Х.Тэмүүжин яах вэ, Монголбанкны Н.Золжаргалд хариуцлага тооцъё

Н.ЗолжаргалСүүлийн үед Хууль зүйн сайдыг огцруулах тухай яригдаж, зарим нам, эвслийн бүлэг энэ асуудлаар бойкот хийхэд хүрээд байна. Гэвч Х.Тэмүүжин сайд зүгээр байсангүйгээр барахгүй “Энэ бүх гүтгэлэг, явуулгад бууж өгөхгүй” хэмээн мэдэгдээд авсан. Хууль зүйн салбарын шинэчлэл зарим нөхдөд таалагдахгүй байгаагаас түүнийг огцруулахаар оролдож байна гэх хардлага ч нийгэмд үүслээ.

Харин яг энэ үед Хууль зүйн салбарын сайдаа огцруулахаар хэл амаа билүүдэхийн оронд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцмоор байна. Н.Золжаргал 2012 оны есдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ийнхүү Монгол Улсын мөнгийг атгах болсон энэ эрхмийн үед монгол төгрөгийн ханш шалдаа буутлаа унаж, эсрэгээрээ ам.долларын ханш өдөр өдрөөр өссөөр байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд ам.долларын ханш 1775 байсан бол өнөөдөр 1778,4 төгрөг болж мөн л нэмэгдсэн байна.

Ийнхүү “ноён доллар”-ын ханш тэнгэрт хадаж байх зуур ард түмэн үнийн өсөлтөд даруулж, өвдөг сөгдөхөд хүрээд байна. Үүнийг захын супермаркет ороод хүнсээ цуглуулахад харж болно. 70-80 төгрөгөнд хүнс цуглуулахад ганц тор дүүрэхээргүй байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэтэл Монгол Улсын мөнгийг атгаад суугаа эрхэм үүнд анхаарал хандуулах нь битгий хэл юу ч болоогүй мэт чих нь дүлий, нүд нь балай явж байна.

Судлаач Д.Ганхуяг саяхан “Монголбанк бол костюмтай дээрэмчид” хэмээн тодорхойлоод “УИХ-ын мангуу гишүүдээ хулхидсаар байгаад Монголбанк бүр муу зан сурчихаж. Таван тоо хэлж, гурван гадаад нэр томъёо хэлээд нөгөө хэдийн хэл нь унжиж, ам нь ангайдаг болохоор аргагүй шүү дээ. Яг үнэндээ манай банкны аваргууд шиг балай тэнэг амьтад гэж энэ ертөнцөд цөөхөн. Яах вэ, цэвэрхэн костюм өмсдөг болохоор нь хүмүүс тэгж хараад байдаг юм. Хуруу хумс урттай, худалч гэж дүүрчихсэн, мэддэг чаддаг юм ховорхон доо, манай банкныханд… Дурын дэлгүүр зах дээрээс жаахан панаалтай, цээж тоондоо сайн нэг авгай авчраад Монголбанкны “даргаар” тавьчихад өлхөн хийнэ. Нээрээ шүү. Яах вэ, дериват, депозит, своп энэ тэр гэсэн ганц нэг гадаад үг заагаад өгчихнө, тэгээд л болоо шүү дээ. Хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэл зүрх байвал болдог л байхгүй юу. О.Чулуунбат, Н.Золжаргал хоёр л банк бол хүн ойлгохын аргагүй аймаар хэцүү гэж орилоод байдаг болохоос цагаа тулбал тэр нь айл гэртэй адил, банк бол айлын мөнгөний авдар л гэсэн үг. Айлын мөнгөний авдрын түлхүүр барьсан хүн ямар тохиолдолд худалч, хулгайч байж болохгүй” хэмээн шүүмжилсэн.

Энэ бүхэн үнэний ортой. Тиймдээ ч Ерөнхий сайд хүртэл Монголбанкныхны аманд балгагдаж,  долларын ханш өсөөд байгаагийн гол эзнийг олохгүй байна хэмээн мэдэн будилж суугаа. Гэвч хэргийн эзэн нь Монголбанк өөрөө бүр тодруулбал, Н.Золжаргал болчихоод байна. Тэр нөхөр асуудлыг чимээгүй ажиглангаа доогтой мушийж суугаа байж мэдэх юм. Учир нь өнөөдөр түүнтэй хэн ч хариуцлага ярихгүй байна. Түүнээс өмнөх удирдлагуудын үед ядаж л УИХ-ын чуулганы танхимд дуудаж авч ирээд “донгоддог” байсан. Гэтэл өнөөдөр улстөрчид Н.Золжаргалын толгойг илсээр сууна. Улс орныхоо төлөө гэхээсээ илүү ууж идсэн, наргиж цэнгэсэн гэсэн мэдээллээр хэвлэлийн хуудаснаа харагдах болсон түүнд хэзээ хариуцлага хүлээлгэх  эсэхийг ард түмэн хүлээж байгаа.

Эдийн засгийн чуулган нь эзэнгүй сандлуудаар дүүрэн байхад хэн нэгний лекц суух сандал олдохгүй бужигнаж байгааг хараад шоолох биш эргэцүүлэх цаг болсон. Учир нь үнийн өсөлтөд өвдөг сөхөрсөн иргэд аргагүйн эрхэнд түрийвчээ даллаж зогсоо. Гэтэл хослол өмсөж, зангиа зүүсэн нөхөр Монголын эдийн засгийн судсыг тасалж байна. Энэ шударга явдал мөн гэж үү. Төгрөгийн худалдан авах чадвар одоо ямар байгааг Монголбанкнаас биш, ард түмнээс асуух хэрэгтэй.

Учир нь Н.Золжаргал болон түүний нөхөд хоногийн хоолондоо хэрэглэх ногоо худалдаж авахаар 24 цагийн дэлгүүр орж үздэггүй, автобус унаанд сууж, ажилдаа явдаггүйг бүгд мэднэ. Тэр “Валютын ханш хамгийн зохистой түвшиндээ хүрсэн” хэмээн онол ярьж суудаг.  Харин өнөөдөр тэр хүн онол бус бодит амьдрал ярих цаг нь болсон баймаар. Магадгүй тийм цаг ирэхгүй бол түүнийг огцруулъя. Улстөрчид өө, Х.Тэмүүжин яах вэ, худлаа улстөр хийж шоудахаа болиод улсын чинь бүх мөнгийг атгачихаад, эдийн засгийг нь хямруулж суугаа нөхөртөө хариуцлага тооц л доо.

Б.Мөнхжин

URL:

Сэтгэгдэл бичих