Ц.Нямдорж: Би дөрвөн удаа давхар дээл өмсчихөөд ямар нүүрээрээ тайл гэж хэлэх юм
Өчигдөр хуралдсан чуулганы хуралдаанаар хоёр улсад шинээр суух Элчин сайдуудыг томиллоо. Тодруулбал, манай улс Бразиль, Индонези улсад Элчин сайдын яам нээж байгаа бөгөөд хэрэгцээ шаардлага байгаа гэж үзсэн учраас яамдаа нээж байгаа гэдгээ Гадаад харилцааны сайд Л.Болд хэлж байлаа.
Эдгээр улсуудад Элчин сайдаар суух хүмүүс нь хоёр эмэгтэй хүн. Тодруулбал, төрийн албанд олон жил ажилласан, туршлагатай эмэгтэйчүүд болох Ч.Сосормаа, Ш.Батцэцэг нарыг Элчин сайдаар суулгахаар болсон хэмээн хэлэлцэж гишүүд дэмжсэн юм.
Ингэснээр Бразиль улсад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Индонези улсад Ш.Батцэцэг нарыг суулгахаар боллоо. Үргэлжлүүлэн энэ өдрийн хуралдаанаар удаан хугацааны турш гацаад байгаа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Намрын чуулганаар хэлэлцэж эхлэхэд АН-ын бүлэг завсарлага авсан, дараа нь хаврын чуулганы эхэнд хэлэлцэхэд “Шударга ёс” эвсэл завсарлага авсан бөгөөд нэмж тодруулах асуудал олон байгаа учраас гурван хоногоор завсарлагыг сунгах хүсэлтэй байгаагаа бүлгийн дарга Н.Батцэрэг илэрхийлсэн ч УИХ-ын дарга маазарч суух зав алга хэмээгээд хүлээж авсангүй. Ингэснээр байнгын хороогоор хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцлээ. АН-ын бүлгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд хэлэлцэх үеэр гаргасан Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь УИХ-аас байна гэсэн заалтаа татаж авч байна хэмээлээ.
Ингэснээр хоёр, гуравдугаар заалтыг ч мөн хэлэлцэх боломжгүй болсон юм. Харин дөрөвдүгээр заалт болох УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн уг хуулийг УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс дагаж мөрдөнө гэх заалтын дагуу гишүүд асуулт асууж, хариулт өглөө. Энэ үеэр гишүүдийн илэрхийлж байсан байр суурь нь энэхүү хууль Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа асуудал байлаа. Энэ хуулийн төсөлтэй холбоотой маш олон хүн асуулт асуухаар байсан ч УИХ-ын дарга зургаан хүнээр санал, асуултыг хаасан юм.
С.Баярцогт: Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашч болно гэж заачихсан. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлаа эхлээд ярьчихаад дараа нь энэ асуудлыг ярихгүй юм уу. Намын асуудал биш. Энэ бол улс төрийн ажил.
Ж.Энхбаяр: Энэ асуудлыг манайх оруулж ирээгүй. Нам гэж ярих хэрэггүй С.Баярцогтоо. Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд ингээд заачихсан юм бол яах гэж тусад нь хуулиар оруулж ирсэн юм бэ гэдэг байдлаар хандвал Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс асуу. Бас Р.Гончигдорж гишүүн энэ асуудалд хариу хэлээч. Та чинь Үндсэн хуулийг батлалцаж явсан биз дээ. Ардын намын амыг та нар хаачихсан. УИХ дээр бид үг хэлдэг ч хэвлэл бидний үгийг гаргахгүй байна. Засгийн газар мөнгө хаяж байна. Үнэхээр энэ Засгийн газар дотор болохгүй хүмүүс байна. Тэд нарыгаа гаргаач.
Р.Гончигдорж: Өнөөдөр энэ асуудлыг Засгийн газрыг унагах оролдлого гэж харж болохгүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч ажиллаж байсан үед нийгэм, эдийн засаг ямар байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Одоо гэнэт л хүндэрсэн юм шиг гайхаад байх нь хэр зохистой юм бол. Шууд Үндсэн хууль зөрчсөн гэх боломжгүй. Зөрчсөн эсэхийг нь Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ.
Ц.Даваасүрэн: Хууль санаачлагчийн зүгээс 2016 он гээд оруулаад ирчихсэн байхад дахин зарчмын зөрүүтэй санал оруулах хэрэг байна уу. УИХ-ын Дэгийн тухай хуульд бол Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг засч явах ёстой гэж заасан байгаа шүү дээ.
Р.Гончигдорж: Миний оруулж байгаа санал бол Үндсэн хуулийн нэг зөрчлийг арилгах санаа юм. Долдугаар сарын 1-нд ямар нэг болзошгүй зүйлээс шалтгаалан УИХ бүрдэж чадахгүй бол Засгийн газар нь шууд огцрох асуудал үүсээд байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс шинэ УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс хуулийг хэрэгжүүлэх гэж оруулж өгч байгаа юм. Үнэхээр Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх асуудлыг ярилцъя гэвэл МАН-ын бүлэг завсарлага авах боломжтой. Мөн УИХ-ын гишүүн тухайн санал хураах гэж байгаа хууль Үндсэн хууль зөрчиж байгаа гэж татгалзах эрхтэй байдаг.
Ц.Даваасүрэн: Тэгвэл би дэгийн дагуу санал хураалтад оролцохгүй
Ц.Нямдорж: Энэ хуулиар их олон завсарлага авлаа. Гишүүд ч их ядарч байна. Давхар дээлийг дөрвөн удаа өмсчихөөд ямар нүүрээрээ буруу байсан гэж хэлэх юм. Үндсэн хуулийн заалт бол зүгээр л боломж. Өөрөөр хэлбэл, хэдийг гаднаас, хэдийг дотроос вэ гэдгээ өөрсдөө шийдэх байсан.
Гэтэл Н.Алтанхуяг 45 гишүүнтэй байсан мөртлөө 17 гишүүнийг сайдаар тавьж, УИХ нь Засгийн газрын дор орох боломжтой болгочихлоо. Н.Энхбаярын Засгийн газрын газар УИХ-аас таван сайдтай ажиллаад болж байсан. С.Баярцогтын хэлдэг зөв. Парламентын засаглалыг төлөвшүүлэх шаардлага байсан шүү дээ. Наад оруулаад ирчихсэн заалт чинь Элбэгдоржийн оруулж ирсэн заалт. Оруулж ирсэн заалт нь Үндсэн хуулийн заалттай харшилдаж байгаа шүү дээ. Одоо Ардын намын бүлгээс завсарлага авахгүй.
Санаачилсан хүмүүс нь өөрсдөө учраа ол. Төрийн хуулиар улс төр хийхээ боль. Баахан жүжиг тавиад түүгээрээ таалагдахын тулд төрийн ажлыг завхруулж байна. Одоо ганц л арга байна. Энэ хуулиа татаж авах ганц арга бий. Одоо энэ хуулийг татахаас өөр арга байхгүй. Ц.Элбэгдорж бид хоёр хамт засагт орчихоод давхар дээлээ өмсөөд дааж ядаж явлаа. Тэгээд Үндсэн хуультайгаа зөрчилдсөн заалт оруулж ирээд ийм удаан хугацаанд улстөржилт болгож байна.
…Энэ мэтээр Үндсэн хуулийн заалт зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан үргэлжилсээр Р.Гончигдорж гишүүний саналыг хэлэлцсэн ч унасан юм. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдээд дэмжигдэхгүй унасан Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн 2014 оны долдугаар сарын 1-нээс уг хууль хэрэгжих ёстой гэх асуудлаар санал хурааж гишүүдийн 34 хувь нь дэмжсэн бол 35 хувь нь татгалзсан санал өгснөөр уг хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих МАН-ын санал дэмжигдсэн юм. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалт дээр дэмжээгүй саналыг чуулган дэмжих ёстой гэсэн санал хураалт явагдаж дэмжих ёсгүй гэдэг санал нь хүчинтэй болсноор МАН энэ удаад санасандаа хүрсэн юм. Гэхдээ энэ хууль эцсийн хэлэлцүүлэгт орох, үргэлжлүүлэн Үндсэн хуультай зөрчилдсөн эсэх, Ерөнхийлөгч буцааж татах эсэх асуудал тодорхой болоогүй байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тодруулах зүйл их байгаа гэх шалтгаанаар эгүүлэн татлаа. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монголын мэдээ
URL: