ЦАГ АГААР БА ТААМАГ
Б.Ренчин гуайд нэгэн хүн “Манай охин худлаа яриад байдаг боллоо. Хэрхвэл зохих вэ” гэхэд нь “Цаг уурч болгочихгүй юу” гэсэн тухай хошин яриа бий. Цаг агаар гэдэг таамаглахаас аргагүй мэргэжил юм гэнэ лээ. Ерөөс цаг агаарыг таамаглах нь бидний хэвийн ярианы нэгэн гол сэдэв хойно доо. Таксинд суугаад жолоочтой нь дэмий явахаар цаг агаар л ярьж эхэлнэ. Энэ хэн хэнд нь зугаатай л байдаг юм. Гэхдээ энэ жил цаг агаарыг таамаглаж ярьсан бүх яриагаа эргээд бодохнээ худлаа болчихжээ.
Өнгөрсөн жилийн намар их урт болсон. Арваннэгдүгээр сар гарчихаад байхад л налайгаад хүйтэн жихүүн өдөр ховортой. Тэр үед хүмүүс “Ээ дээ их л урт өвөл болно доо”, “Ингэж байгаад л гэнэт хүйтрээд хатуу өвөл болдог юм гэнэлээ” гэх мэтээр ярилцаж байлаа. Гэтэл өвөл гэнэт биш зугуухан ирээд эрт буцсан. Эрт тэмдэглэсэн цагаан сарын баярын дараа хэдэн өдөр хүйтэрснийг эс тооцвол шальтай хүйтрээгүй шүү. Тэр үед “Ай даа их урт хавар болох төлөвтэй шүү. Өвөл богино боллоо”, “Энэ жилийн өвөл гялалзаад өнгөрлөө. Ер нь хавар урт болдог болоод байгаа. Хавар ч удаан болвол хүн, малыг ядраадаг даа” гэсэн юм ярьж ирж буй хаврын уртаас эмээнгүй байсан нь саяхан даа. Гэтэл хавар ч удаан үргэлжилсэнгүй. Эгээ л зун болсон мэт халуун нартай өдөр олширч богино өмд, цамцыг дангаар өмсүүлж орхисон. Яргуй хатаад удлаа.
Сүүлийн хэдэн өдөрт ойр ойрхон бороо орж, өвс ногоо өндөгнөчихсөн байна. “Одоо зун ер нь хэр урт болох бол” гэж хүнээс асуухад “Зун ч тун богинохон болох байх аа. Сүүлийн жилүүдэд бороо ихтэй эрт намаршаад байдаг болсон” гэх хариултыг олон сонсож байгаа. Хэр үнэн байдаг бол.
Ж.БАЯР
URL: