“Танхим” С.Дэмбэрэлд тавих таван асуулт
С.Дэмбэрэл 1974 онд нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1981 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетийг төгссөн.
Тэрээр 1981-1984 онд “Комплекс импорт” нэгдэлд ня-бо, 1984-1990 онд Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, захирал, 1997-2012 онд МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолтой энэ эрхэм орос, англи хэлтэй хэмээн намтартаа бичжээ.
“Танхим” С.Дэмбэрэл намтар шигээ товчхон эр биш ажээ. Бас чиг янз бүрийн, олон төрлийн дүрийг илэрхийлдэг нэгэн. Тэр хэрээрээ С.Дэмбэрэл асуултын тэмдэгтэй хүн болж таардаг. “Дарханы төмөрлөгийн vйлдвэрийг МYХАYТ-ын С.Дэмбэрэл ах дүү нартайгаа нийлэн залгих гэж байна”, “Цэцийн дээр Хөх тэнгэр үү, С.Дэмбэрэл гишүүн уу?”, “Авлигын эсрэг парламентчдын бүлэгт Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл нар оржээ”, “УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Төрийн ордонд багалзуурдаж авчээ”, “С.Дэмбэрэлийн дүү Т.Ганболдыг гурван зүйл ангиар шалгаж байна”, “С.Дэмбэрэл 350 сая төгрөгөөр УИХ-д суусан”, “Ойрд “хүүхэндээгүй” С.Дэмбэрэл гишүүн гунигтай явна”, “С.Дэмбэрэл төрийн түшээ юу? Секслогич үү…” гэх мэтийн асуулт бүхий гарчигтай нийтлэлүүд Монголын хэвлэлүүдээр үзэгдсээр удав. Харин мань С.Дэмбэрэл энэ бүгдэд тодорхой хариулт өгөх нь үгүй.
Эрхэм гишүүн болсноосоо хойш дориухан хууль санаачилсангүй. Ер нь л төрийн түшээ болсных… гээд өөрчлөгдөж, нэмэгдсэн юм алга. Парламентын сулавтар гишүүдийн тоог нэгээр нэмэх болсон нь гашуун боловч үнэн. Хааяа дуугарахаараа эдийн засаг ярих гэнэ. Нөгөөх л Танхимтай нь холбоотой асуудлаар голдуу сэтгүүлчид түүнд хандана. Бас дээрээс нь Цэц, прокурорын газрын хаалгыг байнга татаастай. Ер нь л маапаантай эр.
С.Дэмбэрэлийн маапааныг тоймлох гэвэл тоймгүй юм болно. Тиймээс хамгийн том, хамгийн өргөн, хамгийн асуудалтай таван “сэдэв”-ийг сонгон асуулга тавья.
1 …Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага буюу GOPAC гэж байдаг гэнэ. Канадын Оттова хотод төвтэй энэ байгууллагад сайн засаглалыг дэмждэг, авлигын эсрэг тууштай тэмцдэг дэлхийн 170 гаруй парламентч нэгджээ. Харин Монгол Улс дахь үндэсний салбар болох MONPAC буюу Авлигын эсрэг монгол парламентчдын бүлгийг саяхан УИХ дахь бүх нам эвслийн төлөөллийг оролцуулан байгуулжээ. Даргаар нь Р.Бурмаа гишүүн сонгогдон ажиллаж байгаа гэнэ.
Гэтэл энэ бүлэгт МАН-аас Ё.Отгонбаяр, ИЗНН-аас С.Дэмбэрэл нар орсон нь АТГ-ын хувьд их хүндрэлтэй байдаг аж. MONPAC нь АТГ-тай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу нөгөө авлигын хэргээр шалгуулж байгаа хүмүүс нь хүрч ирээд авлигын эсрэг хамтарч тэмцэнэ гээд “ажил” ярихад хэлэх үг олддоггүй гэнэ. С.Дэмбэрэл нь МҮХАҮТ-ын дарга байхдаа албан тушаалын давуу байдлаа ашиглан байгууллагынхаа газрыг бусдад шилжүүлсэн хэргээр шалгагдаж байсан. Бүр хамаатан нь хүртэл АТГ-д дуудагдсан. Дүү Т.Ганболд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан зарсан, Монголбанкныхантай хамтран ханшны зөрүү дээр тоглолт хийсэн, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэхдээ авлига өгсөн гэдэг гурвын гурван хэргээр баривчлагдан саатуулагдсан ч аравхан хоног суугаад гарсан “ар” сайтай залуу. Одоо Нүхтэд байрладаг тансаг хашдаа тогос шувуугаа тэжээгээд бизнесээ хийгээд явж байдаг гэсэн. Ах С.Дэмбэрэлийн хэргийг прокурор шууд татаж аваад хэрэгсэхгүй болгосон. Авлигын эсрэг парламентчдын бүлэгт авлигын хэргээр шалгагдаж байгаа гишүүд орсныг авлига Монголд дархлагджээ гэж үзэхэд болно…
/Эх сурвалж: nuuts.mn/
2…УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд холбогдох Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгон тус танхимын нэр дээр олгогдсон газраас 5000 ам метр талбайг “Дэлхийн худалдааны төв” төрийн бус байгууллагад шилжүүлэн өгч их хэмжээний хохирол учруулж байгууллагын өмч хөрөнгийг үрэгдүүлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгасан ч прокуророос хэрэгсэхгүй болгожээ…
/Эх сурвалж: “Нийгмийн шуудан”/
3 МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг давхар алба хашиж Үндсэн Хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Цэцэд өгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад авсан. Гэвч Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ц.Сарантуяа нь маргаан хянан шийдвэрлэхээс татгалзаж тогтоол гаргасан байна. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нь хуулиар зөвшөөрсөн ажил давхар эрхэлж байгаа тул Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ. Харин А.Мөнхбат энэ тогтоолыг эс зөвшөөрч, дахин гомдол гаргаж байгаа юм байна. Тэрээр “…Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх маргааныг цэц харьяалан шийдэхгүй гэж заасан тул УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нь бусад хуулийг зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлаар Цэцэд хандаагүй. Харин Үндсэн Хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсгийн заалт буюу УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй хэмээн тодорхой заасан заалт зөрчигдсөн эсэх талаар Цэц хянан үзэж, шийдвэр гаргаж өгөөч гэж хүссэн. Тиймээс Үндсэн Хуулийн Цэцэд дахин гомдол гаргаж байгааг хүлээн авна уу” гэжээ.
…Ер нь С.Дэмбэрэл гишүүн хэсэг бүлэг бизнесийнхний эрх ашгийг хамгаалаад байгаа нь гишүүний ёс зүй, ажилтай нь ноцтой зөрчилдөж байгаа, нөгөөтэйгүүр МҮХАҮТ нь бизнесийнхнийг бодитойгоор бодлогоор дэмжих, тэдний өмнөөс дуугардаг хамгаалдаг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц алхмуудыг хийдэг томоохон байгууллага байх ёстой атал өнөөг хүртэл 20 жил нэг хүний хувийн компани шиг явж байгаа нь ч бодит үнэн. Үүнийг эрс шүүмжлэгчид, энэ байгууллагад салхи оруулж, хөгжүүлж шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай бизнесийнхэн ч олон байдаг. Ямартай ч МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хоёр сарын өмнөөс С.Дэмбэрэл гишүүний тухай асуудал гаргаж ирэхэд нэг ч компани өмөөрч үг унагахгүй байгаа нь түүнийг танхимынхаа ажлаа хэр хийж байгааг харуулж байгаа хэрэг гэж үзэж болохоор байна.
Тэгээд ч С. Дэмбэрэл УИХ-ын гишүүнийхээ үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах цаг болсон баймаар. Эдийн засаг хүндрээд байна гэж хаа хаанаа сандарч буй өнөө үед өч төчнөөн сонгогчдыг төлөөлж бас намынхаа олон гишүүдийн итгэлийг хүлээж гарч ирчихээд Их Хурал дээр эдийн засгийн асуудлаар дорвитой санаа оруулж , үгээ хэлж дуугарч чадахгүй, ойрд хүүхэндсэнгүй гэдгээ зарлаж, охид бүсгүйчүүд руу хандарч саймширч жиргэхээс өөр ажилгүй байгаа нь тун харамсалтай. Бас эрхэм гишүүнд хандаж хэлэхэд хувийн бизнес, МҮХАҮТанхимын гишүүн хэдэн бизнесийн байгууллагын төлөө ажиллах биш, УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийсэн шиг хийгээсэй гэж хүсмээр байна.
/Эх сурвалж: www.assa.mn/
4 …УИХ-ын гишүүн асан, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “Төрийн эрх барьж байгаа АН болон сөрөг хүчин МАН-ынхнаас өнгөрөгч сонгуулиар нэр бүхий арав арван хүн тус бүртээ нэг тэрбум төгрөг өгч, нэр дэвших эрх буюу намын жагсаалтад багтсан. Мөн нэр бүхий арав гаруй хүн тус бүртээ 500 сая төгрөг өгсөн. АН-ынхан бүр нэр дэвшиж буй 200 гаруй хүнээ жагсааж байгаад 50 сая төгрөг тус бүрээс нь авсан. МАХН-ынхан ч адилхан. Нэр бүхий хүмүүс жагсаалтад дээгүүр эрэмблэгдэхийн тулд их хэмжээний мөнгө өгсөн” гэх зэргээр нэр усгүй, ямар нэгэн баримтгүй зүйл ярьсан. Харин нэр дурдаж, тодорхой мөнгөн дүн хэлсэн нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг тэрээр нэрлэв. Тэгэхдээ тэрээр “ИЗН ч адилхан сонгууль болж, жагсаалтад дээгүүр эрэмблэгдэх хүн байна уу гэхэд С.Дэмбэрэл 350 сая төгрөг өгч жагсаалтын хоёрт бичигдсэнээр УИХ-ын гишүүн болсон” хэмээн шуудхан л ямар ч эргэлзээгүй хариулсан. Мөн тэрээр “Манай УИХ гадна дотны хүмүүсийн захиалгаар хууль баталдаг болсон” хэмээсэн. Магадгүй, өөрөө УИХ-ын гишүүн байсан бөгөөд өдгөө улстөрийн хүчнийг толгойлж байгаагийн хувьд элдэв баримт сэлт цуглуулдаг байх. Тодотговол баримт олсон байхыг үгүйсгэхгүй. ..
/Эх сурвалж: unen.mn/
5 …С.Дэмбэрэл гэж эрхэм гишүүний удирддаг МҮХАҮТ том жижиг 1000 гаруй гишүүн компанитай гэдэг. Тэднээсээ татаас авч амьдраад, эрх ашгийнх нь төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. Хэдийгээр төрийн бус байгууллага гэх боловч МҮХАҮТ Монголд байгаа өөрийн гэсэн хуультай цорын ганц олон нийтийн байгууллага байх…
…С.Дэмбэрэл даргын хувьд энэ байгууллагын том нэрээр хувьдаа тун ч ихийг “унагасан” гэдэг. Газар нааш цааш болгосон асуудал нь дуулиан болж хууль хяналтын байгууллагад очдог ч хэрэг болж шүүхэд хүрдэггүй. Прокурорын хамгаалалтад ороод хаагдаж орхидог нь олон хүнийг гайхуулдаг. Компаниудын төлөө, баялаг бүтээгчдийн төлөө гэхээсээ хувийнхаа төлөө хуруу хумсаа хуйхлан зүтгэсэн С.Дэмбэрэл даргад бизнесийнхэн таагүй ханддаг ч хадагдсан сандлаас нь ховхолж дийлэхгүй л байгаа…
/Эх сурвалж: Өдрийн шуудан /
Ийн С.Дэмбэрэлд тавих хамгийн “асуудал”-тай таван асуулт бол энэ. Духан дээрээ томоос том асуултын тэмдэгтэй МҮХАҮТ-ын “хүндэт” дарга, Монгол Улсын Их хурлын тун чиг “идэвхтэй” гишүүн С.Дэмбэрэлд тавих асуулт үүгээр лав дуусахгүй. Энэ удаагийнхыг оршил маягийн асуулт гэвэл зохих ажээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: