Монгол залуу, Шинэ Зеланд бүсгүйн хайрын түүх

Шинэ Зеландын Golden Bay-ээс ирсэн бүсгүй Монголын говьд хайртайгаа учирчээ. Монгол залуу, Шинэ Зеланд бүсгүйн хайрын түүхийн талаар www.stuff.co.nz сайтад нийтлэл гарчээ.

Хосууд одоо Шинэ Зеландад хүү Түвшинбаярын хамт амьдардаг.

Зоя Лийч Шинэ Зеландын Golden Bay-д төрсөн бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод зураачаар ажилладаг байжээ. Тэрбээр “Ингэн нулимс” киногоор Монголыг таньж, сониуч зандаа хөтлөгдөн улам ихийг мэдэхийг хүсдэг байж.

Зоя Лийчийн аавынх нь найз түүнд Монголд уурхайд ажиллах саналыг тавьжээ. Зоя Лийч бүсгүйд бодох хугацаа бага байсан ч энэ боломжийг алдахгүй гэж шийдсэн аж.

Ингээд алтны уурхайд ажиллахаар ирсэн нь түүнийг ирээдүйн нөхөртэй нь учруулах хувь тавилан байжээ. Нөхөр Чулуунбаатарын Энхнасантай 2008 онд танилцаж, бие биедээ англи, монгол хэл зааж өгөн, эдгээр хэлийг “хольсон”, өөрсдийн, өвөрмөц хэлийг бий болгосон байна.

Зоя уурхайд жилийн долоон сард нь л ажилладаг байжээ. Улирал бүрийн эцэст тэрээр Насаагийн гэр бүлтэй хамт үлдэх эсвэл Шинэ Зеланд руу буцах сонголттой тулгардаг байсан гэдэг. Гэхдээ тэр ихэнх цагаа Насаагийн гэр бүлтэй хамт өнгөрөөдөг болсон байна.

Ингээд хосууд 2011 оны зун Монголд гэрлэж, гэрлэх ёслолд Насаагийн гэр бүл, Зоягийн ихрийн өрөөсөн болох, ах Рах нь оролцжээ.

Тэд удалгүй Шинэ Зеландад суурьшсан гэнэ. Энхнасанг бүгд Насаа гэж дууддаг бөгөөд Насаа эр хонины ноос хяргагч болжээ. Насаагийн хайрын түүхийг өгүүлсэн энэхүү нийтлэл гарах болсон шалтгаан нь тэрээр хонины ноос хяргах тэмцээнд түрүүлснээр Шинэ Зеландын сэтгүүлчдийн хараанд өртсөн хэрэг.

Насаа Шинэ Зеландад ирээд хонины ноос хяргахыг хадам ааваасаа сурчээ. Эхэндээ хурц хутгатай машинаар хонины ноос авах нь хэцүү байсан гэдэг.

Мэдээж хүний газарт байгаа Насаа Монгол орноо, гэр бүлээ их санадаг бөгөөд энэ үедээ гол руу загасчилахаар явж сэтгэлээ засна.

Зоя, Насаа, тэдний хүү Түвшинбаяр нар өнгөрсөн жил Монголдоо ирсэн аж. Магад хэзээ нэгэн цагт тэд Монголд бүрмөсөн амьдрахаар ирнэ биз.


URL:

Сэтгэгдэл бичих