Ц.Нямдорж: Сүүлийн үед гудамжны үг хэллэг чуулганы танхимд их яригдах болжээ
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Шилэн дансны тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх асуудлыг ярилцаж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцууллаа. Түүнээс гишүүд асуулт асууж хариулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараах асуултыг асуулаа.
-Л.Дашдорж оо, ийм нэртэй хуультай улс ер нь байна уу? Байгаа бол ямар улсын хуулинд ийм нэр байна? Их хурлын дарга аа, Та Их хурлын тамгын газар, судалгааныхан, гадаад харилцааны хэлтсээ ажиллуулаад ийм нэртэй хууль байж болдог юм уу үгүй юу гэдгийг мэдээд өгөөтхөөч. Энэ талаар ойлголттой болмоор байна. Надад бол данс байх юм байна, тэрийг нь шилэн дээр хийх юм байна, нүд муутай бол очоод хага мөргөөд байх юм байна гэж ойлгоод байна. Энэ чинь төрийн хэрэг. Төрийн албан ёсны хэл яригдаж байна. Бид чинь улс орны асуудлыг энэ зааланд ярьж байгаа биз дээ. Сүүлийн үед гудамжны жаргон хэллэг их хуралд маш их орж ирж байна. Англи, Орос НҮБ-ын олон хэлээр юу гэж орчуулагдах юм чинь энэ чинь. Тэр орчуулгыг нь гишүүдэд гаргаж өг. Ер нь бол төсвийн данс, төрийн өмчит байгууллагуудын дансыг ил тод байлгах шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ заавал ийм нэртэй байх ёстой юм уу?
Түүний асуултанд Л.Дашдорж:
-Ер нь шилэн данс гэдэг үг хэллэгийг сүүлийн 20-иод жил эдийн засгийн нэр томъёонд идэвхитэй хэрэглэж ирсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэсэн олон улсын байгууллагуудад “шилэн данс” нэртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан. Харин ийм нэртэй хууль бусад оронд гарч байсан эсэх мэдээллийг Ц.Нямдорж гишүүнд гаргаж өгье. Хуулийнхаа нэрийг дотоод агуулгаар нь тусгая гэхээр нэр нь маш урт болох гээд байсан учраас шилэн данс гэдэг нэрийг сонгосон.
О.Ариунбилэг | GoGo.mn
URL: