З.Энхболд: Д.Эрдэнэбатаа таны буруу, Ч.Хүрэлбаатарын зөв
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Шилэн данс”, Онцгой албан татварын тухай, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцсэн нь ихээхэн асуудал үүсгэв. Учир нь Засгийн газраас боловсруулсан онцгой албан татварын бодлого УИХ-ын гишүүдэд таалагдсангүй. Харин Засгийн бодлогыг хамгаалж ярьсан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын асуудлаа мэддэггүй байдал УИХ-ын дарга З.Энхболдыг ч бухимдуулав. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд “Д.Эрдэнэбат гишүүнээ таны буруу. Ч.Хүрэлбаатарын байр суурь зөв. Асуудлаа судалж бай” гэх мэтээр бухимдсан юм.
Мөн өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хуулийн төслийг унагачихсан юм. Үүнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг АН-ынхан та нар унагалаа шүү” хэмээн анхааруулсан нь бас л асуудал үүсгэв. Үүнд нь бухимдсан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Чи юм л бол Ерөнхийлгчийн саналыг АН-ынхан унагаасан гээд байна. Ардчилсан намын ерөнхийлөгч гэж хаана байсан юм бэ?” гэх мэтээр бухимдлаа илэрхийлээд авлаа.
Энэ байдлыг улс төр судлаачид өөрөөр тайлбарлаж байна. Ерөнхийлөгч “давхар дээл”-ийг тайлуулах хууль санаачилсан нь Засгийн газрыг хөдөлгөх хүч боллоо. Тийм учраас олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хуулийн төслийг унагалаа. Цаашдаа ч АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилгыг унагаад байх магадлалтай гэж дүгнэлээ.
24tsag
URL: