжим тийм үйл явц биш. Ерөөсөө миний насан туршдаа сонссон, мэдсэн бүх зүйл яг нэг зэрэг тархинд бий болдог юм. Команд очиход л бэлэн байгаа цэрэг шиг. Хөгжим хийхдээ “П.И.Чайковский чинь ингэсэн билүү… нэг тийм уртын дуу байдаг байх аа… тэр жил Б.Шарав нэг иймэрхүү хөгжим бичлүү…” гэх зэргээр маш бүдүүлгээр ярихад яг л програмчлагдсан мэт байдаг. Түүх, судар, амьдрал, хайр, хөгжмийн бэлэн сан толгойд байна гэсэн үг.
Хэрэв тэгэхгүй, ямар нэгэн юм нь дутуу хаалттай байвал эсвэл хүний “юм”-наас орно, эсвэл сулхан “юм” гарна. Харин тэр бүхнийг үргэлж сэрээж байхгүй бол алдаа хийнэ. Үүнийг онгод гэх үү…? Дээхэнэ үед зохиолчид, хөгжмийн зохиолчид архи уугаад онгод нь ордог гэж ярьдаг байсан. Тийм байж болно. А.Эйнштейн чинь долоо хоног архидаж байгаад л нэг нээлт хийдэг хүн байсан гэдэг шүү дээ. Архи уухаар бусад элдэв бодол нь арилж, оюун санааны хувьд нэг хүрээлэлд ордог байж болох юм. Түүндээ амтшаад архинд ордог хүн бий. Өөрөө онгодоо дуудаж чадахгүй учраас саармаг байдалтай байдаг гэх үү дээ. Би бол архи амслаа л бол юу ч толгойд орж ирдэггүй.
Би онгодыг томъёолж үзсэн. Гэхдээ түүндээ би тун итгэлгүй байгаа. Яг онгод гэдэг нь хоёр зүйл дээр яригддаг. Нэг нь бөөгийн онгод, нөгөө нь уран бүтээлчийн онгод. Энэ нь ямар үзэгдэл вэ гэхээр яг тухайн цагт бөө юм уу бүтээгч өөрөө орон зай, цаг хугацааны хязгаарын саадыг давж байгаа юм. Би XIV зууны үйл явдлаар хөгжим бичих гэж байна гэж төсөөлөөд онгод орсон гэж үзвэл XXI зууны хүн биш, XIV зуунд очих хэрэгтэй. Тэр үед хүн юу хүртэж, юу хүлээж авч, ямар сэтгэл хөдлөлийг ухаарч болох вэ гэдэг тэр орон зай, цаг хугацаанд очиж байна л гэсэн үг:
-Тодорхой хэмжээгээр гэгээрч байна гэсэн үг үү?
-Гэгээрэхээс ч давж байна. Миний томъёолол ийм л байна. Жюль Верн өнөөдрийн тухай л бичсэн. Бичихдээ “Боинг-770″ гэдэг онгоц яг ийм байна гэж харахгүй ч гэсэн хүн ийм юмаар ниснэ гэдгийг мэдэрсэн хэрэг. Жинхэнэ уран бүтээл хийнэ гэдэг бүх юм толгойд буучихаад байгаа үед цаг хугацаа, орон зайн мэдрэмжээс гарч байна гэсэн үг гэж бүдүүн тоймоор ухаарч болох байх.
-Танд энэ онгод гэгч зүйл ямар бүтээл дээр маш хүчтэй мэдрэгдсэн бэ?
-”Цагаан суварга” гээд миний хамгийн энгийн нэгэн хөгжим бий. Өндөр гэгээний 360 жилийн ойн баярыг тэмдэглэх гээд би ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байлаа. 1995 оны наймдугаар сарын 20-доор шүү дээ. Аймаар хүйтэн бороо гурван өдөр орлоо. Анх удаа монголчууд гадаа даншиг наадам хийх гэж байгаа нь тэр. Хөдөө. Зочид буудал энэ тэр гэж юу ч байхгүй. 60 мянган хүн цуглах гэж байдаг. Би ерөнхий зохион байгуулагч. Наадам маргааш эхэлнэ. Тэгэхээр ямар байдалтай байхав?
-Үнэхээр хүнд байсан байх…?
-Ёстой хэцүү. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Соёлын сайд байсан юм. Бид хоёр хамт байлаа. Би унтахдаа бодлоо. “Маргааш бороо үргэлжлэн орвол наадам яаж эхлэх вэ?” гээд л. Бүх найруулга минийхээр явах ёстой. Гэтэл ямар ч арга байдаггүй. Бодлоо, “Үгүй энэ Өндөр гэгээн гэдэг чинь одоо хүн байсан юм уу, юу байсан юм. Өөрт нь зориулж бүх монголчууд юм хийх гэж байхад… Сүнс гэж байдаг гэдэг. Дээрээс хардаггүй юм байх даа. Тийм хүчгүй хүн байсан юм уу… Ер нь энэ орчлон ертөнц чинь худлаа юм биш үү… Гэгээн гээд л сүржигнээд байдаг. Лам нар бороо оруулдаггүй л гэдэг шүү дээ. Бүх юм оюун ухаанаар зохицуулагддаг гэдэг нь хаачсан юм…” гэж бодоод гомдох шиг болов.
Тэгээд өглөө 06.00 цагт бослоо. Гэтэл үүл унаад манан болчихож. Хэн ч, юу ч харагдахгүй байв. 06.15-аас эхлээд л манан газраас хөндийрлөө дөө. Хүмүүс танигдахгүй, гутал энэ тэрээрээ л бие биенээ ялган таньж байв. Тэгэхэд би өндөр гэгээндээ баярлаж байгаа юм уу, миний үг очиж гэж өөртөө баярлаж байгаа юм уу, тийм нэгэн хөгийн сэтгэгдэл төрж байлаа. Тэнд би ёстой л орон зай, цаг хугацаанаас ангижирсан юм.
3-4 минут л байх. Яг тэр үед “Цагаан суварга”-ын аялгуу толгойд бууж билээ. “Нэг ийм хөгжим байвал яадаг бол?” гэж бодогдсон. Үүл дээшээ хөөрч, задраад нар гарлаа. Хоёр өдөр дусал ч бороо оролгүй цэлмэсэн. Тэгэхээр үүнийг чинь юу гэж тайлбарлах вэ? Энэ аялгуу дэлхийд түгсэн. Японы галзуугийн эмнэлэгт ч тавина, бясалгалын газрууд ч тавина. Италийн алдарт гурван тенорын нэг Доминго Пласидо, “Таны аялгуун дээр итали үг хийгээд би дуулъя” гэж санал тавьсан шүү дээ. Би түүнд, “Хөгжмөөрөө л байг” гэж хэлсэн.
-Та түүнд зөвшөөрөөгүй байх нь ээ?
-Зөвшөөрөөгүй. Апиваа юм ямар нэгэн холбоотой байгаа биз? Өөрийн чинь түрүүний асууснаар хүн бол оюуны хувьд хүчтэй л байх хэрэгтэй. Хүчтэй байна гэдэг нь бусдыг өөрийн оюуны хүчээр дарамтлах тухай асуудал биш. Бусдыг нээхэд тэр хүчийг ашигласнаар өөрөө илүү хүчирхэг болно.
Жинхэнэ урлаг жинхэнэ хүнд л зориулагддаг
-Тантай уулзаж байгаагийн хувьд цэргийн хөгжмийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Цэргийн хөгжим гэж ер нь юуг хэлээд байна вэ. Таны хувьд ХЦДБЧ-ын талаар юу сонсч, юу мэдэрч байна вэ?
-Би энэ талаар мэдээлэл муутай байгаа. ХЦДБЧ-ыг шинэчлэн байгуулагдахад би гap бие оролцсон юм. Хуучин пионерийн ордон буюу одоогийн хүүхдийн урлан бүтээх төвд анх нийлүүлж байлаа. Бадарч гэж хөгжмийн зохиолч, уран сайхны удирдагч байлаа. Бид их сайн харилцаатай байсан. Би тэгэхэд хөгжмийн холбооны дарга байсан тул их тусалсан юм. Э.Бүрнээбаяр, Хоовон Энхбаяр гээд л бий шүү дээ. Тэд чинь бүгд миний “нүдэж, зодож” гаргаж ирсэн хүүхдүүд байхгүй юу. Надад ХЦДБЧ маш их хүндэтгэлтэй ханддаг. Хөгжим хоёр үүрэгтэй. Урлагийн жинхэнэ мөн чанар нь хүний эмзэг зүйлийг сэдрээхэд оршдог юм. Тийм учраас урлаг асар их хүчтэй байдаг.
Инээдмийн урлаг эмзэг зүйлийг нь хөндөхөөр л хүмүүс инээдэг байхгүй юу. Шалдан гарч ирэх, жигтэйхэн муухай хувцаслах, уруул амаа хачин янзаар будах, эсвэл тэс хөндлөн юм ярихад хүн инээдэг. Битгий тэгээсэй гэсэн зүйлийг нь л гаргаж ирж буй хэрэг шүү дээ. Хөгжим бол хүний сэтгэлийн гүн дэхь эмзэг нандин зүйлийг татаж гаргаж ирдэг юм. Хоёр дахь үүргийн тухайд бол жинхэнэ урлаг жинхэнэ хүнд л зориулагддаг. Жинхэнэ хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр ухаан суугаагүй өлгийтэй хүүхдийг хэлдэг.
Өөрөөр хэлбэл тэр муу, сайныг ялгахгүй, хар хор, муухай сайхан, нүгэл буян, тачаал шуналыг мэдэхгүй. Түүнд л бүүвэйн дуу гэдэг зүйл жинхэнэ ариунаараа очдог юм. Тэр их хүчтэй л дээ. Хүн нийгмийн амьтан болоод муу сайныг ялгаад ирэхээрээ урлагт ялгамжтай хандаж урлаг жинхэнэ ёсоороо үйлчлэхээ болиод ирдэг. Үүнийг нь нийгэм ашигладаг. Ингээд шашны, төрийн, цэргийн, хайрын, эх орны хөгжим болгож орхино. Нийгэмд уран бүтээлч хүн амьдарч байгаа учраас л энэ бүхнийг хийдэг.
Өөрөөр хэлбэл урлаг жинхэнэ чанараараа үйлчлэхээ болиод үзэл суртал, төрийн бодлогын хэрэгсэл болж байгаа юм. ХЦДБЧ бол Монгол төрийн бодлогын хэрэгсэл. Жинхэнэ урлагийн мөн чанарынхаа үүргийг биш, нийгмийн үүргээ гүйцэтгэж буй юм. Үүнийгээ манай ХЦЦБЧ-ынхан сайтар ойлгох хэрэгтэй. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэж дуулж байгаа бол аялгуу нь гоё, үг нь гоё ч гэлээ хүнийг эх орондоо хайртай болгож буй юм.
Үүнийгээ маш сайн хийх хэрэгтэй Бид нэгэнт бодлого хүргэж байгаа бол уран бүтээл хийхдээ хүний сэтгэлийн жинхэнэ тэр эмзэглэлийг холбож өгөх ёстой. Зөвхөн баярлуулахдаа гол нь биш. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дууны аянд сэтгэлийн эмзэглэл бий Үүнийг хийхийн тулд уран чадвар, ухаан хэрэгтэй. Зөвхөн хилийн цэргийн тухай дуулж, бүжиглээд байвал ХЦДБЧ сайн гэсэн үг биш. Эмзэг зүйлийг олж гогдохын тулд ихээхэн эрдэм, yхаан, уран чадвар хэрэгтэй. Ёстой онгод орсон үед л тэр эмзэг зүйл хөндөгдөнө дөө. Энгийн орчин цагийн илтгэлийн хэлээр ярих юм бол сэдэвт дулдуйдах биш, сэдвээ уран сайхнаар хүчтэй илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг.
-Хилчдийн амьдралаас жинхэн уран бүтээл төрөх өргөн орон зай бий гэж боддог.
-Энэ бол хамгийн их хэрэгтэй зүйл Хилчдэд нутгийн хөөрхөн горхины тухай дууг үнэхээр гоё хийгээд өгвөл ямар их баярлах бол. Түүнийг дуулснаараа хилээ гайхамшигтай сайн манах юмсан гэж бодогдоно. Зүгээр л нэг хангай нутгийн хөөрхөн горхины тухай дуу хийсэн байхад тэдний эх оронч зүрх сэтгэл яасан их сэргэх бол.  Түүнээс биш “Хил, хил, хил..гэж дуулаад хилчин хүн эх оронч болохгүй.
Ухаандаа Лха.Дорж гуай үнэхээр мундаг хүн шүү дээ.  Цус асгаруулсан байлдааны үеэр “Цэнхэр дурдан алчуур”-ыг хийсэн байхгүй юу. Эмэгтэйчүүдээсээ хол, амраг сэтгэлийг мартахаас аргагүй болчихсон, хаана хэдийд бөмбөг дэлбэрч үхэх бол гэж бодож яваа хүмүүст “Цэнхэр дурдан алчуур” гэдэг амрагийн дууг очоод дуулчихаар чинь эх орноо хамгаалах урам зориг нь сэргээд ирж байгаа юм. “Байлдаад бай, байлдаад бай” гэдэг дуу хийсэн бол тэгж зориг орох байсан гэж үү? Тэгж дуулсан учраас л цэрэг хүн эх орныхоо үнэ цэнийг мэдэрсэн. Хилчдийн бие, сэтгэл, оюуныг хил дээр хадах биш биеийг нь хилд ухааныг нь эх оронд нь дэлгэж, эх оронч сэтгэлийг нь төлөвшүүлж өгөх хэрэгтэй юм. Тэгж байж сэтгэл нь хилд тогтоно шүү дээ. Би ингэж л “тэнэглэж” байна даа.
-Түүхэн киноны хөгжим бичихийн тулд та тэр бүх түүхийг гүнзгий судалсан байж таарна даа?
-Үгүй. Гүнзгий судалдаггүй юм. Би ямар түүхч биш.
-Та түрүүнд тухайн цаг үеийг мэдэрч, тэр үед нь очдог гэж хэлсэн шүү дээ?
-Тийм. Тэр бол судалгаа биш. Сэтгэлгээ. Хөгжмийн зохиолч хүнд Батмөнх даян хааны хаана нутаглаж байсан, хэдэн цэрэг, хэдэн жанжинтай байсан, хэдэн удаа ялагдсан бодит түүх чухал биш. Тэр бүхнийг архивт очиж уншаад, хөгжим бичнэ гэж байхгүй. Юу чухал вэ гэхээр XIV зууны дэлхий, монгол газар ямар байв, эргэн тойронд, гадна дотно ямар хүч байв, ямар хүч өндийж, ямар хүч буцалж байсан бэ гэдэг нь л чухал.
Болсон явдлаас илүү тухайн үеийн хүн юунд баярлаж, юунд, гомдож, юунд зоригжиж, юунд шантрах вэ гэдэг сэтгэлгээний тооцоог хийхийн тулд л түүх рүү ордог. Би XXII зуунд XXI зууны үеийн киноны хөгжим хийхээр болсон байлаа гэж бодъё. Тэгвэл тухайн үед хүн сансарт ниссэн, цахилгаан машин хийх гэж оролдсон, Монгол Улсад технологи хоцорч орж ирсэн, шилэн байшин моодноос гарахад л анх барьж эхэлсэн… гэх мэтийг судална. Эндээс сэтгэлгээний харилцааг олж харж болно. Ингэснээр хэмнэл, аялга ойлгогдоно. Харин 1970-аад оны “Хүргэн хүү” киноны хөгжмийг бичих гэж байгаа бол өөр нийгмийн тухай бодох ёстой.
-Та цагийн үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ. Бид хоёр цаг гаран ярилцлаа шүү дээ. Энэ хугацаа таны хувьд мэдээж хайран байсан болов уу. Гэтэл энэ хоёр цагийг зүв зүгээр сууж өнгөрүүлдэг олон хүн бий.
-Надад бол ямар ч хэрэггүй хоёр цаг байлаа. Гэхдээ гарзанд гарсан цаг хугацаа гэж би хэлэхгүй. Хэлсэн зүйлээс минь энэ ярилцлагыг уншсан 10 хүний нэг нь ч гэсэн өөрийнхөө сэтгэл, хүчийг дайчлан ямар нэгэн хэмжээгээр алхам хийгээсэй гэж бодсондоо би өнгөрсөн цагт харамсахгүй байна. Миний бүх цаг хугацаа ганцхан надад хэрэгтэй байх албагүй. Цагийн үнэ цэнэ хугацаагаар биш ачааллаар хэмжигддэг юм шүү дээ.
Хүнийг нас барсны дараа хэд насалсан бэ гэхийн оронд юу бүтээсэн бэ гэж асуудаг. В.А.Моцартыг 50 хүрсэнгүй, М.Ю.Лермонтовыг 30 гаруй насандаа өөд боллоо гэж хүмүүс ярьдаггүй. А.С.Пушкин 30 гаруйхан наслахдаа бага юм бүтээгээгүй. Гэтэл 90 гаруй насалсан хүн юу ч үлдээгээгүй байж болно шүү дээ. Тиймээс би цагийн ачааллыг ихэсгэх тухай л боддог.
Бурхан гэж байдаг бол түүнийг хөгжим тогло гэж хэдэн жил явуулаад л буцаагаад аваад явчихсан
-Яг одоо В.А.Моцарт, Ф.Шопен хоёрын аль нэгийг сонс гэвэл та алийг нь сонгох вэ?
-Ф.Шопенийг л сонсоно. В.А.Моцарт бол асар том инженер хүн. Тэр ямар ч өө сэвгүй тооцоолдог. Тэр тооцоо алддаггүй. Ф.Шопен бол түүн шиг тооцоотой биш. Гэхдээ сэтгэлийн оргил нь илүү тооцоотой. Өгсөх, уруудах, тогтох тэр тооцоо нь ВА.Моцартаас хүчтэй. Монгол хүний хувьд хэлэхэд ВА.Моцартын дээл гоё, Ф.Шопенийх дулаахан байхгүй юу. Хоёулаа л сайхан дээл.
-Тэгвэл Никколо Паганинигийн тухайд…?
-Дэлхийд тийм хөгжимчин олон төрөөсэй. Бурхан гэж байдаг бол түүнийг хөгжим тогло гэж хэдэн жил явуулаад л буцаагаад аваад явчихсан.
-Хийлийн ганцхан утсан дээр тоглож байсан гэдэг?
-Тоглож болно. Болох ёстой. Гэхдээ тэр үнэхээр “универсаль машин” болсон байхгүй юу. Компьютер шиг л…
-Та юунаас хөглөгддөг вэ?
-Ерөнхийдөө зовлонгоос шүү.
-Та тийм их зовсон хүн үү?
-Үгүй ээ. Өөрөө би зовсон юм биш. Ердөө зовлон гэдэг зүйлийн утгаас л хөглөгддөг юм. Баяр баясгалан намайг тэгж их хөглөдөггүй. Би буруу төрсөн үү, ямар учиртайг хэлж мэдэхгүй. Баяр баясгалан надад зохиомол санагддаг. Зовлон бол яг үнэн. Түүнээс үнэн юм гэж ер нь байхгүй дээ.
-Гэхдээ хүмүүс зовлонг хүсдэггүй шүү дээ?
-Тийм. Гарцаагүй үнэн юм бол зовлон. Мэдээж хэрэг би тэр зовлонгийн тухай хөгжим бичихгүй л дээ. Түүнээс авсан мэдрэмж, цохилт надад тулгуур болдог. Хийх үүрэгтэй юм шиг санагддаг.
-Тэгвэл хөгжим үнэний дуу юм уу?
-Хөгжим яаж худал хэлж болох билээ дээ. Хэлж ярихгүй юм чинь. Дуураймал хөгжим бол мэдээж худлаа л даа. Сэтгэл хөдөлгөж л байгаа бол тэр үнэн хөгжим.
-Таны хамгийн их хүндэлж, хайрладаг хөгжмийн зохиолч хэн бэ?
-Энэ чинь их сонин. Би хөгжмийн зохиолчдыг юугаараа сод вэ гэдгийг гадарладаг. Тиймээс нэгийг нь нөгөөгөөс илүү гэж хэлэхэд үнэхээр зовлонтой. Харин сонсогчийн хувьд Ж.М.Равел, С.В.Рахманиновын хөгжмийг сонсох нь хүн болж төрсний минь аз завшаан гэж боддог шүү.
Хүн худлаа л байж болохгүй 
-Хүн ер нь яах гэж амьдардаг юм бэ. Та түрүүнд сайхан амьдрах хэрэгтэй гэсэн. Сайхан амьдрал гэж юуг хэлээд байгаа юм бэ?
-Би үүнийг тодорхойлох гэж үзсэн. Үүнийг манай “Ногоон нам”-ын Д.Энхбат ер нь гайгүй байна гэж хэлсэн шүү. Би дөрвөн зүйп бий гэж үздэг. Хүн хүсдэг, боддог, илэрхийлдэг, хэрэгжүүлдэг. Хүссэнээ бодож чадахгүй, бодсоноо илэрхийлж чадахгүй, илэрхийлснээ хийж чадахгүй бол сайхан амьдрал, аз жаргалын тухайд саналтгүй. Жишээ нь Гитлер бараг аз жаргалтай хүн. Хүссэн үү, хүссэн. Бодсон уу, бодсон. Бодсоноо хийсэн үү, хийсэн. Гэхдээ үр дүнг нь үзэж чадалгүй амиа хорлосон. Тэр хүртэл хамгийн аз жаргалтай хүн байсан. Хүн төрөлхтөнд сайн, муу зүйл хийсэн тухай би яриагүй. Зүгээр л хувь хүний аз жаргалын тухай ярьж байна.
Манай Ю.Цэдэнбал дарга бол үнэхээр аз жаргалгүй хүн. Би түүний дэргэд дөрвөн жил ажипласан. Хойно байхад нь очдог л байсан. Түүний ухаан заримдаа 34 минут самуурахгүй болчихно. Тэгээд ярьдаг байлаа. Чингис хааны 800 жилийн ойг хийх комисс байгуулж л дээ. Хэнтийд хөшөөг нь босгуулж, Д Пүрэвдорж гуайд захиалга өгч “Чингис” шүлгийг нь хэвлүүлчихээд нөгөөдөр баярын хурлаа хийнэ гэж байхад нь Зөвлөлтийн коммунисг намаас утасдсан байна. “Та Чингисийн ойг тэмдэглэх хурал хийх гэж байна уу? Тэгвэл тамга, тугаа далд хийх нь зөв шүү” гэсэн утгатай юм хэлсэн гэдэг. “Ингээд л би Д.Төмөр-Очирт намын арга хэмжээ авч, “Чингис” шүлгийг хэвлүүлсэн сонинг хураан авч шатаагаад Чингисийн хөшөөг буулгах тушаал өгч, Монгол Улсыг ингэж явуулж болохгүй нь гэдгийг ойлгосон. Ингэж байхаар юухантай ч болов хоцоръё гэж соёлын довтолгоог хийсэн юм. Ганц нэг барилга, байшинтай болох гэж Эрдэнэт, Дарханыг байгуулсан юм шүү дээ” гэж хэлдэг байлаа.
Тэр хүн бодлоо хэлж, хийж чадаагүй юм. Тиймээс миний томъёоллоор азгүй хүн. Харин Б.Ренчин гуай бол аз жаргалтай хүн. Зовлон үзсэн үү, үзсэн. Хүссэн үү, хүссэн, бодсон уу, бодсон. Маш олон эсэргүүцэлтэй тулгарсан ч бодлоо хэрэгжүүлж чадсан. Тиймээс хамгийн энгийн иргэн, хамгийн том удирдагчид энэ дөрвөн зүйл л ямар нэгэн зөрчилгүй хэрэгжиж байвал аз жаргалтай амьдрах юм байна гэж би ойлгоод байгаа.
-Тэгвэл та аз жаргалтай хүн мөн үү?
-Миний аз жаргалын тухай миний дараагийн хүмүүс л ярих байх.
-Хүн хэрхэн үнэ цэнэтэй амьдрах вэ?
-Хамгийн чухал нь хүн өөрийн ажил, мэргэжилдээ эзэн нь байх ёстой. Өөрөөр хэлбэл чадвартай байх ёстой. Хүн шаардлага гарсан үед худлаа хэлдэг л дээ. Харин худлаа л байж болохгүй. Тэгсэн цагт хүн үнэ цэнэтэй байна. Бусад хүмүүс “Өө, энэ Оюун-Эрдэнэ тэгсэн байх ёстой, тийм л хүн юм чинь” гэж яривал нэг өөр. Харин “Тэр тэгж хэлсэн гэж үү дээ?” хэмээн гайхаж байгаа бол үнэ цэнэ унаж байна гэсэн үг. Онгироо хүнд ч итгэж болно шүү дээ, занг нь мэдэж байгаагаас хойш,
-Хүмүүсийн чанар муудлаа гэж ярих юм. Та энэ тал дээр ямар хариулт өгөх бол?
-Чанар муудах ёстой, бас сайжрах ёстой. Хүний чанар гэдэг бол харилцааны асуудал юм. Хүний чанарыг хараад юм уу, сонсоод мэдэж болохгүй. Харилцаа л хүний чанарыг илэрхийлдэг юм. Нийгмийн орь хүслээс шалтгаалан хүний чанарт өөрчлөлт ордог. Жишээ нь социализмын үед эх орон, нам, ард түмэн, хамт олон, гэр бүл гэдэг нь ил тод бөгөөд өнгөц байлаа.  Яг гүндээ бол “Тэдний эхнэр гоё гутап өмсчихсөн байна. Би ч бас өмсчих юмсан” гэж бодож л байгаа байхгүй юу. Өнгөн дээрээ хүн чанартай мэт харин мөн чанар нь бол далд байсан.
Пост социализмын үеийн хүн бол ердөө хоёр гурван үеэрээ хувийн өмч гэдэг зүйлийг мэддэггүй байлаа. Монголчууд хувийн өмч амьдралыг хэрхэн яаж өөрчилдөг вэ гэдгийг анх “Халтар царайт” киноноос үзсэн Хувийн өмч гэдэг зүйлийг мэдэхгүй хүмүүс эрх чөлөө гэдэг зүйл гэнэтхэн палхийтэл ороод ирэхтэй зэрэг далд байсан бүхэн нь ил гарч ирсэн. Өмсөх сөн, идэх сэн, уух caн гэх хүсэл бүр нь. Гэтэл өөрөө хөрөнгөгүй хүн яах билээ? Нөгөө хамтач үзэл санаа нь алга болж эхэлсэн. Амин зуулга залгуулахын төлөө хүний мөн чанар нь илрээд, хүн чанар муудсан юм шиг харагдаад байгаа юм Манайхан дундаж давхаргыг бий болгоно гэж яриад байна.
Нийтээрээ хүний царай харахааргүй амин зуулгатай, орох оронтой болоод ирэхээр өөр зүйлийг бодож эхэлнэ. Эх орон, найз нөхөд, хамтач үзлийн тухай өөрийн эрхгүй бодно. Шинэ сайхан үе гарч ирнэ. Тэр үе рүү бид явж байна. Харин тийш явах замын соён гэгээрүүлэгчид нь бид юм. Бид апиваад чин үнэнчээр хандах хэрэгтэй. Жинхэнэ шударга гэж ер нь байдаггүй юм шүү дээ. Энэ бол харьцангуй ойлголт. Хувь хүний хувьд бие биенээсээ онц хамааралгүй нийгэмд л шударга ёс харьцангуй бий болно. Хүн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун болсон цагтаа бусад хүмүүст нэмэр болохыг хичээдэг. Одоо бол манайхан чинь бүгд л аль нэг юм нь болохоо больчихоод байна. Болохгүй байхад юуных нь хүн чанар байх билээ дээ.
-О.Дашбалбар агсан “Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар” гэсэн байдаг?
-Мөн чанар бол хүн чанар мөн. Хүн чанар нь гадагш илэрхийлэгдэх чанар. Харин мөн чанар бол хүнд өөрт нь байх дотоод чанарын тухай асуудал юм. Мөн чанар бидний харилцаанд биш, миний дотор л илэрнэ гэсэн үг. Энэ бол итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, шүтэн биширч эрхэмлэх зүйл нь юм.
-Та ярилцлагынхаа төгсгөлд хилчиддээ хандаж юу хэлэх вэ?
-Би энд улс төр ярьж, уран бүтээл хийж, энд тэнд сайхан хоол идэж, машин тэргээр давхиж, хүн хартай уулзаж, баяр цэнгэл хийж байна. Хилчид тэнд зогсч, хил бүрэн бүтэн байгаа учраас би тэгж байгаа юм. Үнэн чанартаа монголчууд бидний өнөөдрийн энэ аз жаргалтай амьдралын үндсэн баталгаа нь хил манаж буй үйл хэрэг юм. Тиймээс хилчид энэ баталгааг үеийн үед сахиж байснаараа Монголынхоо тусгаар тогтнолын хамгийн үнэ цэнэтэй хүмүүс гэдгээ ухаарч байх хэрэгтэй. Хүн бүр эх орноо манах ёстой. Гэтэл би манахгүй байна. Би зүгээр л энэ тэрүүгээр гүйж явна. Харин хилчид бидний өмнөөс манаж байна. Биднийг хийж бүтээх бололцоогоор хангаж байна гэдэг чинь хамгийн үнэтэй гавъяа юм биш үү…?
-Баярлалаа, цаг зав гарган ярилцлага өгсөн явдалд.
-Чи ч намайг ёстой “аллаа” даа.
Ахлах дэслэгч Ж.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин

URL:

Сэтгэгдэл бичих