Ашиггүй диплом үйлдвэрлэх үү, ажилчин анги бэлтгэх үү?

14416-4ttБ.ЭНХТУУЛ

“Ажил хийвэл ам тосдоно” гэдэг шиг айл гэр, улс орны хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт нь хөдөлмөрийн бүтээмж байдаг. Гэтэл бид сүүлийн жилүүдэд зам барилга, цахилгаан хангамжаа өргөжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах тухай яриад байгаа хэрнээ ажиллах хүчээ  хэрхэн, яаж бэлтгэх тухай огт ярихгүй юм. Мөн цаг барьдаггүй, цалингаа голдог, хөшүүн хойрго хэмээн гоочилдог нөгөө хэдийгээ ч бас хэрхэн яаж чанаржуулах  тухай ярихаа бүр мартчихаж.

Өнөөдөр хот, хөдөөд гэр хорооллыг орон сууцжуулахаас эхлээд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гэтэл бүтээн байгуулалтын энэ их ажилд гар бие оролцож, газар шорооны ажил хийх хүн үнэндээ алга. Харин их, дээд сургуульд эцэг, эхийнхээ хөлс, хүчийг шавхан байж суралцсан, диплом өвөртөлсөн ажилгүй залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдсэн хэвээрээ байна.  Тиймээс бид жилийн жилд сурагчийн ширээнээс өндийх 40 гаруй мянган залуучуудыг дээд боловсролын диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлэх үү, эсвэл  МСҮТ-д суралцуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх үү гэдгээ дахиад нэг бодолцох хэрэгтэй байна.

 

“ЗАЛУУС ЗӨВХӨН ТЭТГЭЛЭГ АВАХ ГЭЖ МСҮТ-Д ОРДОГ”

Хуучин цагийн ТМС буюу орчин үеийн мэрэгжилтэй ажилтан бэлтгэх “Мэрэгжлийн сургалтын үндэсний төв”-ийг уг нь сүүлийн жилүүдэд төр, засгаас нэлээд дэмжсэн. Үүний үр шимээр зарим эцэг, эх үр хүүхдээ заавал их, дээд сургуульд суралцуулж, цаг алдахыг хүсэхээ больсон. Эртхэн ажилтай болж, цалинтай залгаад авсан нь дээр гэж боддог болсон.. Гэтэл МСҮТ-д хөдөө, орон нутгийнхан тэр дундаа малчдын хүүхэд түлхүү суралцдаг, эсвэл боломж бололцоо муутай, ядуу айлын хүүхэд суралцдаг гэсэн ойлголт нийгэмд бий болчихож. Нөгөөтэйгүүр, МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэг олгох болсон нь энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлсэн ч, ажилчдын тоог өсгөөгүй. “Залуус зөвхөн тэтгэлэг авах гэж МСҮТ-д ордог” гэсэн дүгнэлтийг ажил олгогч нар хэлж байна. Тиймээс чанар нь суларч, тоо нь давамгайлсан дээд боловсролыг бус, мэргэжилтэй ажиллах хүчинг тордох цаг болжээ.

ӨНДӨР ЦАЛИН АМЛАСАН Ч ХАЙГААД ОЛДДОГГҮЙ АЖИЛЧИН АНГИ

Энэ асуултад хариулахын өмнө хэд, хэдэн судалгааг дурьдах хэрэгтэй байх. Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд  бүртгэлтэй иргэдийн 57 хувийг 16-34 нас хүртэлх залуучууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт ажилгүй иргэдийн дийлэнх хувийг буюу 70 хувийг бүрэн дунд боловсрол болон бакалаврын зэрэг эзэмшсэн залуус эзэлж байна. Хатуухан хэлэхэд, бид жилд 30-40 мянган ашиггүй диплом үйлдвэрлэж байна гэсэн үг. Монголын залуучуудын холбооноос гаргасан бас нэгэн судалгаа байна. Дээд боловсрол эзэмшсэн 49 төгсөгчид нэг ажлын байр ногддог бол тусгай мэргэжлийн сургууль төгссөн нэг төгсөгчдөд 2,6 ажлын байр, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой хүнд 3,8 ажлын байр ногдож байна гэх. Хэрэв энэ судалгаа үнэн бол Монголд хамгийн их  эрэлттэй хүмүүс бол “хар ажилчид” гэдгийг харуулж байгаа хэрэг. Тиймээс хамгийн өндөр цалин амласан ч хайгаад олддоггүй ажилчин ангийг хаана час хийтэл нь бэлтгэх вэ?

 

ГЕРМАН УЛСЫН  ТУРШЛАГААС ХУВААЛЦЪЯ

Монгол Улсын  хувьд худалдаа, эдийн засгийн  чиглэлээр хамтран ажилладаг хандивлагч, түнш орон олон бий. Тэр дундаас Европ дахь чухал түншийн нэг Герман улсаас туршлага судалъя гэсэн бодол төрөв. Учир нь, Герман улс  хүн амынх нь дийлэнх хэсгийг тэтгэврийн насныхан эзэлдэг ч, хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчнийхээ асуудалд байнга анхаарал хандуулж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх тал дээр илүү их туршлага хуримтлуулж чадсан. Боловсролын салбарт  баримталж буй энэ бодлого нь тус улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, дэлхийн зах зээл дээр ч гэсэн дээгүүр  үнэлэгддэг. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ, толгойтой бүхэн дээд боловсрол эзэмшихыг хүсч, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед  шавар хийж, тоосго өрөх хүнгүй шахам болсон. Тиймээс бид  диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийнхээ тоог цөөлж,  үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй ажиллах  чадварлаг мэргэжилтэнгүүдийнхээ тоог олшируулмаар байна. Тэгэхдээ бүр хүн амын тоогоороо Европт гуравдугаарт жагсдаг  Герман улсын туршлагаас хуваалцаж, боловсролын салбартаа энэ чиглэлээр хамтран ажилламаар байна.

Манай улсад мэрэгжилтэй ажиллах хүчнийг МСҮТ-ээр дамжуулан бэлтгэдэг ч төгсөгчид нь тэр бүр ажлын байраар  хангагддаггүй. Ажилтай болсон ч хөдөлмөрийн зах зээл дээр гологдох байдал түгээмэл байдаг. Тэгвэл Германд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд хосолсон сургалт бүхий мэргэжлийн боловсролыг эзэмшүүлж,  мэргэжилтэй ажиллах хүчинг бэлтгэхдээ аж, ахуйн нэгж байгууллагын захиалгаар хүнээ бэлтгэдэг. Үүний үр шимээр, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дийлэнх хувь нь хосолсон сургалт бүхий мэргэжлийн боловсрол эзэмшихыг илүүд үздэг гэж дуулсан. Тухайлбал, Герман улсын Лайпцик хотын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 60 орчим хувь нь хосолсон сургалт бүхий мэргэжлийн боловсрол эзэмших шийдвэрийг гаргадаг. Тус  хотын гар үйлдвэрлэгчдийн танхим өөрийн сургалтын төвдөө 40 гаруй мэргэжлээр сургалт явуулж, улс орныхоо хэмжээнд шаардагдах боловсон хүчнийг бэлтгэдэг гэдгийг холбогдох албаны хүн хэлж байсан.

 

МСҮТ-ИЙН ТӨГСӨГЧДИЙГ ГЕРМАНД СУРАЛЦУУЛЪЯ

Германд дээд боловсролыг шүтэх биш, хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй байгаа ажлын байранд хэрэгцээтэй боловсон хүчинг  бэлтгэж өгдөг энэ тогтолцоо бүр эртнээс хэрэгжиж иржээ.  Тус улсад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хүүхдэд бүр тавдугаар ангиас нь олгодог учраас  ихэнх хүүхдүүд сургуульд суралцаж байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгодог аж. Мөн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа мэргэжлийн боловсролын гэрчилгээ авсан тохиолдолд цаашид тухайн мэрэгжлээр шат ахиулан суралцахад илүү дөхөмтэй байдаг гэдгийг  мэргэжлийн хүмүүс онцолж байсан. Хоёрдугаарт, Германд ажиллах хүн хүч хамгийн их эрэлттэй байдаг салбар бол барилгын салбар. Манайд ч бас ажилчин ангиар цангасан салбар бол барилга. Жил бүр олон зуун мянган хятад ажилчид манай барилгын салбарт ажиллахаар ирдэг гол шалтгаан нь ажиллах хүчин хомс байгаагаас болдог. Одоогийн байдлаар манайд Хятад улсаас 5976, Хойд Солонгосын 1750, ОХУ-ын 528, АНУ-ын 428, Вьетнамын 414 иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэвч энэ тоо бодит амьдрал дээр өдөр тутам өссөөр л байдаг. Тиймээс бид Герман улсын мэргэжилтэй ажилчин бэлтгэх арга, туршлагаас хуваалцаж, МСҮТ-ийн төгсөгчдийг ялангуяа, зам, барилга, дулааны шугам сүлжээ гээд дэд бүтцийн ажилд гар бие оролцох чухал мэргэжилтнүүдээ Германд  шат ахиулан суралцуулах хэрэгтэй байна.

Барилгын салбарт гэрээгээр ажилж буй гадаад ажилчид сард ойролцоогоор 600-700 ам.долларын цалин авдаг. Гэтэл тусгай мэргэжил, боловсролгүй залуучуудыг барилгын салбарт ихэнхдээ туслах ажилтнаар авдаг, сард300-500 мянган төгрөгөөр цалинждаг.  Өөрөөр хэлбэл, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур үнэлэгддэг. Иймд бид хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд их, дээд сургуулиудад хэрэгждэг тэтгэлэгт хөтөлбөрүүдээр ажилчин ангийнханыг  урамшуулж, техник, технологийн дэвшлээрээ хол харайсан Герман улсад  хамгийн сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрт  дадлага хийлгэж, туршлага хуримтлуулъя. Ажлын ачаалал даадаг, гарын ур дүй сайтай монгол залуусыг гадаад, дотоодод ажиллах эрх бүхий европын холбооны гэрчилгээтэй,  хаана ч гологдохгүй, “хамгийн үнэтэй хүн” болгомоор байна.

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих