Хуурамч гэрээгээр гаршсан Ш.Батхүү
“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн экс удирдлагууд их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан хэрэгт шалгагдаж эхлээд байгаа гэнэ. Энэ удаа “Жаст”-ын экс босс дахиад л хуурамч бичиг баримт гаргасан хэрэгт холбогдож байгаа бололтой.
Өмнө нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээлийг авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалаар барьцаалан уг зээлийг “Стандарт” банкнаас “Жаст” компани авсан гэдэг дуулиан тариад байсан.
Тэгвэл энэ удаа “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас “Жаст” ХХК нь их хэмжээний цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээ байгуулан, баталгаа гаргуулж уг гэрээгээрээ Америкийн “HSBC” банкнаас 10 сая долларын хөрөнгө босгож Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан авч залилсан, мөнгө угаасан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна. Хамгийн сонирхолтой нь уг хуурамч гэрээг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар баталгаажуулан гарын үсэг зурж, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Р.Уламбадрах, “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү нар гэрээг байгуулсан байна.
Тэд нийтдээ 40 мянган тонн ган бөмбөлгийг нэг тонныг нь 795.000 төгрөгөөр нийт 31.800.000.000 /гучин нэгэн тэрбум найман зуун сая/ төгрөгөөр худалдан авах үнийн дүнтгэйгээр гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн нэг жил ажиллаж байж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй юм. Тэгтэл 2009 оны 07 сарын 10-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ам.долларын дансанд Америкийн “HSBC” банкнаас 10 сая ам.доллар гэрээний урьдчилгаа төлбөр” гэсэн утгатайгаар шилжиж орж ирсэн бөгөөд тухайн өдрөө уг мөнгийг “Жаст” групп ХХК-ний данс руу буцаан шилжүүлж гаргаж авсан нь тогтоогджээ.
Өндөр албан тушаалтнуудтай холбоотой энэ хэргийг шалгах явцад “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Жаст” группийн хооронд байгуулсан гэрээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн архивт байдаггүй гэнэ. Үүнээс гадна “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгэхдээ “ЖАСТ” групп нэрээр биш “Эрдэнэт УБҮ” гэсэн нэрээр бүртгэгдсэн, гэрээний дагуу цувимал бүтээгдэхүүн худалдаж авалт, нийлүүлэлт хийгдээгүй. 10 сая доллар шилжиж орж ирсэн өдөр нь “Жаст” групп руу буцааж шилжүүлсэн. Мөн “Жаст” групп, “Дархан төмөрлөг ТӨХК”-иудын байгуулсан гэрээнээс өөр ТӨХ-ны дарга Д.Сугараар батлуулсан гэрээ олдохгүй байгаа аж. Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг МИАТ-ийн эрсдлийн сангаас их хэмжээний мөнгө завшсан этгээдүүдтэй хамт буруутган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байсан.
Гэвч уг хэргийг прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх шийдвэр дахин гаргажээ. Учир нь Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг холбогдох байгууллагаас түдгэлзүүлэх шийдвэр гаргахгүй байгаа учир бүрэн эрхийнх нь хугацаа дуустал түүний хэргийг түдгэлзүүлэхээс өөр арга олдохгүй байгаа гэнэ. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон МИАТ-ын Токио дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Галт, Д.Сугарыг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үед тус хороонд эрх бүхий албан тушаал хашиж байсан С.Батхишиг нарын хэрэг ч бас Д.Сугараас болж түдгэлзэж байгаа бололтой.
SHudarga.mn
URL: