Ардчилсан намын АКЦ гавьсангүй

оюутнууд“Би архичин биш”, “Миний эхнэр биеэ үнэлэгч биш” гэсэн агуулгатай акц анх сошиал ертөнцөд давалгайлж байсан бол, өчигдөр Тусгаар тогтнолын ордны гадна бодитоор боллоо. Гартаа анонс барьж, гудамжны жагсаалыг дуурайсан уг акц харамсалтай нь байгаа оносонгүй. Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцэх давхар дээлийн хуулийн төсөлд сайд нарыг санал өгөхийг эсэргүүцсэн жагсаалыг МАН-аас зохион байгуулсан юм.

Уг жагсаал эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох, сайд нарын “давхар дээл”-ийг тайлж засаглалын зөв хэлбэрт шилжихийг сануулсан болохоос өөр агуулга тээгээгүй. Гэхдээ “Туулын тунгалаг усанд ч сөд өвс хөвж байдаг” гэдэг шиг олны дотор өөр бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. МАН-ын саналыг дэмжиж уг өдрийн жагсаалд бусад улс төрийн нам, иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцсон. Тэдний нэг “Иргэдийн шударга фронт” хөдөлгөөний тэргүүн Г.Арслан “Монголын айл бүхэнд нэг архичин, нэг биеэ үнэлэгч бий” гэж хэлсэн нь зарим хүнд улстөр хийх боломж олгов бололтой.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “давхар дээл”-ийн асуудал яригдана. Уг асуудлаас авсан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн албан ёсны завсарлага дуусч байгаа учраас хэлэлцэх асуудлын эхний эгнээнд “давхар дээл”-ийн хуулийн төсөл орж байгаа юм. Мэдээж хэлсэн ёсоороо МАН-ын бүлэг албан ёсны эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах л байх. Харин түүнийг угтсан арга хэмжээг Ардчилсан намын зүгээс авахаар шийдсэн нь өчигдрийн акц бололтой.

Эрх баригчдын барьж буй бодлого, хэрэгжүүлж буй хэлбэр болохгүй байгааг нь сануулж, засахыг шаардах эрх сөрөг хүчинд бий. Энэ нь эрх гэхээсээ илүү тэдний үүрэг. Монгол Улсад УИХ-ын гишүүн сайд хийх нь засаглалын гүн хямралд орж, парламент нь Засгийн газрынхаа халаасанд орсон бодит байдлыг арилгахгүй байгаагийн хор уршиг өнөөгийн эдийн засаг элгээрээ хэвтсэн явдал. Алдаа байгаа гэдгийг аль аль нь хүлээн  зөвшөөрч байгаа ч, Ардчилсан намын Засгийн газраас хойш засаглалын зөв хэлбэрт оруулъя гэж хэлэх нь эрх   баригчдыг муухай харагдуулаад   байна.

Түүнийг  нь сануулсан сөрөг хүчний дуу хоолойн  эсрэг өчигдрийн зохион байгуулсан оюутнуудын жагсаал бүр ч муухай харагдуулж байна шүү, эрх баригчдаа.

Б.ТОГТОХ


URL:

Сэтгэгдэл бичих