Н.Алтанхуяг: АТГ ажил хийлгэхээ болилоо

0f1acac34010d07coriginal“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт дөнгөж сая боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт АТГ мэдээлэл хийсэн.  Энэ үеэр таны охиныг шалгаж байгаа гэх мэдээлэл өглөө.  Мөн таны эдийн засгийн зөвлөх Батмөнхтэй холбоотой мэдээллийг өгсөн.  Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үздэг вэ гэхээр шийтгэл хүлээсэн буюу шүүхийн шийдвэр гарсны дараа гэмт хэрэг хийсэн гэж тооцдог. Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа зүйл бүгд суртал нэвтрүүлэг гэж ойлгож байгаа.  Ер нь хоёр жил ажиллахад Ардын нам, АТГ хоёр  ажил хийлгэсэнгүй.

-Сая чуулганаар “давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тэгэхээр АН Засгийн газраа авч үлдэж чадах уу гэсэн яриа гарч эхэллээ.  Мөн таныг намаа зангидаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл намын гишүүдийн дотор байна лээ?

-АН-ыг сайн муу ажиллаж байгааг хэн нэгэн хүн дүгнэхгүй.  Ард түмний  итгэлийг дааж, сайн ажиллаж байгаа гэдгийг судалгаагаар хэлж байна.  Сант маралын судалгаа харьцангуй үнэн гардаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. АН гарч ирээд ард түмэндээ илүү ойртож нээлттэй болсон.  Мөн 10-20 жил яриад хийж чадаагүй ажлыг бид эхлүүлсэн нь олон түмнээс онц дүн авлаа гэж харж байна.  Тиймээс АН илүү нягтарч илүү ихийг бүтээх цаг үе дээрээ байгаа. Саяны Их хурлын санал хураалт Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш юм.  Цаашид хэлэлцүүлэг үргэлжилнэ. Олон ч процесс болно.  Хүсч, яарч байгаа хүмүүсийн хувьд бараг засаг огцорчихлоо гэж ойлгогдож магадгүй.  Тийм зүйл ерөөсөө байхгүй. Энэ бол цаашид Үндсэн хуулийн хөндөх төвөгтэй асуудал.

-Шинэ сум төслийг гурван сум дээр хэрэгжүүлж дууслаа.  Цаашид хэдэн сум дээр хэрэгжүүлэх төлөвлөгөө байна вэ?

-Энэ жил 16 шинэ сумыг барина.  Ирэх жилийн төсөвт суулгана.  Мөн  дээрх сумдаас гадна нэлээн олон сумын сан техникийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байна.  Ер нь шинэчлэлийн Засгийн газар ямар зорилго тавьж байна гэхээр 2016 он гэхэд манай аймгийн төвүүд хот шиг хот болсон байх ёстой л гэж зорьж байна.

-Өмнөговь аймагт тавигдаж байгаа төмөр зам барих ажлыг аймгийн Засаг дарга Бадраа зогсоосон гэх мэдээлэл байна.  Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Надад одоохондоо энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг шинэчлэлийн Засгийн газрын гишүүн Х.Баттулга хүлээн зөвшөөрлөө. Тэр Засгийн газар хариуцлагаа хүлээх ёстой гэж мэдэгдэж байна.  Үүнтэй та санал нийлж байна уу?

-Би дөнгөж сая Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ шүү дээ.  Угаасаа хүн хүний харах өнцөг нь өөр шүү дээ.  Тиймээс та бүхэн өөрсдөө дүгнэлтээ хий.  Хүн бүхний дүгнэлттэй минийх нийлэх албагүй.  Гэхдээ бодит тоог сая хэлсэн.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх үү.  Хэрвээ цааш үргэлжлүүлэхгүй бол эдийн засагт хүндрэл гардаг муу зуршил гарах билээ?

-Хэдхэн хоногийн өмнө сайд нараа цуглуулаад Монголбанктай ярилцсан.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өнгөрсөн жилийнх шиг үргэлжлүүлэхгүй.  Гэхдээ бензин шатахуун, махан дээр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Монголд гадаадын арилжааны банкуудыг оруулж ирэх нь гэсэн мэдээлэл яваад байна.  Үүнд ямар байр суурьтай байна вэ.  Гадаадын банкуудыг Монголд оруулснаар манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарна гэж харж байгаа юм?

-Миний байр суурь гэхээсээ илүүтэй, Монголбанк, УИХ-ын байр суурь  илүү чухал байх.  Нөхцөл байдлаа л сайн үнэлэх ёстой.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Би  байр суурь илэрхийлэхгүй.  Ер нь шинэчлэл хийсэн хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо монголд бий болж байгааг та бүхэн анзаарах хэрэгтэй.

Д.Анар
=mkd

URL:

Сэтгэгдэл бичих