Ө.Энхтүвшин гишүүнээ, Д.Сугар танай намынханыг “унагах” хамгийн том хөзрийг атгадаг юм биш биз?
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар МАН-ынханы “но”-г маш сайн мэддэг байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл тэрбээр МАН-ынханыг унагаж болох хамгийн том хөзөрийг гартаа атгасан байж болно гэсэн хардалт сэтгүүлч надад төрж буй. Учир нь Д.Сугарын хийсэн гэмт үйлдэл баримт сэлтээр хүртэл нотлогдоод байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн суудал дээрээ хадагдсан мэт байсаар…Авлигатай тэмцэх газраас хүртэл энэ хүнд хариуцлага тоочож өгнө үү гэсэн хүсэлтийг Үндсэн хуулийн цэц хийгээд УИХ-д хүргүүлээд байхад хэн ч оролдож чадахгүй байна. Үндсэн хуулийн цэц Д.Сугарын цалинг 3 сараар 30 хувиар бууруулна гэж сахилгын арга хэмжээ л аваад өнгөрлөө. УИХ-ын хууль зүйн байнгын хороо Д.Сугарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Д.Лүндээжанцан, гишүүн Ө.Энхтүвшин нар бор зүрхээрээ хамгаалсаар байгаад хойшлуулж чадлаа. Ө. Энхтүвшин гишүүн бүр хариуцлага тооцох ч шаардлагагүй, Үндсэн хуулийн цэц нь хариуцлага тооцчихсон байхад бид энд дахин хариулцлага тооцох тухай ярьж болохгүй, хойшлуулах нь бүү хэл дахин ийм асуудал бүү оруулж ир гэсэн утгатай үг амнаасаа унагаж байв. Энэ байдлаас харахад Д.Сугар хэрэв дээлээ нөмөрхөд хүрвэл МАН-ынханд халгаатай байж мэдэх нь ээ гэсэн дүр зураг хэн хүнд буухаар байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах хүсэлтийн дагуу шалгасан байдаг. Ингээд Д.Сугар гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагдсан. АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 7-нд УИХ-ын дарга З.Энхболдод нэгэн албан бичиг хаягласан юм. Энэ бичигт Д.Сугарын хууль бус үйлдэл багтсан. Тэр дундаа Д.Сугар тэрбумаар яригдах хөрөнгө босгосон, Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор данстай байсан нотлогдсон болохыг дурдсан байдаг. Мөн Д. Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан. э. Тэгсэн атлаа 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй бултуулсан. 2010 онд энэ байраа зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлгээс нуусан гээд тоочоод байвал олон асуудал бий. Ийм байтал Д.Сугар МАН-ынханы хамгаалалтад орж, Үндсэн хуулийн цэц ч хариуцлага тооцож үл чадлаа.
Үнэхээр шударга байна л гэж байгаа бол Д.Сугарын тэр их хөрөнгө хаанаас гарч ирсэн бэ гэдгийг хуулийн байгууллагаар нь шалгуулах л хэрэгтэй. Ингэж шалгуулж байж үнэхээр Д.Сугар гэдэг хүн хэр өв хөрөнгөтэй, тэрийг хаанаас “босгосон” төр түмний хөрөнгийг хулгайлсан эсэх нь тодорхой болох юм.
Нөгөө хууль дүрэм шударга байна гээд байсан төрийн тэргүүн ч энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодогдож байна. Жирийн аавын хүү байсан бол аль хэдийн аавын хаалга татчихсан байгаа. Гэвч энэ хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн нэрийн дор хамгаалагдаж, дээрээс нь МАН-ынханы хайр ивээлд орчихоод сууж байна. Хэдий болтол ингэж шударга бус загнах бол????
Ж.Батхишиг hunnu
URL: