ТАРИАЛАЛТАД ТЕХНИК ДУТАГДАЖ БАЙНА

67219_129936Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологийн талаар ҮХААЯ болон нийслэлийн ЗДТГ, ХААИС, “Тот ком сервис” ХХК хамтран нийслэлийн ногоочдод сургалт зохион байгуулж байна. Тэд энэ жилийн тариалалтын бэлтгэлдээ оржээ. Тариалалтад тулгардаг бэрхшээлийн нэг нь техник. Тиймээс дээрх байгууллагын мэргэжилтнүүд газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж, сүүлийн үеийн дэвшилт техник технологийг хаанаас авах, түрээслэх талаар зөвлөж буй нь энэ юм. Манайд газар тариалангийн техникийн хангамж муу байдаг. Тариаланчид 1970-1980 онд үйлдвэрлэсэн, ашиглалтынх нь хугацаа дууссан техникүүдийг ашигласаар байна.

Сүүлийн үеийн шинэ техник байдаг ч өндөр үнэтэй. Тиймээс иргэд техник, богино хугацааны зээл, газрын төлбөрийн асуудлаар төрөөс дэмжлэг хүсэх нь элбэг аж. Үүнээс гадна төмс, хүнсний ногооны тариалалтад хүн хүч дутдаг гэнэ. Ажиллагсад нь өдрийн 20.000-25.000 төгрөгийг голдог талаар албаны хүн хэлэв. Жил бүр тариалангийн талбайг нэмэгдүүлж, 1000 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байгаа ч одоогоор нийслэлийн иргэдэд хэрэгцээт ногооны 13-14 хувийг хангаж байгаа юм байна.

Өрхийн тариалан эрхлэгч М.Должинтой уулзлаа. Тэрбээр “2009 оноос хойш газар тариалан эрхэлж байна. Би төмс, хүнсний ногоо, цахилдаг цэцэг, тэр ч бүү хэл монос, улиас, хайлаас тарьсан. Харамсалтай нь манайд борлуулах зах зээл бүрдэхгүй байна. Хөрөнгө мөнгө муутай болохоор бордоо, химийн бодис ашигладаггүй. Өнөөх л уламжлалт аргаа хэрэглэдэг. Төрөөс дэмжлэг авах гэж хөлөө эцтэл явсан. “Та тэтгэвэрт гарсан учраас боломжгүй” гэдэг. Халамж үйлчилгээний газарт ч хандаж үзсэн. Тэгсэн чинь “Та орлоготой хүн байна шүү дээ. Харин танай гэрт хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн хүн бий юү гэж асуусан. Ер нь өрхийн тариалан эрхлэгч төрөөс дэмжлэг авах нь тэнгэрээс од шүүрэхтэй адил болжээ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих