С.Эрдэнэ сайдыг эрэн сурвалжлахуй
-Тэрбээр эхнэр, охин, хүргэний хамт Ирландад айлчилж байна-
Б.Даваатогтох
Шинэчлэлийн Засгийн газрын сайдуудын хөдөрсөн “давхар дээл”-ийг тайлуулах уу, эсвэл энэ чигээр нь халууцуулаад суулгах уу гэдгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Тиймээс энэ хурлаар Н.Алтанхуягийн тэргүүлж буй танхимын хувь заяаг шийднэ гэчихэд хилсдэхгүй байх. Учир нь энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авснаар ийнхүү хойшилсон. Өмнө нь яг энэ асуудлаар АН завсарлага авч байсан. Одоо тэгэхээр МАН л элдэв шалтаг тоочихгүй бол УИХ хүссэн ч, эс хүссэн ч “давхар дээл”-ээр хуралдаж таарна. Хувь заяаг нь шийдэх өнөөдрийн хуралд гишүүн сайдууд хэрхэн оролцох нь олны анхаарлын төвд байгаа. Тэдний хэлэх үг, хийх үйлдлийг бүгд ажиглаж буй юм.
Сайдуудаас ганц Ц.Баярсайхан л санал хураалтад оролцохгүй байхад болохгүй юмгүй хэмээн саналаа хэлсэн гэдэг. Харин бусад нь элдэв тайлбар хэлж, бичиг сачиг нисгээгүй. Тиймээс тэднийг оролцоно хэмээн бодож байгаа. Гэтэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцохгүй нь тодорхой болов. Асуудлаас зугтсан уу, эсвэл албан томилолтын хугацаа ингэж таарсан уу эрхэм сайд Ирландыг зорьжээ. Сайдыг хайж яамнаас нь сураглахад “Салбарынхаа олон улсын хуралд оролцохоор явсан” хэмээхээс илүүг дуулгасангүй. Гэхдээ тэрбээр энэ удаад хуралд оролцохоор гон бие гозон толгой яваагүй гэнэ. Гэр бүлийнхнээ дагуулаад ажиллангаа амраад л тун чиг зугаатай байгаа сураг дуулдав.
2012 оны сонгуулиар “С.Эрдэнэ вангийн хошуу” болгосон Баянгол дүүрэгт ажилладаг эхнэр, охин, хүргэнийг нь ч энэ өдрүүдэд албан контороос нь олохгүй байгаагийн учир энэ гэнэ. Дүүргийнх нь Хэвлэлийн алба руу утас цохиж сэмхэн сураг тавихад “Манай ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг даргын орлогч Г.Энхболд болон бусад төлөөлөгчид Ирланд улсад айлчлал хийж байгаа. Ирэх долоо хоногт ирнэ” гэж байв.
Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 21 нь С.Эрдэнэ сайдын эхнэр, охин, хүргэн болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь туслах, бие төлөөлөгч, хамгаалагч, жолоочоор ажиллаж байсан гээд дандаа ойр тойрных нь хүмүүс байдаг юм. Тэгэхээр Ирланд явсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эхнэр, охин, хүргэн нь багтахаас ч аргагүй биз. Түүний эхнэр Н.Нинжбадгар тус дүүргийн 20 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч бөгөөд ИТХ-ын тэргүүлэгч. Охин Э.Содгэрэл мөн л төлөөлөгчөөр сонгогдсон, хүргэн Г.Энхболд нь дүүргийн Засаг даргын орлогч юм.
Хамгийн сонирхолтой нь эрхэм сайд С.Эрдэнийн томилолт эхнэр хүүхдийнхтэй нь бас зэрэгцэж таардагт л байгаа юм. Нэгэнт гэр бүлээрээ оччихсон хойно цаг ашиглаад амраад, зугаалаад бас сайхан цэнгээд авахад болохгүй нь ч юу байх билээ. Тэгээд ч замын зардал, буудал, хоол, унааны мөнгө гээд бүгдийг нь төрөөс, төсвөөс даачихаад байхад боломжийг ашиглахгүй бол тэнэг хэрэг болох биз.
Өдрийн шуудан
URL: