Эхнэрийнхээ хүзүүг хайчаар зүсч амь насыг нь хөнөөжээ
Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд оршин суух 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж, хүйтэн мэс буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Ган-Очир энэхүү аймшигт хэргийг эхнэр Х-гийн эгчийнх нь нүдэн дээр үйлдэж, улмаар эгчийнх нь амь насыг хөнөөхийг завджээ.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн Б.Ган-Очир цагдан хоригдож байгаа юм байна. Тэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, Баянзүрх дүүргийн VI хороонд түр оршин суудаг байсан байна.
Гэмт хэрэг үйлдэж байхдаа архи согтууруулах удаа хэрэглээгүй байсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ган-Очир нь эхнэрээ байнга зодож дарамталдаг нэгэн байжээ.
Энэхүү хэргийн талаар нэрээ нууцалсан эх сурвалжаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Б.Ган-Очир ажил хийдэг байсан уу?
-Хөдөө байж байгаад хотод ирээд ажилд орсон. Тэрээр ажлынхандаа эхнэрээ ална гэж ярьсан байна лээ. Бүр чадвал голомтоор нь устгана хэмээн заналхийлж байсан байна.
-Талийгаач, Б.Ган-Очир хоёр албан ёсоор гэр бүл болсон байсан уу?
-Албан ёсоор гэр бүл болоогүй байсан байна. Ер нь их дарамталдаг байсан учраас талийгаач салах гэж байсан юм. Тиймээс салах нь гэсэн шалтгаанаар амь насын нь хөнөөсөн байх.
-Тусдаа амьдардаг байсан юм уу?
-Тиймээ. Талийгаач эгчтэйгээ хамт амьдардаг байсан.
-Хүүхэдтэй байсан уу?
-Нэг хүүхэдтэй. Хүүхэд нь одоо гурван настай.
-Талийгаач юу хийдэг байсан вэ?
-Япон хэлний чиглэлээр суралцдаг оюутан байсан. Ирэх жилээс Япон руу явж үргэлжлүүлэн суралцах гэж байсан юм.
Эх сурвалж:
URL: